Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 145

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хэргийн индекс: 171/2012/01/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

шүүгдэгч З.З.О-,

шүүгдэгч О.О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт З.О-, О.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123232 дугаартай хэргийг 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн З.О-, /РД: /, 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охин дүү нарын хамт ********* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997.08.06-ны өдрийн 305 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгэгдэж, 2002.12.24-ны өдрийн Шүүгчийн захирамжаар 7 сар 29 хоногын хорих ялыг тэнсэн сулласан.

 

Монгол Улсын иргэн О.Б-, /РД: /, 1984 оны 7 сарын 21-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт ************* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001.12.07-ны өдрийн 456 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан.

 

Шүүгдэгч З.З.О-, О.О.Б- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн нутагт үйлдвэрийн районд байрладаг иргэн Т.Т.Э-ийн эзэмшлийн тракторын засварын газрын хашаанаас гучийн боолт 1000 ширхэгийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

C:\Documents and Settings\User\Desktop\Ç.Î÷èðáàò, Î.Áàòæàðãàë íàð 145.2,-.doc

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 4 сарын 4-ний өдөр О- ах цалингаа авах гэж үйлдвэр явсан. Тэгээд цалин өгөх болоогүй гээд наашаа ирэх замдаа О- ахын хуучин ажиллаж байсан тракторын засварын газрын хашаанаас боолт авсан, 2 шуудайнд хийгээд үүрээд явсан, өөр хавтгай төмөр байсан гээд байгаа юм тэрийг бол мэдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч З.З.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би цалингаа авах гэж үйлдвэр яваад буцаад явах замдаа миний хуучин ажиллаж гахай малладаг байсан тракторын засварын хашаан дотор төмөр байхыг мэддэг учраас очиж авсан. О.Б- ороод авч өгсөн. Бид хоёр боолтоо шуудайнд хийгээд аваад явсан. Дараа нь дахин очиж төмөр аваад машинд ачиж авч явж байгаад цагдаад баригдсан. Хашааны хаалт хийчихсэн байсан хавтгай төмөр авсан. Тэр хавтгай төмөр нь баригдахад машинтай хамт буцсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

2011.4.6-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 10 ширхэг. /хэргийн 5-8 дугаар хуудас/

Хохирогч Т.Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоож байцаалт авсан тэмдэглэл. /хэргийн 10-11, 104 дүгээр хуудас/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт. /хэргийн 33 дугаар хуудас/

Сэжигтэн З.З.О-ын мэдүүлэг. /хэргийн 91 дүгээр хуудас/.

Шүүгдэгч З.З.О-, О.О.Б- нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн  29, 55 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч З.З.О-, О.О.Б- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн нутагт үйлдвэрийн районд байрладаг иргэн Т.Т.Э-ийн эзэмшлийн тракторын засварын газрын хашаанаас гучийн боолт 1000 ширхэгийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол болох нь:

Хохирогч Т.Т.Э-ийн “Дархан сум 15 дугаар багийн нутагт байрладаг тракторын үйлдвэрийн хашааны булангийн торон дотор 2 поошигтой 27-30-ийн боолт нийт 2700 ширхэг, мөн 100 ширхэг хавчуурга төмөр зэрэг байсан юм. 2011 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байсан ба гурав хоногийн дараа өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирээд үзэхэд том поошигон дотор байсан боолтууд тэр чигээрээ хулгайд алдагдсан байсан. Харин жижиг поошиг дотор байсан боолтууд хэвээр байсан. Нийт 1200 ширхэг боолт, мөн 100 ширхэг хавтгай ялтсан төмрийн хамт хулгайд алдагдсан. Тэр өдөр үйлдвэрийн хашаа руу 17 цагийн орчим явж байхад манай төмрийг ачаад явж байсан цагаан өнгийн Портер маркийн машиныг зогсооход жолоочоос гадна гурван залуу байсан бөгөөд нэг залуу нь бууж ирээд Шарын голоос авсан төмөр байгаа юм, уг төмрийг эндээс аваагүй гэхээр нь үгүй наад ачиж яваа төмөр чинь манай хашаанд байсан төмөр байна гэж хэлэхэд жолооч нь за гэж хэлээд эргээд явах замд жолоочийн хажууд явж байсан гурван залуу зугтаагаад явсан. Тэгээд тэр машиныг барьж аваад хулгайд алдсан төмрөө буцааж авсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

... “Хулгайд эд зүйлээ алдах үед боолт, төмрүүд ёролгүй поошигт байсан юм. Хулгайд эд зүйлээ алдсанаас нилээд хэд хоногийн дараа поошигтой үлдсэн боолтоо манаачийн гэрийн ойролцоо зөөж байрлуулсан юм. Энэ үед поошиг доторх боолтуудыг тоолж үзэхэд 1000 ширхэг хулгайд алдагдсан ба үлдсэн хэсэг нь шороонд булагдчихсан байхад нь ухаж гаргаж ирсэн ба алдсан боолтоо 1000 ширхэг гэж үзсэн юм. Тиймээс 1000 ширхэг буюу 1 сая төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Мөн баганы ивээс төмөр 100 ширхэг алдагдсан байсан гэж мэдүүлсэн ба энэ нь 1000 ширхэг боолттой хамт нэг поошигт байсан юм. Мөн сүүлд нь үзэхэд тэр шороон доороос дарагдсан байсныг ухаж авсан болохоор 100 ширхэг хавтгай нимгэн төмрийг нэхэмжлэхгүй. 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Портер машинд ачиж явсан төмөр нь хуучирч олон жил болсон ашиглах хугацаа өнгөрөөд сэнсэрч тахийсан байсан ба эдгээрийг буцаан авсан. Тухайн үед 400.000 төгрөг гэж үнэлж мэдүүлсэн ба одоо бодоход яагаад ч тийм үнэлгээнд хүрэхгүй. Би эдгээр ачиж явсан төмрийг нийт 113.000 төгрөг гэж үнэлж байна. Нэхэмжлэх зүйлгүй. Нэг сая төгрөгөө авсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 104 дүгээр хуудас/,

Сэжигтэн З.З.О-ын “Би өмнө нь үйлдвэрт байдаг хуучнаар трактор комбайны үйлдвэрийн хашаанд гахай малладаг байсан юм. Тэр үед тэр хашаанд тийм боолт, төмрүүд байдаг гэдгийг мэдэж байсан. Өмнө нь надтай цуг ажиллаж байсан О.Б- гэдэг залуу намайг гахай малладаг байхад тэр хашаанд очиж байсан юм. Ингээд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дарханд архи уучихсан халамцуу явж байгаад О.Б-тай таарсан. Ингээд О.Б-ыг дагуулаад үйлдвэрт байдаг коксжуулсан үйлдвэр дээр очиж цалингаа авах гэсэн чинь өгөхгүй болохоор нь Дархан руу явж байгаад тракторын хашаанд байсан эрэг боолтыг орой 21 цагийн орчим 2 шуудайнд хийж аваад замын машинаар Дархан руу оруулж ирээд Толгойтод байдаг төмрийн цэгт 100.000 төгрөгөөр өгсөн. Уг эрэг боолтыг хулгайлахдаа О.Б- хаалганых нь доогуур шургаж ороод хажуу талаар нь гаргаж, хашааны гадна тал руу шидэхээр нь би шуудайнд хийж авсан. Маргааш өглөө нь буюу 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө буудалд унтаж байсан чинь О.Б- орж ирээд дахин нөгөө газар очиж жаахан төмөр авчихъя гээд бирж рүү явсан юм. Бирж дээр ирээд манай найз байгаа юм гээд нэг залууг дагуулаад гурвуулаа 13 цагийн үед үйлдвэр рүү очсон. Тракторын засварын гадаа очоод биржээс авсан 2 шил архиа уучихсан чинь гурвуулаа нилээд согтоод байхаар нь унтсан юм. Нэг сэрсэн чинь О.Б- хашаанаас том том төмөрнүүд гаргачихсан байсан ба намайг ачааны машин олоод ир гэхээр нь би бирж орж нэг ахыг хөлслөөд нөгөө төмрөө ачаад явж байсан чинь эзэн нь гэх залуу ирээд цагдаа дуудна гэхээр нь бид гурав зугтаасан юм” гэсэн мэдүүлэг,  /хэргийн 91 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч З.З.О-, О.О.Б- нарыг бүлэглэн иргэн Т.Т.Э-ийн эзэмшлийн тракторын засварын газраас 1000 ширхэг боолт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Т.Э- нь мөрдөн байцаалтын шатанд “нэхэмжлэх зүйлгүй, нэг сая төгрөгөө авсан” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.З.О- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр 1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 305 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар шүүгчийн захирамжаар З.З.О-ын эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн ялыг тэнсэж хугацааны өмнө сулласан. /хэргийн 107-108 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч З.З.О-ын хувьд түүний урьд  үйлдсэн гэмт хэрэг нь хүнд зэргийн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтайд тооцох хугацаа дууссан тул ялгүйд тооцож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.О.Б-ын хувьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр 2001 оны 12 дугаарх сарын 7-ны өдрийн 456 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг мөн хугацаагаар хойшлуулж байсан байх бөгөөд ялгүйд тооцох хугацаа болсон байх тул мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З.О-, О.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар овогт З.О-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил хорих ял, О.Б-ыг  эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.З.О-, О.О.Б- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар З.З.О-, О.О.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар З.З.О-, О.О.Б- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, болохыг дурьдсугай.

 

6 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн 2012.06.13-ны өдрийн З.З.О-ын хөрөнгө битүүмжилсэн тогтоол, мөн 2012.06.13-ны өдрийн О.О.Б-ын хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар З.З.О-, О.О.Б- нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил хугацаагаар тус тус тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар З.З.О-, О.О.Б- нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар З.З.О-, О.О.Б- нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл З.З.О-, О.О.Б- нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                            

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ