| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0156/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0151 |
| Огноо | 2014-07-04 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0156/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч З.Тунгалагмаа, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хохирогч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000287 тоот хэргийг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** өдөр *** төрсөн, *** настай, ***бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 113 дугаар зүйлд зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, Дархан-Уул аймаг Дахь сум дундын шүүхийн ***ний өдрийн *** дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 160 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Дархан дээд сургуулийн арын хашаанд иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж улмаар түүнийг хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2014 оны 4 дүгээр сарын 04-ний орой *** ах над руу залгаад ахдаа тамхи дөхүүлээд өгөөч гэж утастсан. Тэгээд ***ахынд тамхи дөхүүлж өгөөд байж байхад *** ах толгой өвдөөд байна. Даралт ихэссэн юм шиг байна гэхээр нь би эм уусан юм уу гэхэд, ***ах уусан ахиад уудаг юм уу гээд байж байгаад ах нь ерөөсөө явж бариулчхаад ирье гэхээр нь би 18-ын буудал дөхүүлж өгсөн. Тэгэхэд *** ах ингээд явчихна чи очоод гал түлчхээрээ гэж хэлсэн. Буцаж очоод байж байхад *** залгаад хаана байна гэхээр нь *** ахынд байна гээд хүрээд ир гэж хэлээд гал түлчхээд буцаж гараад Дархан дээдийн урд талаас ***г аваад *** ахынд очоод өндөг шарж идээд, хөзөр тоглосон. Тэгээд 11 цаг өнгөрөөгөөд *** ахыг ирэхгүй юм байна. Хэвтье гээд хэвтээд байж байхад хашааны хаалга давж орж ирж байгаа чимээ гарсан. Тэгээд хүн наашаа ирж байгаа чимээ гарахаар нь *** ахыг ирж байгаа юм байна гээд бодоод хэвтэж байтал хаалга цохиод *** байна Маагаа хаалгаа тайл гэхээр нь ***ах биш байна гэж мэдээд хаалгаа онгойлгоогүй. Чимээгүй хэвтээд байж байтал гадна талын хаалга эвдэх чимээ гарсан. Тэгээд өмдөө өмсөөд сууж байхад дотор талын хаалгыг замаган түгжээг эвдээд харанхуйд нэг хүн гаднаас ороод ирсэн. Орж ирээд асаагуурын гэрэл миний нүүрэн дээр тусгаад чи байсан юм уу, чамайг байна гэж мэдсэнгүй гээд миний хажуугаар гараад гэрэл асаагаад хөнгөн цагаан төмөр гарандаа ороочхоод тавихгүй зогсоод байсан. Тэгээд би наана чинь хүн унтаж байна. Наадахаа тавьчих хоёулаа гаръя гэсэн чинь гарахгүй байсан. Тэгээд тэнд намайг доромжлоод хэрүүл хийсэн. Арай хийж гэрлийг нь тавиулчхаад байж байхад хөнжлийг нь татах гэхээр нь гараас татаад болиулаад бид хоёр хэрэлдсэн. Тэгээд би чамайг ална наашаа гараад ир гээд хэлсэн. Тэр үед халаасанд нь юм байсан. Бид хоёрт нэг асуудал байсан юм. Гурван жилийн өмнө салсан эхнэртэй нь би цуг нэг хэсэг амьдарсан юм. Бид хоёр эндээс зугтаагаад Улаанбаатарт очоод амьдарч байхад ажлын газар луу хүртэл залгаад доромжлоод би тэр ажлаасаа хүртэл гарсан. Тэгээд гараад ир гээд гараад явсан тэгээд би араас нь гарахдаа шүүгээн дээр нь хутга байхаар нь айсандаа тэр хутгыг аваад гарсан. Намайг гарахад байшингийн булан тойроод Гантулга гараад ирсэн. Тэгээд би ***г сайн уу гэчхээд ***тай гэрийн урд нэлээн юм болсон. Амбаарын нь цаана очоод дахиж хэрэлдээд зогсож байгаад хашааны гадаа гаръя гээд хашааны гадаа гарсан. Тэнд хэрэлдэж байгаад би ухарч явсаар байгаад хашааны дотор талд ороод хаалгаа хаах гэхэд *** хаалга руу өшиглөөд намайг өшиглөх гэж байхдаа хий гишгээд хөл алдаад уначихсан. Чи намайг хутгалчихлаа гэхэд нь би өргөж босгоод гэр лүү авч ороод хувцсыг нь тайлаад үзэхэд шархнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Тэгээд боолт хайгаад олдохгүй болохоор нь дотор цамц нь цэвэрхэн болохоор нь тэр цамцаар нь шархыг нь боож өгсөн. Бид хоёр гадаа 2,3 цаг гадаа хэрүүл хийсэн. Би тэр үед эрүүл байсан. Би гурван жил архи уугаагүй. ***согтуу байсан. Тэгээд байж байхад *** утастаад хөлдөж үхлээ хүргээд өг гэж хэлэхээр нь зургаагийн байр хүргэж өгөөд буцаад хүрээд ирсэн чинь байхгүй байсан. Тэгээд би ***ахыг өөрийнх нүдээр авчирч харуулъя гээд толгойт яваад олоогүй. Тэгээд би найзындаа очиж хоноод өглөө цагдаа дээр очсон” гэв.
Хохирогч Б*** ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шинэ Дархан орж ажлынхаа залуутай уулзаад надад 3 шил боргио авч өгсөн. Тэрийг нь хувааж уучхаад харих гэж 18 буудал дээр буугаад явж байгаад хамт ажиллаж байсан залуутай таарсан. Нөгөө залуу маань архи уучихсан байсан. Тэгээд хоёулаа дэлгүүр орж 0,5-ын шилтэй архи аваад саарал байшин байдаг тийшээгээ явж очиход гурван залуу сууж байсан. Тэр архиа гурван залуутай хувааж уугаад бид хоёр цаашаа тосгон явсан. Тосгон орох замдаа энд манай хамт ажилладаг найз байдаг юм хоёулаа орчхоод гаръя гээд хашааны завсраар харсан чинь гэрэл нь асаалттай байсан. Тэгээд орох гээд хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Амбаарын хаалгыг татаад орсон чинь онгорхой байсан. Тэгээд гэрт ороход *** гэх залуу сууж байсан. Цаана нь нэг хүн дээгүүрээ юм нөмрөөд хэвтэж байсан. Би бодохдоо эмэгтэй хүн байна гэж бодсон. Ширээн дээр нь архины шил байсан. Би ороод та нар одоо юу болж байгаан, бурхан шүтээн байхад гэж хэлэхэд чамд ер нь ямар хамаатай юм бэ чи өөрөө цаашаа зайл гэж хэлсэн. Тэгснээ энэ залуу наашаа гараад ир гээд намайг дагуулаад гарсан. Хашааны гадаа гараад маргалдаад зайл чи би өөрөө мэдэж байна гээд маргалдаж хэрэлдэж байгаад намайг мангасдангуутаа зүүн гар нь миний хэвлий рүү хатгачихсан. Тэгээд энэ хүн цаашаа зугтаад гүйгээд явчихсан. Тэгээд хамт явж байсан хүндээ ахыг нь хутгалчихсан байна. Цагдаа дуудаарай гэж хэлсэн. Нөгөө хүн маань намайг оруулах гэсэн чинь дийлэхгүй байна байж бай гэж хэлсэн. Би өөрөө ах руугаа залгаад тун удалгүй манай ах цагдаа дагуулаад ирсэн. Намайг насилкан дээр тавьж байгааг мэдсэн. Тэгээд би ухаан алдаад нэг сэрсэн эмнэлэгт хэвтэж байсан. Энэ хүн худлаа яриад байна. Өшиглөх гэж байсан гэж би ямар ч тийм үйлдэл хийгээгүй. Би зүгээр амаараа хэлсэн. Би гэрт ороод шаардлага тавьсан. Шаардлага тавихад хутга бариад хутгалчихсан. Намайг халаасандаа юм хийчихсэн явж байна гэсэн. Миний халаасанд урт түрийвч байнга байдаг. Тэр түрийвч дээшээ гарчихсан байсан. Тэрнээс хутга байгаагүй” гэв.
*** нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** хашаанд иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж улмаар түүнийг хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Б***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Соёлоо бид хоёр 16 давхрын цэцэрлэг дотор хүний 3 литрийн боргио уугаад 19 цагийн орчим би буцаад хуучин Дархан ороод 18 буудал дээр машинаас буугаад алхаад явж байхад төмөр замын 16 дугаар байрны гадна зүс таних дүү ***тай тааралдсан. Тэгээд *** бид хоёр хамтдаа тосгон явах замаараа Дархан дээд сургуулийн хажуугийн манай ажлын газрын ***гэрээр ороод гаръя, эзэнгүй байдаг юм чинь гээд.... ***ын гэр рүү ***ын гэрт нь манай ***т ХХК-д ажиллаж байсан *** гэх залуу байж байсан. Орон дээр нь нэг хүн дээгүүрээ юм нөмрөөд цаашаа хараад хэвтэж байсан, би бодохдоо эмэгтэй хүнтэй байна гэж бодсон юм. Ингээд би “ чи яагаад айл эзгүйчлээд байгаа юм бэ энэ гэрт чинь бурхан танил байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд *** чамд ямар хамаатай юм бэ п.. минь гэж намайг хэл амаар доромжилж байгаад “ гараад ир зодолдьё” гэсэн. Тэгээд би ***ыг дагаж гараад хашааны хажууд очоод зогсоход *** сүүдэр талд зогсоод би гэрэл рүү хараад зогссон. Тэгээд би “***ыг чи болохгүй шүү дээ айл эзгүйчлээд” гэж хэлээд зогсож байхад ***ын зүүн гар нь хөдлөх шиг болсон бөгөөд буцаад гэр лүү зугтаагаад орсон юм. Ингээд би гадаа үлдээд байж байхад миний хэвлий хэсгээс цус гарсан байсан бөгөөд би хамт явж ***г дуудаад “миний хэвлийн хэсгээс цус гараад байна” гэж хэлсэн. *** намайг түшээд ***ын гэрт ороход ***той хамт байсан орон дээр хэвтэж байсан хүн алга болсон байсан бөгөөд би гэрийн шалан дээр хэвтэж байгаад ах *** дуудаад *** ах эмнэлэг яваад түргэн дуудаж ирсэн, энэ хооронд *** гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 04 дүгээр сарын 04-ний оройн 19 цагийн орчим *** ын гар утас руу өөрийнхөө гар утаснаас залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуухад “ Дархан дээд сургуулийн арын хашаанд айлд байна хүрээд ир” гэсэн, тэгэхээр нь би “хаана байдаг юм бэ, мэдэхгүй шүү дээ” гэж гэхэд “ Дархан дээд сургуулийн урд хүрээд ир би тосоод авъя” гэсэн, би 19 цаг 30 минутын орчимд Дархан Дээд сургуулийн урд очиход *** намайг тосоод зогсож байсан, бид хоёр Дархан дээд сургуулийн арын хашаанд байх Монгол гэрт ороход уг айлд хүн байхгүй байсан, тэгэхээр нь би энэ гэрийн хүн хайчсан юм бэ? гэж асуусан чинь “ толгойгоо бариулах гээд айл руу явсан, намайг гэр хараад байж бай” гэж надад хэлсэн. Ингээд *** бид хоёр айлд байсан өндөгийг шарж идээд дараа нь цуг хөзөр тоглож байгаад 23 цагийн орчимд хэвтэж амрая гээд дөнгөж хэвтэхэд гадаа хүн хашаа давж орж ирэх чимээ гараад гэр рүү дөхөж ирээд хаалга нүдэж байгаад “Маагаа Сонгоо байна , хаалгаа” гэсэн тэгэхэд нь *** босоод хаалга онгойлгох хооронд гадаа байсан хүн үүдний амбаарын хаалгыг татаж онгойлгоод гэрийн цоожийг татаж эвдээд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөмөрч байсан хөнжил дээгүүрээ битүү хучаад хэвтэж байхад гаднаас хүн орж ирээд гэрэл асаагаад чи байсан юм уу, п... минь айлын гэр эзгүйчлээд хэнтэй байгаа юм бэ гээд миний дээгүүрээ нөмөрч байсан хөнжлийг авах гээд байсан. Тэгэхэд нь *** чи яах гээд байгаа юм бэ гэж байгаа нь сонсогдсон бөгөөд гаднаас орж ирсэн залуу гараад ир хоёулаа үзье” гээд гараад явсан, араас нь *** гараад явсны дараа би босоод уг айлаас гараад гэрийн ард сууж байсан, тэгэхэд нь *** гаднаас орж ирсэн залуутай хашааны үүдэнд маргалдаж байгаад гэр рүү орсон. Би бараг 30-40 минут гадаа суусан болохоор *** ын утас руу нь залгаад “би даараад байна, намайг гэрт хүргээд өг гэсэн. Удаагүй *** гарч ирээд намайг тосгоны 6 дугаар байр руу явган алхаж хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудаас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 04 дүгээр сарын 04-ний оройн 19 цагийн орчим би *** ХХК-д цуг ажиллаж байсан танил дүү *** руу утсаар яриад ахдаа нэг тамхи аваад ирээч гэхэд *** за удахгүй аваад очъё гэсэн, *** 19 цаг 30 минут цагийн орчимд тамхи аваад ирсэн. Тэгэхээр нь би *** миний дүү гэр хараад байж бай, би Ганаагийн гэрт очиж толгойгоо бариулаад буцаад ирье гэж хэлээд ***ор 18-н буудал хүргүүлээд цаашаа толгойт руу өөрөө алхаад явсан. *** манай гэр рүү буцаад явсан юм. Би Ганаагийнд толгойгоо бариулаад, толгойны эм уугаад унтсан юм. Маргааш өглөө 09 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан, гэрт хүн байхгүй байсан бөгөөд манай гэрийн үүд хэсгээр улаан өнгийн цус мэт хүрэн улаан өнгөтэй зүйл болсон 00-н цаас байсан юм, тэгээд би гэрээ цэвэрлэсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оны 03 дугаар сарын дундуур ***вокзалын нүхэн гүүрэн дээр нэг тааралдсан, би ***т *** ахын гэр нь эзгүй байсан, харж байгаарай гэж огт хэлээгүй бөгөөд *** ах өөрөө 2014 оны 03 дугаар сарын дундуур өөрөө гэртээ байсан юм...” гэх мэдүүлэг / хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** ах манай ажлын залуугийнхаар ороод гарья гээд тэр айлд нь орсон ба тухайн айлын хүн нь байхгүй байсан. Харин ***нэг хүүхэнтэй хамт байсан, тэгэхэд нь *** ах ***той “ яагаад айл эзгүйчлээд байгаа юм бэ” гээд маргалдаад гарсан, тэгээд хашааны гадна талд юм яриад зогсож байгаад 2-3 минутын дараа *** “ахыг нь хутгалчихлаа ш дээ” гээд газар унасан. Би очоод харахад *** гартаа цагаан иштэй хутга барьчихсан ахын баруун хэвлий талаас цус гарч байсан. Би футболкыг нь ураад цус гарч байсан шархан дээр нь дарсан. Тэгээд ***ын хамт ахыг өргөөд тэр айл руу оруулаад *** гараад явсан ба *** эргэж орж ирээгүй.
....Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хараагүй. Яая гээд ах газар унахад л очиж харсан. *** гартаа цагаан иштэй хутгатай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 90 дүгээр хуудас /
2014 оны 04 дүгээр сарын 07-ны Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №407 тоот “...*** ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, их сэмж , чацархай, элгэнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/
2014 оны 05 дугаар сарын 06-ны Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *** тоот “...Шинжилгээнд ирүүлсэн нийт 26,3 см урттай цэнхэр-цагаан-улаан алаг өнгийн хуванцар бариултай хутган дээр илэрсэн, бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хэргийн 35 дугаар хуудас/,
2014 оны 05 дугаар сарын 02-ны Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3982 тоот “...*** ын гэх цус нь АВО-н системээр О/1/ бүлгийн цус байна...” гэх дүгнэлт /хэргийн 39 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хуудас /,
туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5,6 дугаар хуудас/,
Бэлэн мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 7 дугаар хуудас/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9 дүгээр хуудас/,
Хэргийн газраас хурааж авсан хутга /хэргийн 10 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдоржоос “хохирогч өөрөө хутган дээр унасан, шүүгдэгч ***ыг аргагүй хамгаалалт хийсэн” гэх зэргээр өмгөөлөл явуулсан ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 113 дугаар зүйлд зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, Дархан-Уул аймаг Дахь сум дундын шүүхийн ***ний өдрийн *** дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 160 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.
Хохирогч ***ын ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 718 123 төгрөг нэхэмжилсэн нь түүний хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хүснэгтийн хуулбар, *** -ийн цалингийн тодорхойлолт, эмнэлгийн хуудас зэргээр нотлогдож байх тул дээрх мөнгийг шүүгдэгч ***с гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 26.3 см урттай, цэнхэр, улаан өнгийн 11 см урт бариултай, ажлын хэсэг нь 15 урттай 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ***д 5 /таван/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 5 /таван/ жил 10 /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 26.3 см урттай, цэнхэр, улаан өнгийн 11 см урт бариултай, ажлын хэсэг нь 15 урттай 1 ширхэг хутгыг устгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ***оос 718123 /долоон зуун арван найман мянга нэг зуун хорин гурван/ төгрөг гаргуулж ***тоотод оршин суу хохирогч ***т олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д зааснаар шүүгдэгч ***ын насанд хүрээгүй хүү *** харгалзан дэмжихийг *** тоотод оршин суух ***д үүрэг болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТУНГАЛАГМАА
Г.ГЭРЭЛТ-ОД