Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0150

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0152/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** , 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч өмгөөлөгч Ө.Өлзиймаа
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000850 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн ***  өдөр *** төрсөн, *** ***бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан мэдрэл бүрэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 2 жил, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож ял эдэлж байгаад 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан. ***-ны өдөр мөн шүүхийн *** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, ял эдэлж байгаад 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, ***-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн *** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11 сар 4 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, гавьяа шагналгүй, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж
-2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй ***г айлган сүрдүүлж цохиж биед нь явсан Samsung galaxy S-2 маркийн гар утас, түрийвч, бэлэн мөнгө 4000 төгрөг зэрэг зүйлсийг дээрэмдэн авч нийт 224 000 төгрөгийн хохирол учруулсан, 
-2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 2а байрны орцонд насанд хүрээгүй *** зодож айлган сүрдүүлж, ***ийн Samsung galaxy note 1, *** ийн i phone 5, *** ийн Samsung galaxy маркийн гар утаснуудыг дээрэмдэж, *** 300 000, Б***д 750 000, Р***д 280 000 төгрөгийн хохирол, нийт 1 330 000 төгрөгийн хохирол учруулсан, 
-2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 26 дугаар байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй С***  нарыг зодож айлган сүрдүүлж ***ын Samsung, ***ийн Samsung galaxy S, ***ын Samsung galaxy S hoppin маркийн гар утсуудыг дээрэмдэн авч ***д 80 000, Б.Тэмүүлэнд 180 000, ***рт 180 000 төгрөгийн нийт 440 000 төгрөгийн хохирол учруулсан, 
2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 53 байрны орцонд насанд хүрээгүй, *** айлган сүрдүүлж ***ийн sky, ***йн Samsung galaxy u, ***ийн nokia n-73, маркийн гар утаснуудыг нь дээрэмдэн авч ***д 85 000, ***д 40 000 төгрөг, ***д 55 000 төгрөгийн хохирол, нийт 180 000 төгрөгийн хохирол учруулсан, 
2014 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй ***г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, айлган сүрдүүлж биед нь явсан Samsung galaxy S-3 маркийн гар утсыг дээрэмдэн авч иргэнд 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2013 оны нэг сарын дундуур Шинэ Дарханд явж байгаад манай нэг найз намайг шоронгоос гарч ирсэн гээд нэг шил архи пиво авч өгсөн. Нөгөөдөхөө уучхаад 3 залуу явж байхаар нь орц руу дагуулж орсон. Тэгээд надад утсаараа нэг залгаад өгчих гэсэн чинь бид нар сургууль руугаа явж байна гэсэн тэгээд утсыг нь авсан. Дараа нь би Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэгт явж байгаад найзтайгаа таараад төрсөн өдрөө тэмдэглэж байгаад өглөө нь 12 цагийн үед буудлаас гарч явж байгаад цэцэрлэгийн хажууд цагдаагийн хэсгийн баруун талд нэг залуу явж байхаар нь нөгөө залууг дуудаад миний утас цэнэггүй болсон байсан. Тэгээд утсаараа ганц яриулчих гэсэн чинь нөгөө залуу үгүй би ийшээ ажилтай явж байна гэсэн. Тэгэхээр нь би чи утсаараа залгаад өгчих яасан сүртэй юм бэ гэсэн чинь хажууд байсан хүн рүү эгчээ энэ ах миний утсыг авах гээд байна гэсэн. Би чиний утсыг авах гээгүй шдээ гэсэн. Тэгээд би мөрөн дээр нь дарж суулгаад ах нь чиний утсыг авахгүй зүгээр л залгаад өгчих надад хотод таньж мэдэх хүн байхгүй Цайз 16 руу ахынх руугаа явах гэсэн юм гэсэн чинь цаанаас нь нэг эгч чи яагаад хүний утас дээрэмдээд байгаа юм бэ гээд намайг цагдаад бариад өгсөн. Дараа нь би 2013 оны нэг сарын аравдаар найз ***той таараад тэгээд нийлж архи уугаад гуанзад орж хоол идэх гээд явж байсан. Тэгээд 3 охинтой таараад юм асууя гээд орц руу оруулаад утсаар нь ярьж байгаад та 3 наанаа байж байгаараа битгий гараараа гээд утсыг нь авч явсан. Улаанбаатар хотын 461 дүгээр хориход хоригдож байхад Дарханаас *** гэдэг байцаагч ирсэн. Тэгээд Дарханд хэрэг хийсэн үү гэсэн гэхээр нь би хэрэг хийсэн нь гэсэн. Ганц худагт мөрдөнгийн төлөөлөгч нар нь намайг өрөө болгон дамжуулаад өчнөөн олон жил шоронд байсан хүмүүсээр намайг дарамтлуулсан тэгээд аргаа барсандаа би хурандаа Ганболд гэдэг хүнийг дуудуулаад би нутаг руугаа явмаар байна гэсэн. Тэгсэн *** байцаагч ирээд чи үнэхээр Дархан руу явах гэж байгаа юм бол Дарханд гэмт хэрэг хийсэн үйлдэл байгаа юу хэлээд өгчих тэгэх юм бол би чамайг Дархан руу авч явна гэсэн. Надад Дарханд хийсэн I’phono 5, S1 утсны хэрэг байгаа өөр хэрэг байхгүй гэсэн. Тэгээд Дарханд ирсэн *** гэдэг байцаагч намайг хэрэг хийсэн нь үнэн үү гэсэн тэгэхээр нь үнэн гэсэн. ***г гэж хүнийг тэрнээс гадна 3 хүнийг орцонд оруулж байгаад доош нь суулгаж байгаад хутгаар хатгаж байгаад утсыг нь авсан уу гэхэд нь би аваагүй гэсэн. *** байцаагч намайг ***гэдэг залууг дээрэмдсэн байна. Орцонд оруулаад гараа ардаа барь гээд байсан шоронд орсон хүмүүс гараа ардаа барь гэдэг биздээ гээд чи энэ хэргийг хийсэн биздээ гэсэн. Би энэ хэрэг хийгээгүй гэсэн. *** прокурор мөрдөнд ирээд ***оо чиний хэргийг 3 удаа буцаасан чи үнэхээр энэ хэргийг хийгээгүй юм уу гэхээр нь үнэхээр хийгээгүй надад *** ийн хэлээд байгаа шар өнгийн куртик байхгүй гэсэн. Би ***ийн утсыг аваагүй бас ***гэдэг залуугийн утсыг аваагүй. Дархан би I’phono 5, S1 утас авсан. Баянгол дүүргийн 3 охины утсыг авсан. Надад хийгээгүй хэрэг хүлээлгэх гээд байдаг би байцаалт өгөхгүй гээд гардаг” гэв

Шүүгдэгч ***ын /***нэрээр өгсөн мэдүүлэг/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “...2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд ТБД андууд дээр явж байгаад хаана байдгийг нь мэдэхгүй 2006 онд бааранд танилцаж байсан *** гэх залуутай дайралдаад хоёулаа 0.5 литрийн Ерөөл архи, 0.5 литрийн Нийслэл пиво уугаад 16 цагийн үед Гранд Плазагийн орчим хоёулаа салаад би цаашаагаа байрнууд дундуур ганцаараа явсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан хоол олж идэх гээд гуанз хараад явж байсан. Ингэж явж байгаад өндөр намаараа надтай адилхан 15-16 гаран насны 3 охин явж байхаар нь юм асуугаадхъя гээд саарал өнгийн 5 давхар байрны орц руу оруулж нэг давхарт гаргаад тэр 3 охиныг утсаа өгчих гэхэд 3-лаа гаргаад өгсөн бөгөөд нэг нь LG, нэг нь нокиа, нэг нь Скайтелын утас байсныг нь аваад 1 дүгээр хороолол руу явж байгаад Скайтелын цагаан өнгийн утсыг 30 орчим насны эмэгтэй хүнд зараад Хархорин захын наана байдаг гар утас засна, авна гэсэн гэсэн ТҮЦ байхаар нь очиж улаан өнгийн LG –гийн утсыг 20.000 төгрөгөөр зарж, нокиа утсыг нь зарах гээд авахгүй болохоор нь 3 дугаар эмнэлгийн урд байдаг 3 экс бааранд орж 2 шил пиво аваад түүнийхээ мөнгөний оронд тавьсан. Энэ бааранд сууж байхад гаднаас цагдаа ирээд намайг бариад авсан” гэх мэдүүлэг /хэргийн 176 дугаар хуудас/,

Шүүгдэгч ***ын /***нэрээр өгсөн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 30 минутын орчим. Хархорин захын ард засмал замын хажууд явж байгаад хоёр чинхэндээ чихэвж зүүсэн хийсэн хөгжим сонссон хүү явж байхаар нь ах нь утсаар чинь нэг мессеж бичээдхий гэж хэлэхэд ахаа би явлаа гэхээр нь чи яасан сүртэй юм ах нь чамайг яах ч үгүй гэж хэлсэн. Тэр хүхэд эгчээ энэ ахыг хараа гэж орилоод нэг эгч хүрч ирээд яагаад байгаа юм бэ гэхээр нь эгчээ би нэг мессеж бичье гэсэн юм гэхэд чи хүүхэд яагаад байгаа гэж хэлээд хоёулаа цагдаа руу орьё гэсэн. ...үгүй явлаа эгчээ энэ хүнийг хараа гэж орилохоор нь амруу нь 2 удаа алгадсан юм.... гэх“ гэх мэдүүлэг /хэргийн 265 дугаар хуудас/,

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж
-2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын ***үгээр багийн ***дүгээр хорооллын 1 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй ***ийг айлган сүрдүүлж цохиж биед нь явсан Samsung galaxy S-2 маркийн гар утас, түрийвч, бэлэн мөнгө 4000 төгрөг зэрэг зүйлсийг дээрэмдэн авч нийт 224 000 төгрөгийн хохирол учруулсан, 
-2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 2а байрны орцонд насанд *** нарыг зодож айлган сүрдүүлж, ***ийн Samsung galaxy note 1, ***ийн i phone 5, ***ийн Samsung galaxy маркийн гар утаснуудыг дээрэмдэж, *** д 300 000, ***д 750 000, ***д 280 000 төгрөгийн хохирол, нийт 1 330 000 төгрөгийн хохирол учруулсан, 
-2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 26 дугаар байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй *** нарыг зодож айлган сүрдүүлж ***ын Samsung, ***ийн Samsung galaxy S, ***ын Samsung galaxy S hoppin маркийн гар утсуудыг дээрэмдэн авч ***д 80 000, ***д 180 000, ***т 180 000 төгрөгийн нийт 440 000 төгрөгийн хохирол учруулсан, 
2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 53 байрны орцонд насанд хүрээгүй, ***нарыг айлган сүрдүүлж ***ийн sky, ***йн Samsung galaxy u, ***ийн nokia n-73, маркийн гар утаснуудыг нь дээрэмдэн авч ***д 85 000, ***д 40 000 төгрөг, ***д 55 000 төгрөгийн хохирол, нийт 180 000 төгрөгийн хохирол учруулсан, 
2014 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй ***г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, айлган сүрдүүлж биед нь явсан Samsung galaxy S-3 маркийн гар утсыг дээрэмдэн авч иргэнд 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан үйлдэж нийт 2 874 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд сургуулийнхаа урдаас зам хөндлөн гарах гэж байсан чинь эсрэг талаас зам хөндлөн нэг ах гарч ирээд надаас “ахын дүү цаг хэд болж байна” гэж асуухаар нь би 14 цаг 35 минут болж байна гэж хэлсэн. Тэгтэл надаас ахиад танай сургуулийн хэдийн хэд гэсэн анги сая тарсан бэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь надаас дахиад ***р гэж хүүхэд таних уу гэсэн, би танихгүй ээ, ямар бүлэгт сурдаг юм бэ гэсэн чинь би сайн мэдэхгүй байна, чи хэдийн ямар бүлэгт сурдаг юм бэ гэж асуухаар нь 10-8 гэж хариулаад би эргээд цаашаагаа зам хөндлөн гараад сургуулийн урд байх гандангийн эд зүйл зардаг дэлгүүрийн урд зогсож байсан чинь нөгөө ах миний араас ирээд юм асуух гэж байхад яваад өгөх юм гээд ах нь чамаас нэг юм гуйя гэсэн. Энэ байрны 1 дүгээр орцны 2 давхарт байдаг 25 тоот айлын хаалгыг нүдээд хүн байна уу мэдээд өгөөч гэхээр нь за гээд дээшээ гарч байсан чинь араас нөгөө ах гарч ирээд бид хоёр 2 давхарт гараад зүүн тийшээ эргээд чигээрээ нэг хаалга руу намайг оруулсан. Тэгтэл тэр хаалга руу ортол гэрэлгүй, харанхуй байсан. Тэгээд оронгуутаа асаагуурын гэрэл нүүр рүү тусгаад намайг доошоо суу гээд баруун гартаа барьж байсан нэг юмаар над руу хатгаад байсан. Тэгээд би доошоо суусан чинь намайг чамайг хутгалчих уу гэхээр нь би яах юм бэ ахаа гэсэн чинь утсаа гаргаад ир гэхээр нь утсаа гаргасан чинь наадах чинь юу гэдэг утас юм бэ гэхээр нь S-2 гэдэг утас гэсэн чинь сим картаа ав гэхээр нь сим ээ авч байсан чинь яасан уддаг юм бэ гээд миний хацар руу зүүн гараараа нэг удаа алгадсан. Тэгээд дараа нь дахиад доошоо суу гэхээр нь толгойгоо дараад сууж байсан чинь мөнгөө гаргаад ир гэхээр нь халаасандаа байсан 4.000 төгрөгийг гаргаад өгсөн чинь цаашаа хараад зогс гэхээр нь хойшоо хараад зогссон чинь намайг нэгжээд түрийвч байсан болохоор түрийвч гаргаад ир гэхээр нь би гаргаж өгсөн. Тэгээд дахиад доошоо суу гэхээр нь доошоо суусан чинь зүүн талын бөгсөн тус газар руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд хэлэхдээ би гадаа машинтай явж байгаа шүү, 25 минутын дараа гарч ирээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхгүй бол ална шүү гээд байсан….” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…. Тэгээд Түшиг уурлаад гараад явчихсан. Тэгээд би гарч явахыг нь сургуулийнхаа цонхоор харж байтал Түшигтэй нэг хүн манай сургуулийн урд байдаг Гандангийн хажууханд уулзаад юм яриад зогсож байсан. Тэгэхдээ нэг их удаан ярилцаагүй. Тэр хүн ойролцоогоор 20 орчим насны эрэгтэй, гадуураа улбар шар өнгийн богинохон куртиктэй, куртикнийхээ малгайг өмссөн байсан. Би тухайн үед таньдаг хүн нь юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 16-18, 356-357 дугаар хуудас/,

-Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 5 дугаар хуудас/,

-2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн ***аас 3 ширхэг гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хэргийн 51-56 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… бид гурвыг нааш ир гээд дуудсан…Бид гурав орц руу ороод 2 давхарт гараад цонхыг нь заасан баруун талын айлын хаалгыг тогших гэтэл байж бай, нааш ир гээд 3 давхар руу гардаг шатны тэнд зогсчхоод дуудсан, тэгэхээр нь бид гурав нөгөө ах дээр очсон, биднийг очиход шууд ***н нүүр рүү гараараа цохиод бид гурвыг цаашаа хана налаад зогс гэж хэлсэн. Тэгснээ нөгөө ах *** рүү чи дүрүүлмээр байна уу хутга гаргаж ирнэ шүү гэж хэлээд хөл рүүгээ гараа явуулаад байсан. Тэгээд бид 3 хана налаад зогсоход би захад, голд *** , нөгөө захад *** зогсож байсан, нөгөө ах наашаа дөхөөд *** ийг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгээд доошоо суу гэж хэлэхэд доошоо сууж байхад ***ийг нэг удаа нуруу руу нь гараараа цохиод, нэг удаа хөл рүү өшиглөчхөөд дараа нь та гурав утаснуудаа гаргаж ирээд ээж рүүгээ залга гэж хэлсэн. Тэгэхээр нь *** бид хоёр халааснаасаа, *** цүнхнээсээ утсаа гаргаж иртэл нөгөө ах бид гурвын утсыг шүүрээд авчхаад доошоо суу гээд бид нар доошоо явган суусан чинь та нар одоо 25 минутын дараа гарч ирээрэй, үүдэнд хоёр хүн хараад зогсож байгаа шүү гэж хэлээд миний хөл рүү нэг өшиглөчхөөд доошоо шатаар уруудаад явчихсан. Тэр ах 20 гаран насны, богино хар өнгийн куртиктэй, куртикнийхээ малгайг өмссөн, цайвар өнгийн жинсэн өмдтэй байсан” гэх мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... тэгсэн нөгөө ах эхэлж миний утсыг аваад дараа нь Бархасбадийн гар утсыг булааж аваад, дараа нь Хүдэр-Эрдэнийн гар утсыг авсан. Тэр ах бид нарыг хутгалчих юм уу гээд хөлнийхөө тэр хавийг ухсан, тэгэхээр нь бид нар хутга гаргаж ирэх нь гэж бодоод яах юм бэ ахаа гэж бид нар баахан орилсон. Тэгсэн тэр ах та нар 25 минутын дараа гарч ирээрэй, гадаа 2 хүн хараад зогсож байгаа шүү гэж хэлээд бид нарын утсыг аваад доошоо шатаар уруудаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Хаш-Эрдэнэ утсаа гаргаж ирсэн чинь алив аваад ир гээд тэр ах ***нарын гар утсыг нь булааж авсан. Би гар утсаа гаргаж ирээгүй байсан чинь утсаа гаргаад ир гээд гараа зангидаж байгаад шанааруу цохихоор нь би утсаа гаргаж ирсэн чинь миний утсыг бас авчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 01 сараас хойш Ихэр Могойн гар утасны худалдааны төв дээр ажлын бус цагаар ажиллаж байгаа. Он сар өдрийг нь сайн санахгүй байна, 2014 оны 01 дүгээр сарын эхээр утас авах гээд зогсож байтал өдөр 16 цагийн үед гаднаас брак байр орчмоор зүс харж байсан нэг залуу орж ирээд гар утас авах уу гэснээ халааснаасаа iphone5, Samsung galaxy note-1, Samsung galaxy bonder гэдэг утас гаргаж ирээд зармаар байна гэсэн, тэгэхээр нь 200.000 төгрөгөөр авъя гэхэд за за гээд гарч явснаа эргэж орж ирээд ав ав гээд би тэр 3 утсыг бэлэн 200.000 төгрөгөөр худалдаж аваад тэр залуу 200.000 төгрөгөө аваад яваад өгсөн. Би тэр хүнийг сайн танихгүй, ер нь бол зүс мэднэ, манай эмээгийнх брак байшинд байдаг тэр залуу тэр хавиар явдаг байсан болохоор зүс танина. Тухайн үед надад утас авч ирж өгсөн залууг Бөмбөөлэй гэж дууддаг, нэрийг нь Мөнхболд гэдэг юм” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар хуудас/,

Сэжигтэн ***ын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... хээтэй хороолол дунд 3 залуу явж байхаар нь дуудаад ахдаа гар утсаа өгч бай, мессеж бичээдхье гэж утсыг нь аваад байрны орц руу дагуулаад орсон юм. Ингээд 3 лангийнх нь утсыг нь авчихаад та 3 наанаа байж байгаарай гэж хэлчхээд шууд хуучин Дархан руу явсан юм. Найз Можуд утаснуудаа зарсан. Нэлээд олон жилийн өмнө ***ийг таньдаг байсан юм, тухайн үед гудамжинд явж байгаад гэр нь хаана байдаг, гар утсыг нь одоо мэдэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 74-75 дугаар хуудас/, 
Эд зүйлд хохиролын үнэлгээ тогтоосон баримтууд /хэргийн 78-80 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 20-30 орчим насны эрэгтэй, ах утсаар ярьж зогсож байгаад бид 4-ийг дуудаад манай найз охиныг дуудаад өгөөч, нэрийг нь *** гэдэг юм гэсэн. Тэр ах бид 4-ийг дээшээ гарч комби зохионо гэж дагуулаад дээшээ шатаар өгсөж манай ангийн ***дээшээ гарахгүй доор үлдэхэд нөгөө ах чи яасан хүнд итгэхээ больчихсон хүүхэд вэ гээд нүдээ сонин болгоод *** руу хараад байсан. Тэгээд бид нарыг 3-4 давхарын тавцан дээр доошоо суу гэж ***ыг гараараа толгой руу нь нь цохиод хөл рүү нь өшиглөчхөөд ***бид 3-ыг нэг нэг удаа өшиглөөд бид нарыг мөнгө болон гар утсаа гаргаж өг, өгөхгүй бол ална шүү гээд хутга үзэх үү гээд бид нарыг айлгасан юм. Тэр үед бид гар утас болон өөрт байгаа мөнгөө гаргаж өгсөн. Тэгээд бидний гар утсыг авчхаад 25 минутын дараа гараарай, би найзуудынхаа хамт гадаа орцны үүдэнд машин дотор хараад сууж байгаа шүү хэрэв гарч ирэх юм бол ална шүү гэж хэлсэн. Миний утас Samsung galaxy SK маркийн утас, 2 ширхэг 1.000 төгрөгийг бас авсан” гэх мэдүүлэг /хэргийн 105-106 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... бид нарыг мөнгө болон гар утсаа гаргаж өг, өгөхгүй бол ална шүү, та нар хутга үзэх үү гэж хэлэхэд бид нар айгаад гар утас болон мөнгөө гаргаж өгсөн. Samsung маркийн улбар шар өнгийн корпустай гар утас байсан. Бас миний 3 ширхэг 1.000 төгрөгийг авсан. Тэр хүн бүлтгэр нүдтэй, бор шөвгөр цариатай, 155-160 см орчим өндөр нуруутай, барзгар нүүртэй / батгатай юм шиг/ хүн байсан. Одоо харвал танина” гэх мэдүүлэг /хэргийн 107-108 дугаар хуудас/, 

Насанд хүрээгүй хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр үед нөгөө ах хутга үзэх үү гэхэд бид 4 айгаад үгүй үзэхгүй гэсэн. Тэгээд тэр ах бид нарын гар утас, мөнгийг авчихаад та нар одоо орцон дотроос 25 минутын дараа гараарай, би найзуудын хамт орцны үүдэнд машин дотор суугаад харж байна шүү гэсэн. Тэр хүн бор шөмбөгөр царайтай, бүлтгэр том нүдтэй, архи уучихсан, дээд уруул дээрээ шалбархайтай залуу байсан. Одоо харвал танина” гэх мэдүүлэг /хэргийн 110 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний утас Samsung galaxy hoppin маркийн утас байсан. Тэр ах бор шөмбөгөр царайтай, бүлтгэр том нүдтэй, дунд зэргийн хамартай, барзгар нүүртэй, 155-160 см орчим өндөр нуруутай, уруул хэсгийн дээд талд шалбархайтай, архи үнэртүүлчихсэн хүн байсан. Одоо харвал танина” гэх мэдүүлэг /хэргийн 112 дугаар хуудас/,

Хохирогчид зургаар болон биеэр таниулах ажиллагааг явуулсан тэмдэглэл /хэргийн 97-104, 358-365 дугаар хуудас/, 
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 117 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... манай дүүг олж өг гээд 53 дугаар байр руу яв гээд хойноос нуруу түлхэж 53 дугаар байрны хамгийн хойд талын орц руу оруулаад 2 давхарт гаргаад чи надруу хялайж хараад байгаа юм бэ гээд зүүн хацар руу нэг удаа алгадаад гар утсаа гаргаад ир гээд танай ээж рүү чинь ярина, та нарыг ална шүү, байрнаасаа хөдлөхгүй зогс гээд намхан өндөр намаар нь зогсоогоод ***  нарыг утсаа гаргаад ир гэхэд гаргаж өгсөн. Би өөрийнхөө Скай маркийн яагаан өнгөтэй *** дугаартай, мэдрэгчтэй гар утсаа гаргаж өгсөн. Тэр хүнийг хараад танина, 35-аас дээш настай болов уу гэмээр 160 см орчим нуруутай, шар царайтай, том бор нүдтэй, хар өнгийн малгайтай, захаараа үстэй куртиктэй, шар өнгийн машины хэлбэртэй, гар утастай, хар бараан өнгийн хувцастай ах байсан” гэх мэдүүлэг /хэргийн 151 дүгээр хуудас/,

***ийн мөрдөн байцаалтын шатанд : “... тэгээд айлын хүүхдүүдийг авч дагуулж явдаг та нар хэн бэ гээд ээжүүд рүү чинь залгана, утаснуудаа аваад ир гээд утас аваад энэ байрны жижүүрийг дуудаад ирье гээд хөдөлбөл ална шүү гээд гараад явсан. ***2 айгаад уйлсан байсан. Миний утас нокиа И73 маркийн хар өнгийн утас байсан. Тэр ах намхан нуруутай, 160 см орчим өндөртэй, 30-40 настай байх, бас шар өнгийн машины хэлбэртэй утас барьсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 154 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... утсаа өгөөдөх гээд *** 2-ын утсыг авчихаад миний утсыг авах гэхээр нь би өөрөө ээжрүүгээ залгаад өгье гэсэн чинь битгий хуцаад бай гээд миний утсыг булааж аваад хэрэв эндээс гарах юм бол та 3-ыг ална шүү гээд гэсэн. Тэгээд бид 3 тэр айлын 2 давхарын бүх айлын үүдийг тогшиход нэг эгч хэн бэ гэхээр нь бид 3-ыг энд нэг ах алах гээд байна, туслаарай гэхэд зайлцгаа гэсэн, тэгээд орцон дотор нэг эрэгтэй хүний хоолой сонсогдохоор нь бид 3 айгаад чимээгүй болсон. Тэгээд 3 давхараас нэг ах бууж ирээд бид 3-ыг ***ийн гэрт хүргэж өгсөн. Тэр хүний нүүр нь үрчгэр царайтай, 30-40 орчим насны, 160 см өндөртэй, хар гутал, хар куртик, boy гэсэн хар малгайтай байсан. Миний утас Samsung galaxy U маркийн гэргүй, цагаан өнгийн утас байсан” гэх мэдүүлэг /хэргийн 158 дугаар хуудас/,

Эд зүйл таньж олуулах ажиллагааг явуулж, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 137-139 дүгээр хуудас/,

Хохирогч ***д зургаар таниулах ажиллагааг явуулсан тэмдэглэл /хэргийн 145-147 дугаар хуудас/,

Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 155 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 57 минутад гэрээсээ гараад СХД-ийн 15 дугаар хороонд байрлах 20 дугаар байрны 10 дугаар орцны орчим нэг намхан нүдний шилтэй ах зөрөөд, би цаашаа явж байгаад эргээд харахад тэр ах хойноос дагаад байсан. Тэгээд би орц руу орох гээд явахад хойноос тэр ах гүйж ирээд цүнхнээс зуурч аваад сандал дээр чирч суулгаад чихэвч зүүсэн байсныг тасдаад шидсэн. Тэгээд чи яагаад машины цонх хагалж байгаа юм бэ гэхэд би хагалаагүй, сая гэрээсээ гарч ирсэн гэхэд утсаа гаргаад ир гэсэн. Тэгэхэд миний утсанд нэгж байхгүй, өөрийнхөө утсаар ярьчих гэхэд утсаа гаргаад ир гээд байсан. Би зуурсан мөрөвчөө тайлаад зугтаах гэтэл намайг зүүн шанаа руу цохисон, тэгснээ орилох юм бол ална шүү гэсэн. Тэгээд дахиад орилох гэхэд нэмээд зүүн шанаа руу цохиод байсан, тэгээд утсаа гаргаад ир гээд байсан. Түүнээс хойш намайг зөндөө цохисон. 19 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд нэг эмэгтэй хараад зогсож байсан. Тэгээд холоос яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд би ах нь, дүүгээ зодож байна гэж хэлсэн. Тэгээд тэр эгч ирэх үед нөгөө ах миний Samsung galaxy S-3 маркийн гар утсыг энгэрийн халааснаас аваад зугтаасан. Урдаас нь холхон явсан ах нар тэр залууг барьж авсан. Нөгөө эгч ирээд барьж аваад хорооны цагдаа руу орсон. Тэгээд миний утсыг өгсөн юм. Тэр ах намхан, элгэн гуталтай, цэнхэр жинсэн өмдтэй, хар куртиктэй, нүдний шилтэй байсан. Царайг нь мэдэхгүй, ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 258-259 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 19 дүгээр байрны гадаа машинтайгаа ирээд зогсоод байж байхад нэг хүүхэд орилоод байхаар нь харахад 19 дүгээр байрны 3 дугаар орцны харалдаа саадны сандал дээр нэг хүүхдийг эрэгтэй нүдний шилтэй хүү баруун гараараа хүзүүдсэн, зүүн гараараа шанаа руу цохиод байсан, нөгөө хүүхэд уйлаад байсан. Би чи яагаад хүүхэд зодоод байна аа гэхэд зүгээрээ би ах нь байна гэхээр нь би хэсэг харж зогсоход ахиад алгадаад цохиод байсан. Цохих чимээ нь сонсогдоод байхаар нь очоод ах нь байж ингэж зодохоор яадаг юм бэ гэхэд нөгөө хүүхэд эгчээ энэ миний ах биш, надад туслаач ээ гэж уйлаад байсан, тэгэхэд нөгөө залуу нь наадах чинь миний машины цонхыг хагалсан гэхээр нь чи яах гэж худлаа яриад байгаа юм бэ гэхэд зугтаасан. Би араас нь наад дээрэмчингээ бариад аваарай гэхэд нэг залуу бариад авсан. Тэгээд цагдаад барьж өгсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 260 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2031 тоот хохирогч ***ийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хэргийн 262 дугаар хуудас/,

Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 267 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***оос  нийт 804 000 төгрөг гаргуулж  хохирогч ***т 224 000 төгрөг ***д 80 000, ***д 180 000, ***т 180 000 төгрөг, ***д 55 000 төгрөг, ***д 85 000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч ***од ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэмт хэргийг давтан үйлдсэн, 56.1.10-т зааснаар согтуугаар үйлдсэн, 56.1.12-д зааснаар ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч *** Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.3.2,74.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоног хорих ял тэнсэн суллагдсан бөгөөд түүний  биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн машины хэлбэртэй гар утсыг шүүгдэгч ***од буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***г  ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар ***д эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр  5 /таван/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дүгээр зүйлийн 58.1-д зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу  Сүхбаатар дүүргийн шүүхийн ***ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаас биеээр эдэлж байгаад хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж үлдсэн 11 сар 4 хоногийн хорих ялаас  эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн ***ын биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаан/ жилийн хугацаагаар   тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 6 /зургаан/ жил хорих ялыг чанга дэглэмтэй   хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ***ын
энэ хэрэгт 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 147 /зуун дөчин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн автомашины дүрс бүхий гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***од буцаан олгосугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 804 000 төгрөгийг гаргуулж ***  тоотод оршин суух хохирогч *** т 224 000 төгрөг, *** тоотод оршин суух хохирогч ***д 80 000 төгрөг, ***  тоотод оршин суух *** д 180 000 төгрө, *** тоотод оршин суух ***т 180 000 төгрөг, *** тоотод оршин суух ***д 85 000, *** тоотод оршин суух ***д 55 000 төгрөгийг тус тус олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                  Г.ГЭРЭЛТ-ОД

З.ТУНГАЛАГМАА