Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0349

 

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0349

Улаанбаатар хот

 

 

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, Г.Б,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Д.Ц,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар,

Гуравдагч этгээд “З” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр албан бичгээр уламжилсан санал, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дүгээр албан бичгээр уламжилсан санал, Д.Цгийн газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг хянаж, шийдвэрлээгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2014/07-32 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0242 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, Г.Б

хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,

хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Т,

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц,

Хэргийн индекс: 128/2025/0132/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Цгээс анх шүүхэд хандан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр албан бичгээр уламжилсан санал, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дүгээр албан бичгээр уламжилсан санал, Д.Цгийн газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг хянаж, шийдвэрлээгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” хэмээн нэмэгдүүлсэн.

  1. Гуравдагч этгээд “З” ХХК-иас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2014/07-32 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргаж,  2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бие даасан шаардлагаа өөрчилж, “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2014/07-32 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0242 дугаар шийдвэрийн:

 

              1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 27 дугаар зүйлийн 12, 33 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Д.Цгийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийн маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаартай тушаалыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаанд түдгэлзүүлж,

              2 дахь заалтаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.4-т заасныг баримтлан Д.Цгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “...Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дүгээр албан бичгүүдээр уламжилсан санал, Д.Цгийн газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг хянаж шийдвэрлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах шаардлага, гуравдагч этгээд З ХХК-ийн бие даасан шаардлага Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2014/07-32 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын нэгж талбарын 178*** дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

              4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 (зургаан) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн.

  1. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

              4.1. Шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг хянаж, шийдвэрлээгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай холбогдуулан дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь 2016, 2017, 2018, 2021, 2024 онуудад хамгаалалтын захиргаа болон яаманд удаа дараа газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаж байсан болохыг тогтоосон бөгөөд газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг яаманд гаргасны дагуу зөвлөлийн хурлаа энэ хүсэлтийг хэлэлцэж, нэмэгдүүлэх асуудлыг дараагийн хурлаар шийдвэрлүүлэхээр хойшлуулсан байдаг. Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг хянаж шийдвэрлээгүй яамны эс үйлдэхүйг илтгэж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шинэ захиргааны акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэхдээ энэ талаар тодорхой дүгнэсэн атлаа хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт өгөөгүй байна.

              4.2. Нэхэмжлэгч өнгөрсөн 10 жилийн турш өөрөө болон өөрийн эзэмшдэг “За***” ХХК-иар дамжуулан хүсэлтүүдийг гаргаж байсан. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.1 дүгээр зүйлийн 3.2-т “Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүсэлт гаргачхаад, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулах бүрт хариуцсан ажилтан өөрчлөгддөг, сайд, төрийн нарийн бичгийн дарга солигддог, хүсэлт шийдвэрлэж байгаа, хүлээж бай, ахиад хүсэлтээ өгчих гэх зэргээр хариуцагч байгууллагаас шалтгаалан хугацаа алдсан байдаг. Тухайн газарт анхнаасаа нэхэмжлэгч хашаалж, доторх талбайд зүлэг мод ногоон байгууламж тарьж ургуулан, арчлалтыг хийж гүйцэтгэж ирсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч нь хүсэлт шийдвэрлэгдэж, газар ашиглах эрх олгохыг хүлээж байсан. Гэтэл энэ олон жилийн дараа огт хамааралгүй “З” ХХК-д газар ашиглах эрх олгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг зөрчсөн.

              4.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой зохицуулалт нэмэлтээр орсон. Мөн хуульд “газрын солбицол өөрчлөх”, “өөр газарт шилжүүлэх” талаар зохицуулалт байхгүй, харин “газар ашиглуулах тухай шийдвэр гаргах” талаар ганц бүрэн эрхийг заасан. Гэтэл анхан шатны шүүхээс “З” ХХК-ийн газрын солбицол, зориулалт өөрчилсөн нь шинээр газар аваагүй тул сонгон шалгаруулалт явуулахад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” гэх ойлголт нь тусгай зөвшөөрөлд хамаарах бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан байна. Энэ талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-д зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай ямар ч газар нутагт газар ашиглах тусгай зөвшөөрөл гэсэн тусдаа ойлголт байхгүй бөгөөд гагцхүү тухайн хамгаалалт бүхий газарт газар ашиглах эрх гэх ойлголт байна. “З” ХХК нь маргаан бүхий газарт газар ашиглах хүсэлт гаргаж байгаа нь шинээр газар ашиглах хуулийн зохицуулалтад хамаарах юм. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь нийтийн эрх зүйн суурь зарчмын нэг хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох буюу qoud non est permissum, prohibitum est (захиргааны байгууллага хуульд заасан зөвшөөрсөн үйлдлийг л хийх эрхтэй, заагаагүй бол үйлдэл хийхийг хориглоно) гэх зарчмыг ноцтой зөрчиж байна.

              4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.10 дахь хэсгийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүхээс нэгэнт эрх зүйн зөрчилтэй болохыг тогтоосон тул хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой. Маргаан бүхий А/594 тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 27.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч эдгээр заалт нь газрын солбицол өөрчлөх, өөр газарт шилжүүлэхтэй холбоотой эрх олгосон заалт биш. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн газар бүхэлдээ усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байх бөгөөд “З” ХХК-ийн өмнөх газар болон одоо маргаж буй газар аль аль нь энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байхад манайд олгох ёстой гэж маргаж буй гуравдагчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн одоогийн газар дээр зөвхөн ногоон байгууламж барьсан буюу аливаа барилга, байгууламж бариагүй бөгөөд хэрэв энэхүү газрыг Д.Цд олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд барилга барихгүй, зөвхөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэн тухайн газраар зорчиж яваа аялагч жуулчдад зориулж, түр амрах сандал, ширээ, сүүдрэвч барих болно. З ХХК-ийн хэрэгжүүлэх төсөл нь хуульд заасан түр отоглох зориулалтад хамаарахгүй, тусгай хамгаалалттай газар нутагт явуулж болох үйл ажиллагаанд хамаарахгүй, хориглосон үйл ажиллагаанд хамаарна.

              4.5 Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд тус хэсгийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдээс гомдол гаргаагүй. Учир нь дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлагдах үед “З” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхгүй байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Бага тэнгэрийн аманд газар ашиглах шийдвэр гарсан.

              Дээрхийг нэгтгэн дүгнэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь хэсгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

              5. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

              5.1. Анхан шатны шүүх хэрэгт холбогдох баримтыг бүрэн үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

              5.2 Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах, ашиглалтын талбайн хэмжээг өөрчлүүлэх саналыг яаманд уламжилсан боловч ирсэн бичгийн бүртгэлийн программд бүртгэлгүй болох нь шүүхийн үзлэгийн баримтаар тогтоосон.

              5.3 Шүүхийн шийдвэр маргаан бүхий асуудлын нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

              6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

              6.1 Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, шүүхээр сэргээн тогтоох хууль ёсны эрх байхгүй тухайд шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй зүйл захиргааны акт мөн эсэх, эрх зүйн үйлчлэлтэй буюу дуусаагүй акт мөн эсэх, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх буюу хүчингүй болгох шаардлага гаргасан этгээд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн буюу нийтийн эрх зүйн субьектив эрх хэрхэн зөрчигдсөн болох зэрэг урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг шалгах байсан.

               6.2. Нэхэмжлэгч анх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон, энэ талаар маргаагүй. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2014/07-32 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч ашиглах эрх авч, гэрээ байгуулсан газраас илүү гарсан буюу ашиглах эрхгүй газар дээр хууль бусаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон болох нь мөн тул архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй хугацаа 2 жил буюу 2016 оны 12 дугаар 22-ны өдөр дуусгавар болж, хүчингүй болсон нь тогтоогдсон. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0013 дугаар тогтоолын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон гол дүгнэлт няцаагдаж байгаа болно.

               6.3. Мөн нэхэмжлэгч нь газар ашиглах хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ байхгүй бөгөөд энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Газар ашиглах эрхийн хугацаа нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ байхгүй этгээд газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байхад анхан шатны шүүх энэ талаар анхаарч үзээгүй. Гуравдагч этгээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/594 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олж авах үед нэхэмжлэгчид газар ашиглах хуулийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ байгаагүй тул уг тушаалтай маргах эрхтэй этгээд гэж үзэхгүй, түүний улмаас хууль ёсны эрх нь зөрчигдөөгүй болно.

               6.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг нь үндсэндээ тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” тухайн акт хууль ёсны байж болохуйц байх бөгөөд тэрхүү өөр бусад үндэслэлийг шүүхээс тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байхыг ойлгож захиргааны процессын эрх зүйн хувьд ойлгож хэрэглэдэг. Гэтэл маргаан бүхий А/594 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, тус тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй.

               Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар,

3.1. Нэхэмжлэгч Д.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Чандмань аманд 1 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, газар ашиглах эрхийн 2012/13 дугаар гэрчилгээг авч гэрээг байгуулсан. Улмаар мөн сайдын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/196 дугаар тушаалаар тухайн газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгасан нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон.

3.2. Нэхэмжлэгчээс өөрийн ашиглах эрх бүхий 1 га газрын, 60%-д нь барилга барихаар 2013 онд аялал жуулчлалын цогцолбор барилгын эксиз зургийг батлуулахдаа тухайн газрын залгаа хойд хэсэг /ашиглах эрхгүй газар/-т байрлах маргаан бүхий газрыг хамруулан, үйлчилгээний барилга, авто зогсоол барихаар төлөвлөн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2014/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан нь 2016 онд хүчинтэй хугацаа дуусгавар болж дахин сунгагдаагүй. Сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй.

3.3. Нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргаж байсан болох нь

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 554 албан бичгээр хүргүүлсэн “...газар ашиглагч Д.Ц нь төслөө өргөжүүлэх зорилгоор ашиглаж буй газраа нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг газар дээр нь шалган үзээд ... өргөтгөн ашиглах талбай давхцалгүй болохыг тодорхойлов” гэх албан бичиг,

Нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд хандан гаргасан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн огноо бүхий “...Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Чандманы аманд 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг билээ. Иймд газрын хэмжээг сунгаж өгөх хүсэлт гаргаж байна” гэх,

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн огноо бүхий “...миний эзэмшдэг Чандмань ам, Х*** хотхон 10050 м.кв газрыг 14376 м.кв болгож талбайн хэмжээг нэмэх хүсэлттэй байх тул шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт,

 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дугаартай албан бичгээр “...тус иргэн батлагдсан зураг төслийн хүрээнд аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ашиглалтын газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул ... иргэний газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, ашиглалтын талбайн хэмжээ өөрчлүүлэх санал”-ыг хүргүүлсэн үйл баримтаар,

3.4  Гуравдагч этгээд “З” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд 1062 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, газар ашиглах эрхийн 0211978 дугаар гэрчилгээг авч, 2021/124 дугаар гэрээг байгуулсан.

Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт “...усан сан бүхий газартай давхацсан газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах...” саналыг хүргүүлсний дотор “З” ХХК-ийн газар багтаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/397 дугаар тушаалаар “З” ХХК-ийн усан сангийн хамгаалалтын бүстэй давхацсан 648 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон.

3.5 Үүнтэй холбогдуулан, “З” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/30 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хийморийн овооны аманд манай ашиглалтын 1710 м.кв талбайг шилжүүлэн өгнө үү” гэх хүсэлт гаргасныг

хамгаалалтын захиргааны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/793 дугаар албан бичгээр “...Тус газар ашиглагч нь ашиглаж буй газрын солбицол өөрчлүүлэх, ам сольж газар ашиглах хүсэлт ирүүлсэн бөгөөд ... солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй тул солбицол өөрчлүүлж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх санал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн.

Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн XIV хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн мөн сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дүгээр тушаалаар гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газрыг байршлыг өөрчилж, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүсэд шилжүүлж, талбайн хэмжээг 1708,8 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн.

3.6. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн маргаж буй маргаан бүхий газар нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай гэх үйл баримт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/2140 дүгээр албан бичиг болох холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдсон.

4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна” гэж, 4 дүгээр зүйлийн 1/-д “өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг;”, 5/-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг”, 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна: гээд 2/ судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих”, 33 дугаар зүйлийн 1-д (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, 3-т “аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын агуулга нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хүн, хуулийн этгээдээс газар ашиглах хүсэлт гаргах тохиолдолд Төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газрыг ашиглуулах эсэх шийдвэрийг гаргана. Харин тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглахаар хүсэлт гаргасан бол Төрийн захиргааны төв байгууллагаас хуульд тухайлан нэрлэн заасан нөхцөлийг хэрхэн хангаж байгааг харгалзан сонголт хийх замаар хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор, удирдах албан тушаалтан сунгасан бол нийт 60 хоногийн дотор шийдвэрлэх бүрэн эрхтэй.

5. Тухайн тохиолдолд, хариуцагч нь цаг хугацааны хувьд түрүүлж гарсан буюу өөрийн ашиглах эрх бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх замаар маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхлоо түрүүлж илэрхийлсэн /Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 554, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дүгээр албан бичгээр тус тус уламжилсан/ нэхэмжлэгчийг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу ямар нэг байдлаар шийдвэрлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан атлаа цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс хойш хүсэлт гаргасан гуравдагч этгээдийн газрын байршил өөрчилж, хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэн маргаан бүхий газрын ашиглах эрхийг “З” ХХК-д олгосон сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаар тушаалыг гаргасан нь хуульд нийцэхгүй. Энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд “З” ХХК-ийн ашиглах эрх бүхий Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд байрлах газрыг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/397 дугаар тушаалаар /648 м.кв газрыг/ хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа тус компаниас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/11 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд гаргасан “Ашиглаж буй газрын тодорхой хэсэг нь усны энгийн хамгаалалттай бүстэй давхцалтай байх тул усны хамгаалалтын бүстэй давхцалгүй өөр газарт шилжүүлэн өөрчлөн өгч бидний аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжиж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаар тушаалаар газрын байршлыг өөрчлөн, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүсэд шилжүүлж, талбайн хэмжээг 1708.8 кв.м болгон нэмэгдүүлж олгохдоо мөн “усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-д давхцалуулан олгосон нь “усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгохыг хориглосон” хууль тогтоомжийн заалтад нийцэхгүй.

6. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр албан бичгээр уламжилсан санал, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дүгээр албан бичгээр уламжилсан санал, Д.Цгийн газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг хянаж, шийдвэрлээгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд,

 хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хариуцагчид уламжилсан гэх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 554 болон 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дүгээр албан бичгүүд нь яамны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй.

Мөн нэхэмжлэгчээс өөрийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан хуульд заасан журмын дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган маргаж байгаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

7. Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.

8. Хэдийгээр, тухайн тохиолдолд гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид олгогдсон 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн огноо бүхий 2014/ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг гаргаж, улмаар мөн оны 8 дугаар сарын 04-ний өдөр бие даасан шаардлага “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар тухайн бие даасан шаардлагыг гаргах үед л маргаан бүхий актаар тодорхойлогдсон Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй хугацаа дуусгавар болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон байсан.

Мөн нэхэмжлэгч Д.Цгээс 2014 онд ашиглах эрхгүй байсан маргаан бүхий газрыг хамруулан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан гэх үйл баримт нь маргаан бүхий газрын ашиглах эрхийг хариуцагч сайдын 2024 оны А/594 дүгээр тушаалаар олж авсан “З” ХХК-ийг эрхийг хөндсөн гэж үзэх боломжгүй. Бие даасан шаардлагын дагуу тухайн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоосноор гуравдагч этгээдэд эрх зүйн хамгаалалт бий болгохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, энэхүү магадлал хариуцагчаас маргаан бүхий газарт хуульд заасан журмын дагуу шинээр төлөвлөлт хийхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0242 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 27 дугаар зүйлийн 12, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/594 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хасч, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 3, 4, 5 болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

                             ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

                             ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА