Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­21

 

 

 

  

 

 

2023            02             03                                                    2023/ШЦТ/­­­­21                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-н А холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б аймгийн Г суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мера” ХХК-д цэнэглэгч машины оператор ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25-р хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж 724-р байр, 60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-н А /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч М.Амгалан нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мера” ХХК-ийн үйлдвэрийн байранд 54-43 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүрэг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7 дахь (өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх), "Мера" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журмын 4.1.5 дахь (аюулгүй ажиллагааны ноцтой зөрчилтэй машин, тоног төхөөрөмж, ажлын байрны үйл ажиллагааг түр зогсоох, бүрэн бус машин, техникийг ажилд гаргахгүй байх) заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Анхболдыг мөргөж улмаар баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А нь мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 24-ны өглөө зэрлэг зулгааж арчиж хаях ажлыг авсан. Сүхболд, Анхболд, Есөнтөмөр, Амгалан миний бие 4 үүлээ зэрлэгээ зулгаагаад 4 хэсэг овоолсон байсан. Эхний хэсгийг машиндаа хурааж ачаад хоёр дахь хэсгийг нь ачих явцад ахиад жаахан ухарчихъя гээд хойшоо ухартал Сүхболд хүн байна гээд орилсон. Тэгээд машины тормос гишгээд хөдөлгөөнөө унтраагаад зогсоогоод байж байсан чинь ахиад жаахан урагшил хүн мөргөчихлөө гэсэн. Тэгээд машинаа асаагаад жоохон урагшлаад хартал Б.Анхболдыг далангийн шороотой хавчуулаад мөргөчихсөн байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаад мэдэгдсэн.” Гэв

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Г нь гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 заасан гэмт хэрэг үйлдсэн М.Амгаланд холбогдох 2229002800009 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд гэж үнэлж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн хохирогч Б.Анхболд гэмт хэрэг гарах үед хамт байсан гэрч Б.Есөнтөмөр, Г.Сүхболд нарын мэдүүлэг болон гэрч Т.Буянбадрах, Л.Мөнхмагнай нарын мэдүүлэг, шүүгдэгч М.Амгалан яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мера ХХК-ийн үйлдвэрийн байранд Б.Анхболд, Б.Есөнтөмөр, Г.Сүхболд, М.Амгалан нар нь ажил үүрэг гүйцэтгэж байсан. Мөн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шүүгдэгч М.Амгалан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх. Мера ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журмын 4.1.5 дахь хэсэгт заасан аюулгүй ажиллагааг ноцтой зөрчиж бүрэн бус  машин техник ажилд гаргахгүй байх гэдэг үүргээ зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй тухайн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа ард нь ажил үүрэг гүйцэтгэж байсан Б.Анхболдыг харалгүй болгоомжгүй үйлдлээр автомашинаар мөргөсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэдэг нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх тогтоогдож байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь 6.748.000 төгрөг хохирогчид төлсөн. Шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөр байхгүй байна гэж дүгнэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх саналтай шүүхэд шилжсэн. Ингэж шүүхэд шилжүүлэхдээ эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчээр танилцуулдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад М.Амгалангийн хувьд хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд өнөөдрийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд дээрх саналаа дэмжиж оролцож байна. Шүүгдэгч М.Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч М.Амгалан нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-29 дэх тал/

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Анхболдын өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 07 цаг 30 минутад ажлын нариадаа авсан. Нариад гэдэг нь тухайн өдрийн хийх ёстой ажил байгаа юм. Тухайн өдөр зэрлэг зулгаах ажлын нарядтай байсан. Ажлын талбайн урд хэсгийн зэрлэгийг нэг ажилтантай хамт хийсэн. Би тухайн үед өөр ээлжид ажилладаг байж байгаад тухайн ээлжид ороод 3 хонож байсан тул ажлын хүмүүсээ сайн танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Тэгээд үйлдвэрийн хашаан дотор ороод 6-р агуулахын ард талын хэсгийн зэрлэгийг 4-үүлээ хамт зулгаасан. Тэгээд дуусах дөхүүлээд Амгалан гэх хүн машин байрлуулаад бид 2 хамт зэрлэг ачиж байгаад Амгалан гэх хүн машинаа урагш болгох гэж байх үед нь би үлдсэн хэсгээ ачаад, доор нь зулгаагүй жоохон хэсэг үлдчихсэн байхаар нь тэрийг нь зулгааж байхад тухайн зэрлэг ачиж байсан машин намайг ирээд мөргөчихсөн. Тухайн үед мөргүүлэх үед хөл маань өвдөж байгаад дараа нь өвдөлт нь намдаад халуу оргиод хөлөө өргөх гэсэн болохгүй байсан. Тэгээд л сумын эмнэлгээс эмч ирээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд тухайн өдрөө Улаанбаатар хотод ирж Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Миний баруун хөлийн дунд чөмөг хугарч зөрсөн байсан тул хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Уг нь бол машинаа урагшлуулах гэж байсан юм. Намайг ард нь байсан гэдгийг Амгалан мэдэж байсан. Харагдах боломжтой эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед гэнэт мөргүүлснээс болоод тухайн үеийн нөхцөл байдлыг сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Есөнтөмөрийн өгсөн: “... Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Мера" ХХК-д цэнэглэгч машины операторын ажил хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 07 цагаас нариад аваад ажилдаа гарсан. Тэгээд үйлдвэрийн хашаан доторх зэрлэг зулгаасан. Өглөө 09:30 цаг өнгөрөөгөөд 6-р агуулахын хойд талын зэрлэгийг зулгааж овоолоод машинд хийж байсан. Тэгээд би зэрлэг ачиж байсан машинаас 10 орчим метрийн зайд жолооч талын зүүн урд талд зэрлэг зулгааж байх үед хүн хашхирах чимээ гарсан. Тэгээд намайг харахад агуулахын шороон далан болон машины завсарт Анхболд хавчуулагдчихсан байж байсан. Тэгээд би Анхболд дээр гүйж очоод Амгалан ахыг "удирдлагуудад мэдэгдээд, түргэн дууд" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Сүхболдын өгсөн: “...Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Мера" ХХК-д цэнэглэгч машины операторын ажил хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 07:00 цагийн орчимд зэрлэг зулгаах ажлын нариад зааварчилгаа аваад ажилдаа гарсан. Эхлээд Анхболд 2 оффисын урд талын буюу зогсоолын хажуу талын зэрлэгийг зулгаасан. Тэгээд тэр зэрлэгээ машинд аччихаад үйлдвэрийн хашаа руу ороод 6-р агуулахын ард талын зэрлэгийг зулгаасан. Зулгаасан зэрлэгээ хэдэн хэсэг болгож бөөгнүүлээд эхний хэсгийг нь Анхболд болон Амгалан ах 2 ачсан. Тэр үед тэр 2-н баруун талд нэлээн зайтай Есөнтөмөртэй хамт зэрлэг зулгааж байсан. Тэгээд Анхболд болон Амгалан ах хоёр 2 дахь овоолсон зэрлэгээ ачаад дуусах үед нь би тэр 2 дээр очсон. Тэгээд жоохон хажуу тал руу нь шахаж ойртож зогсох гээд Амгалан ах машинаа хөдөлгөсөн. Би ойр зуурынх нь хогийг бөөгнүүлж байсан юм. Анхболд машины ард байсан ба Амгалан ах машинаа ухраасан. Би яг машины зөв талд буюу жолоочийн талд арын дугуйны ойролцоо байсан ба Анхболд машины ард дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь би Амгалан ах руу "ард чинь хүн байна" гээд бахирсан. Анхболд дээр очсон чинь хаяавч шороо болон машины тэвшний хооронд хөл нь хавчуулагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Буянбадрахын өгсөн: “... Миний бие "Мера" ХХК-д үйлдвэрийн мастер ажилтай. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөөний 07 цагт ажилтан Амгалан, Есөнтөмөр, Сүхболд, Анхболд нарт зэрлэг зулгааж, ачиж хаях нярадны зааварчилгааг өгч ажилд нь гаргасан. 09 цаг 40 минутын орчимд ажилтан Амгалан үйлдвэрийн оффист гүйж орж ирээд "түргэн тусламж дуудаарай хүн дайрчихлаа" гээд орж ирсэн. Тухайн үед би Цогтцэций сумын эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан. Тэгээд ХАБ-ын ажилтан Ууганбаяр луу залгаад осол гарсан талаар мэдэгдсэн... Өглөө зэрлэг зулгааж ачиж хаях ажилд дээрх ажилчдыг гаргахдаа би машинаа ухрах болон урагш хөдлөхдөө дуут дохио өгөх, дугуйн ивүүр ашиглаарай, хурдны хязгаарыг баримтал" гэх зэрэг анхаарал болгоомжтой ажиллах талаар зааварчилгаа өгөөд өдөр тутмын ажлын зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулаад ажилд гаргасан. Тухайн машины эвдрэл гэмтлийн талаар бол би мэдэхгүй. Ажил эхлэхээс өмнө ажилчид машин эвдрэл гэмтэлтэй байсан бол ажилчид орж ирээд энэ талаар мэдэгдээд механик руу явж эвдрэл гэмтлийг нь үзүүлж харуулах ёстой... Өдөр тутмын техникийн үзлэгээр тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтэлтэй гэж гарч ирвэл тухайн машиныг ажилд гаргадаггүй, авч үлдээд засварладаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнхмагнайн: “...Миний бие Өмнөговь аймаг Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг "Мера" ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилладаг. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөөний 09 цаг 45 минутын орчимд ХАБ-ын мэргэжилтэн Ууганбаяртай хамт Ухаа худгийн уурхайгаас гараад явж байтал Ууганбаяр луу үйлдвэрийн мастер Буянбадрах залгаад осол гарсан байна гэх мэдээллийг өгсөн. Ойрхон байсан учраас шууд осол болсон газар луу яваад очсон. Үйлдвэрийн хашаанд байх 6-р агуулахын ард талд тухайн осол болсон байх ба намайг очиход машины хойд талд мөргүүлсэн гэх хүн нь хаяавч шороог налж хэвтсэн байдалтай, хөл нь хугарсан юм шиг харагдаж байсан... Эмч ирэхэд нь би Анхболдын өмдийг хайчлаад эмчид хөлийг нь харуулахад "хугарсан байна. Эмнэлэгт аваачиж рентген зураг авхуулах шаардлагатай" гээд анхны тусламж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн өдөр Анхболд нь үйлдвэрийн хашаан доторх зэрлэг зулгааж машинд ачиж хаях ажилтай байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь тал/

                 Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 452 дугаартай "Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд 1. Б.Анхболдын биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58- 59 дэх тал/

                 Шинжээч Г.Оюунтуяагийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “... а. Хавтаст хэрэгт авагдсан материалуудыг судлан үзэхэд М.Амгалан нь ажил үүргийг гүйцэтгэхдээ бусдыг эрсдэлд оруулсан байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7 дахь (өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх), "Мера" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журмын 4.1.5 дахь (аюулгүй ажиллагааны ноцтой зөрчилтэй машин, тоног төхөөрөмж, ажлын байрны үйл ажиллагааг түр зогсоох, бүрэн бус машин, техникийг ажилд гаргахгүй байх) заалтуудыг зөрчсөн байна. б. Хавтаст хэрэгт авагдсан материалуудыг судлан үзэхэд Т.Буянбадрах нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчөөгүй байна. в. Тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангасан эсэхийг шинжээч тогтоох боломжгүй. Гэрчийн мэдүүлгүүд болон А.Уртнасангийн өгсөн тайлбараас авч үзэхэд 54-43 УБТ тээврийн хэрэгсэл нь бүрэн бус гэдэг нь тогтоогдож байна. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

                        Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Амгалангийн: “... 2022 оны 09 сарын 24-ний өдөр миний бие 07 цагт мастер Буянбадрахаас ажлын наряд аваад Анхболд, Сүхболд, Есөнтөмөр нарын хамтаар үйлдвэрийн хашааны доторх зэрлэг ачих ажил аваад гарсан. Тэгээд бид хэд зэрлэгээ зулгаагаад хэдэн газар овоолоод 54-43 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эхний хэсгээ машиндаа аччихаад 2 дахь хэсгийн зэрлэгээ ачих гэж байгаад арагш ухрахдаа машины ард байсан Анхболдыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед машины тоормос болохгүй байсан ба машины ард Анхболдыг байгааг мэдээгүй...” /хавтаст хэргийн 73-74 дэх тал/

                        Шүүгдэгч М.Амгалангийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хавтаст хэргийн 79-112, 114, 115 дахь тал/ болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

       Шүүгдэгч М.Амгаланг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.

     Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч М.Амгалан нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мера” ХХК-ийн үйлдвэрийн байранд 54-43 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүрэг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүй, "Мера" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журмын 4.1.5-д “аюулгүй ажиллагааны ноцтой зөрчилтэй машин, тоног төхөөрөмж, ажлын байрны үйл ажиллагааг түр зогсоох, бүрэн бус машин, техникийг ажилд гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Анхболдыг мөргөж улмаар баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амгалан нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

      Шүүгдэгч М.Амгалан нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мера” ХХК-ийн үйлдвэрийн байранд 54-43 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүрэг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, "Мера" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журмын 4.1.5-д “аюулгүй ажиллагааны ноцтой зөрчилтэй машин, тоног төхөөрөмж, ажлын байрны үйл ажиллагааг түр зогсоох, бүрэн бус машин, техникийг ажилд гаргахгүй байх” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Анхболдыг мөргөж улмаар баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Амгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Анхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 452 дугаартай "Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд 1. Б.Анхболдын биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 58- 59 дэх тал/

Шүүгдэгч М.Амгалан нь хохирогч Б.Анхболдын эмчилгээний зардалд 6,748,000 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, М.Амгалангийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Анхболдын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 92-93, 189-190, 200 дахь тал/ 

Хохирогч Б.Анхболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын газарт “... уг хэргийн улмаас учирсан хохирол, зардалд 6.000.000 төгрөг нэхэмжилснийг М.Амгалангаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр бүрэн төлж барагдууллаа. Миний бие М.Амгаланд холбогдуулан гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Мөн миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч М.Амгаланг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн хохирогч Б.Анхболд нь шүүгдэгч М.Амгалангаас нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлтгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч М.Амгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Амгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 77 дахь тал/

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч М.А нь хохирогч Б.А хохирол төлбөрт 6,748,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч М.Амгалан нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ