Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00458

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00458

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Бошго овогт Дгийн А //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00480/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.А нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Би 1964 онд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд 1972 онд орж суралцаад 1980 онд 8 дугаар ангиа төгссөн. Ховд аймгийн Мянгад сумын Хүн эмнэлгийн салбарт үйлчлэгчээр 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ороод 1992 онд ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж чадах чадвартай гэдэг байдлаар томилоод 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан. Тэтгэвэрт гарах нас хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын клубт 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын клубт 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А нь Ховд аймгийн Мянгад сумын клубт 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхлэгчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1333 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/185 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Аийн 1992-1994 онуудын цалингийн картын хуулбарууд, гэрч Б.Нямаагийн “....Д.А нь Ховд аймгийн Мянгад сумын иргэн Ширнэнгийн Дгийн ууган охин болж 1964 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Д.А нь манай дүү Лхагвасүрэнтэй чацуу хүүхэд юм. Д.А нь 1972 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1980 онд 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хот руу соёлын сургуульд суралцаж төгсөөд 1984 онд Ховд аймгийн Мянгад суманд ирсэн. 1990 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Соёлын төвд эрхлэгчээр 1995 он хүртэл ажилласан. Би 1995 онд Ховд аймгийн төвд шилжиж ирсэн учраас үүнээс хойш Д.Аптанцэцэгийн талаар мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч М.Оюундэлгэрийн “....Намайг 1991 оны 7 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газар нягтлан бодогчоор томилогдоход Д.А нь Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаад 1992 билүү, 1993 онд билүү Мянгад сумын клубын эрхлэгчээр шилжиж орж ирж байсан. Намайг 2000 оны 7 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газар нягтлан бодогчийн ажлаас гарах хүртэл Д.А нь Мянгад сумын клубын эрхлэгчээр ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 8-12, 26-28, 29-31 дүгээр тал/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1995 оныг ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1611000103 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 16 дугаар тал/ тогтоогдож байна.

Д.А нь 1995 онд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1995 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч Д.Аийн Ховд аймгийн Мянгад сумын клубт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Нямаа, М.Оюундэлгэр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бошго овогт Дгийн А //-ийн Ховд аймгийн Мянгад сумын клубт 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын клубт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ