Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 12

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би иргэн Р.Ц-ийн ОАХХААГ-т холбогдуулан гаргасан “ОАХХААГ-ын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жижиг дунд үйлдвэрийн ахлах мэрэгжилтний ажилд эргүүлэн томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ОАХХААГ-ын дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Р.Ц-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Р.Ц-ийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр томилно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Ц ОАХХААГ-т холбогдуулан ОАХХААГ-ын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жижиг дунд үйлдвэрийн ахлах мэрэгжилтний ажилд эргүүлэн томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч ОАХХААГ-ын дарга Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 119/2018/0013/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОАХХААГ-аас улсын тэмдэгтийн хураамж 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА