Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1616

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

201.. оны ... дугаар сарын ..-ны өдрийн 183/ШШ2018/0.... дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Хд холбогдох

 

Нэр төр сэргээлгэж, залруулга хийлгэх, фэйсбүүкээс татагдаагүй мэдээллийг устгуулах, сэтгэл санааны хохиролд 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т миний ач охин, ээж нь төрүүлээд нас барсан учир гар дээр минь өссөн. 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой Т.Тгийн найз нь залгаж фэйсбүүк дээр чиний багын зураг байна гэж хэлснээр орж шалгахад “5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн” гарчигтай нийтлэлийн толгой хэсэгт миний охины зургийг тавьсан байсан. Тухайн үед балмагдаад зургийг нь авч чадаагүй. Маргааш нь цагдаад очиж нийтлэл тавьсан хүнийг олж устгуулахаар хандсан. Цагдаа эзнийг олсон гэсэн боловч мэдээллийнхээ гарчгийг өөрчлөөд эмчийн ярилцлагыг дээр нь тавиад охины зургийг доор нь жижигрүүлж тавьсан байсан. Цагдаад дахиж хандан мэдээллийг устгаагүйг хэлсэн. Дараа нь уг сайт руу ороход мэдээлэл түгжигдсэн, сайтыг бүр устгаагүй байсан. 2, 3 хоногийн дараа сайт руу ороход бүр орохоо больсон байснаас хаагдсан. Гэхдээ бид мэдээллийг сайтаас эхэлж олж хараагүй фэйсбүүкээс харсан. Одоо болтол уг мэдээлэл рүү орж болохгүй ч гэсэн шэйрлэгдсэн хэлбэрээр зурагтай байгаа, хэдэн хүн шэйрлэснийг мэдэхгүй. Охин маань 2003 онд төрсөн, тухайн үед 122-р цэцэрлэгт сурч байсан. Ангийн хүүхдүүд нь том болсон ч зураг хараад Тэмүүлэн гэж танина, одоо хамт сургуульд сурдаг хүүхэд ч байгаа. Манай охин 6 настайдаа балетын дугуйланд явж, реклам болон кинонд тоглож байсан учраас хүүхдүүд сайн мэднэ. Өөрөө тэр зургийг харчихаад уйлаад, яаж хичээлдээ явах юм гээд 2 хоног хичээлд яваагүй. Үеийнх нь хүүхдүүд янз бүрийн дарамт үзүүлж магадгүй гэж багшид нь анхааруулсан. Ахлах ангид орж байгаа учраас хүүхдээ янз бүрийн асуудалд орохоос болгоомжилж сургуулийнх нь хажууд байр хөлсөлсөн. Охиндоо тайлбарлаж хэлсний дараа мартагнаад хичээлдээ явж байгаа боловч мартаагүй, хүчирхийллийн тухай мэдээлэл гараад ярихаар өөрөө ийм зүйлд өртсөн юм шиг ичээд эвгүй байна гэсэн. Муухай зүйл дээр хүүхдийн минь зургийг тавьсанд гомдолтой байна. Эмчийн ярилцлагыг дангаар нь тавьж болох байсан. Бид өөрсдөө мэдээлэл тавьсан хаяг руу хүсэлт бичсэн боловч устгаагүй. Би фэйсбүүкийн найз болж байгаад чат бичсэн ч зураг устгахгүй байгаа. Том болж байгаа хүүхэд гэр бүл, найз нөхөдтэй болоход ямар ч асуудал үүсч болзошгүй гэж эмзэглэж байна. Сайтыг Ж.Х өөрийнхөө нэрээр нээсэн учраас домайны эзэн болно. Дурын нэг этгээд очоод мэдээлэл тавихгүй нь ойлгомжтой тул хэн зураг тавьсаныг Ж.Х өөрөө нотлох боломжтой. Бидэнд бусад мэдээлэл олдохгүй. Цэцэрлэгийн анги 35 хүүхэдтэй, фэйсбүүк дагагчийн тоогоор үзсэн хүрээ өргөн болсоны хэрээр Т.Тгийн нэр төр сэвтэх бөгөөд багын зургаа фэйсбүүкт тавих боломжгүй болсон. Хэдэн хүн шэйрлэснийг мэдэхгүй. Залруулга хийх нь нэр төр сэргээлгэх шаардлага байсан тул татгалзаж байна. Иймд сэтгэл санааны хохиролд 7 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч Ж.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргээс над руу холбогдож Tugeene.com-той холбоотой бага насны хүүхдийг хүчирхийлээд эмнэлэгт очиход шинжилгээний төлбөр 10 000 төгрөг нэхжээ гэсэн мэдээлэл дээр бусдын зураг тавигдсан гэсэн. Энэ сайт минийх биш боловч ажил мэргэжлийн хүрээнд миний үүрэг байсан учир домайныг авч өгч, мэдээллийг уг хүнтэй нь холбогдоод устгуулъя, чадахгүй бол залруулга гаргаад хариу мэдэгдье гэж хэлсэн. Цагдаагаас энэ хүмүүсийн хүсэлтийг мэдээлэл устгуулах, залруулга гаргуулах гэсэн тул ажил тарахаас өмнө мэдээллийг устгаж залруулга гаргасан. н.Очироо гэж хүнтэй холбогдож чадахгүй анхны шүүх хуралдаан явагдаж байхад ХХЗХ дээр сайтыг хаалгасан. Цагдаад анх миний сайт биш гэж мэдэгдсэн. Би н.О-гийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. Хариу тайлбартаа Т.Тгийн ар гэрээс уучлалт хүсье гэсэн нь би өөрөө эх хүн, бага насны хүүхэдтэй, миний хүүхдийн мэдээлэл ийм байдлаар гарвал харамсалтай. Хэрэв би нийтэлсэн бол зургийг тавихгүй байсан. Нэхэмжлэлийн хариу тайлбартаа би хариуцагч биш гэдгээ хэлсэн. н.Очироод долларын карт байгаагүй тул 15 ам.долларыг би картаараа уншуулснаас домайн дээр миний нэр байгаа. Би Монголын сайтын холбоонд нарийн бичиг хийдэг, хүмүүст домайн нэр авахад тусалдаг, тэр хүмүүс өөрсдийн нэрээр сайтаа нээдэг. Энэ мэдээллийг би хэзээ ч өөрчлөх боломжгүй учраас миний нэртэй байгаа. ХХЗХ өдрийн хандалт 3000 хүрсэн сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бүртгэдэг. Энэ сайтыг зөрчилтэй домайн байдлаар хаасан боловч бүр хаагдаагүй. Tugeene.com гэж шалгахаар Ж.Х гэж нэр гарч ирээд байна гэж хэлсний дагуу цагдаа надтай холбогдсон. Би өөрийгөө хариуцагч биш гэдгийг нотлох баримтгүй. Монголын сайтын дүрэм нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нээгдээд 3 сар болсон сайтыг гишүүнчлэлээр бүртгэдэг. Сайтын холбоон дээр ямар 1 байдлаар сайтын эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй, би зөвхөн домайн нэрийг авахад тусласан, ингэхдээ долларын карт уншуулж, Ж.Х гэж нэр авахын тулд төлбөр төлсөн. Tugeene.com миний нэр дээр байгаа гэдгийг мэдээд хаалгасан, фэйсбүүк дээрхийг устгахыг зөвшөөрнө, Tugeene.com сайт дээр залруулга гаргах боломжгүй, устгах боломжтой, би өөрөө мэдээллийн хэрэгсэлтэй, түүн дээрээ залруулга гаргахыг нэхэмжлэгч зөвшөөрвөл гаргаж болно гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Хгаас Т.Тд учирсан сэтгэл санааны гэм хорын хохиролд 3 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Т-т олгож, шаардлагаас үлдэх 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөг нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 141 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Ж.Х би Монголын сайтын холбоонд нарийн бичиг хийдэг ба ажил мэргэжлийн хүрээнд хүмүүст домайн нэрийг авахад туслах, зөвлөгөө өгөх эрх, үүрэг надад олгогдсон. Tugeene.com сайт нь минийх биш, би зөвхөн долларын карт уншуулж төлбөр төлж тусласан болохоос албан ёсны эзэмшигч нь биш. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 877 тоот тогтоолоор насанд хүрээгүй Т.Тгийн зургийг өөрийнх нь болон эцэг, эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мэдээлэлд ашигласан болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь Ж.Х домайн эрх авсан гэдгийг нотолж байгаа болохоос хариуцагч мөн гэдгийг тогтоохгүй. Мөн тухайн мэдээллийг оруулсан хүн хариуцагч байх учиртай, уг этгээд хэн болох талаар удаа дараа тайлбарлаж хэлээд байхад домайн эрх олгосон Ж.Х намайг хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн.

Tugeene.com сайтыг үүсгэн байгуулагч н.Очироо нь тухайн сайтын нийтлэгдэж байгаа мэдээллийг хянах, нийтлэх эсэхийг шийдвэрлэнэ. Гэтэл би тухайн сайтын домайн нэрийг авахад тусласан болохоос уг сайтад ямар мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байгаад хяналт тавихгүй тул хариуцлага хүлээх учиргүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан. Би энэ зураг, мэдээллийг оруулаагүй учраас хариуцагч биш. Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зуйлийн 168.1.1, 168.1.3 зэргийг зөрчиж хариуцвал зохих жинхэнэ хариуцагчийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй. Хэргийн бодит нөхцөл байдлыг шалгаж тал бүрээс нь үнэлж дүгнэн шийдвэрлэхийн оронд хэт нэг талыг барьж, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байхад сайтар шалган мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгөхийн оронд надад үүрэг хүлээлгэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний дүрсийг гэрэл зураг хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүй ашигласан, худал  мэдээ тарааснаас нэр төр гутаагдсан гэж үзвэл түүнтэй холбоотой мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийх, эсхүл өөр хэлбэр аргыг ашиглаж залруулга хийж нэр төрийг сэргээн тогтоож, сэтгэл санаанд учирсан үр дагавар, мэдээ тараасан хүрээ зэргийг харгалзан мөнгөөр нөхөн төлүүлэх шаардага гаргах талаар Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч Д.Т- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хариуцагч Ж.Хд холбогдуулан нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 7 000 000  төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэлээ “... 5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гарчигтай нийтлэл тавиад толгой хэсэгт миний охины зургыг тавьсан байсан, ... охин маань хүчирхийллийн тухай мэдээлэл харахаар би ийм юманд өртсөн юм шиг ичээд эвгүй байна гэдэг, ... том болж байгаа хүүхэд гэр бүл, найз нөхөдтэй болоход ямар ч асуудал үүсч болзошгүй ...” гэж тодорхойлсон байна.

Шүүх, нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад фэйсбүүк хуудаснаас татагдаагүй мэдээллийг устгуулах, хүүхдийн нэрийг тодорхой бичилгүйгээр залруулга гаргуулахаар нэмэгдүүлсэн, шүүх хуралдаан дээр залруулга хийх шаардлагаасаа татгалзаж, багасгасан гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ямар шаардлага гаргаад түүнийг багасгасан нь тодорхой бус байхад шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.  

Мөн хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр төр сэргээлгэх шаардлагаасаа татгалзсан тухай бичгээр гаргасан хүсэлт авагджээ. /хх-106 дахь тал/ Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Тодруулбал, нэхэмжлэгч нь охин Т.Тгийн нэр төрийг сэргээж залруулга хийх нь хүүхдийн ирээдүйн амьдралд гарч болох үр дагаврыг арилгах зорилготой гэж тодорхойлсон байхад насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг хөндөгдөх эсэхийг тодруулан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн татгалзлыг батлах эсэхийг шийдвэрлэх ажиллагааг шүүх явуулаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Түүнчлэн шүүх, талуудын мэтгэлцээнд оролцон Иргэний хэрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...нэгэнт хүмүүст мартагдаж байгаа дээр нь шинээр залруулга хийхээр мэдээгүй хүмүүс нь мэдээд янз бүрийн асуудал гарна гэж шүүгч зөвлөсөн. Үүний дагуу залруулга хийгээд дэмий гэж бодсон. Олон түмэнд мартагдаж байгаа дээр нь орхисон нь дээр гэдэг зөвлөгөө өгсөн” гэх тайлбар, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-111 дэх тал/

Иймд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201.. оны ... дугаар сарын ..-ны өдрийн 183/ШШ2018/0.... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                       Ч.ЦЭНД