Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00459

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00459

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-... К банкны байранд байрлах, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ... тоотод оршин суух, Чимэдийнхэн овогт Ц ын А //,

үндсэн зээл 5,404,714.02 төгрөг, зээлийн хүү 3,188,027.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 399,333.84 төгрөг, нийт 8,992,075.56 /найман сая есэн зуун ерэн хоёр мянга далан таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00441/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагч Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.А нь К банктай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 315 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18,0 хувийн хүүтэй цалингийн зээлийн зориулалтаар 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлж авсан.

Банк Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан К банк дахь зээлдэгчийн 2047001097 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,595,285.98 төгрөг, зээлийн хүүнд 1,886,787.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 197,844.13 төгрөг тус тус төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан болно.

Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 5,404,714.02 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,188,027.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 399,333.84 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8,992,075.56 төгрөг байгаа.

Иймд хариуцагч Ц.Ааас зээлийн гэрээний үүрэгт нийт 8,992,075.56 /найман сая есөн зуун ерэн хоёр мянга далан таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү....2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлөлт хийгдсэн....Утсаар мэдэгдээд ярьж байсан байх. Гэхдээ энэ талаар баримт хувийн хэрэгт нь авагдаагүй байсан. Тухайн зээл нь Булган аймгийн зээл бөгөөд хариуцагч нь Ховд аймагт оршин суудаг учраас би хариуцаж шийдвэрлүүлж байгаа....Хариуцагчтай 2018 оны 4 дүгээр сард холбогдоод 898,000 төгрөг төлүүлсэн байсан. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад банкны эрх хүлээн авагчид зээл шилжсэний дараа шүүхэд хандаж байгаа....К банк нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр албадан татан буулгах ажиллагаа эхэлсэн....гэв.

Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би энэ зээлийг хүнд авч өгөөд өнөөдрийг хүрсэн. Зээл төлөгдөөгүй болон хүү өссөн талаар мэдээгүй. Анх сургуулиа төгсөөд Ховд аймагт ажил олдохгүй болохоор нь Булган аймагт Газар хөдлөлтийн станцын ажилд хүн авна гэхээр нь материалаа өгөөд 2013 онд дагалдангаар явж байгаад физикийн багш авна гэсэн зар харж байгаад багшаар ажилд орсон. Булган аймагт очсоныхоо дараа хүн танихгүй учраас ээжийнхээ төрсөн эгчийн охиныд 2 жил амьдарсан. Тухайн үед тэр эгч маань намайг цалингийн зээл аваад өг, сар сард нь төлөөд явна гэж хэлээд гуйсан....Гэтэл манай ээж, аавтай утсаар яриад зөвшөөрсөн талаар хэлээд, тус болооч ээ гэж хэлээд гуйгаад байсан. Намайг К банкны эрхлэгч Ганчимэг гэдэг хүнтэй очиж уулзаад зээл гаргуулчих гэхээр нь айлд амьдардаг байсан учраас үгүй гэж хэлж чадаагүй. Тухайн зээлийг 2015 оны 4 дүгээр сард 7,000,000 төгрөгийн зээл авч өгчхөөд 2015 оны 6 дугаар сард Ховд аймагт амралтаараа ирээд амарчхаад 2015 оны 9 дүгээр сард эндээ ажил олж хийхээр ажил хөөцөлдсөн. Яагаад гэхээр Булган аймаг руу 2000 км орчим явж ирдэг бөгөөд хөл муутай учраас хол унаанд суугаад явахад бэрхшээлтэй байсан. Түүнээс хойш ажил олдохгүй байсан учраас 3 жил орчим ажил хийгээгүй. Би тэр эгчээсээ зээл төлөгдөж байгаа талаар асуухад төлөөд явж байгаа гэж хэлдэг байсан. Гэтэл К банкнаас 2017 онд зээл төлөгдөхгүй байгаа талаар холбогдохоор нь эгчээсээ асуухад 1, 2 сар зээлээ төлж чадахгүй жоохон балраад байна, та нарын зүгээс эгчдээ туслаад 1,000,000 төгрөгийг нь хийгээд өгөөч гэхээр нь ахаасаа мөнгө олоод 1,000,000 төгрөг хийсэн. Түүнээс хойш банкнаас болон ямар нэгэн хүн зээлийн талаар эргэж холбогдоогүй. Миний зүгээс зээл хэвийн төлөгдөөд явж байгаа гэж ойлгоод явж байтал саяхан банкнаас утсаар холбогдоод зээл төлөгдөөгүй талаар сонссон....К банкнаас нийт 8,992,075.56 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэтэл би сарын 450,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг учраас ийм хэмжээний мөнгийг төлж чадахгүй. Миний хувьд нийт зээлийн үлдэгдэл 8,992,075.56 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдэл 5,404,714.02 төгрөгийг төлөх боломжтой. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Миний хувьд ийм хэмжээний өндөр хүү бодогдоод явж байгааг мэдээгүй. Надад хувьдаа хэрэглээний зээл байгаа....Би оноо андуурч байж магадгүй. Нададтай банкнаас холбогдохгүй байж байгаад нэг удаа холбогдохоор нь би 1,000,00 төгрөг хийсэн. Тэгэхээр 2018 онд байх боломжтой....К банкны зүгээс зээл төлөгдөхгүй хүү нэмэгдээд байгаа талаар мэдэгдээгүй учраас төлөх боломжгүй....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Ц.Ад холбогдуулан үндсэн зээл 5,404,714.02 төгрөг, зээлийн хүү 3,188,027.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 399,333.84 төгрөг, нийт 8,992,075.56 /найман сая есэн зуун ерэн хоёр мянга далан таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Ц.А нь шүүх хуралдаанд “....Миний хувьд нийт зээлийн үлдэгдэл 8,992,075.56 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдэл 5,404,714.02 төгрөгийг төлөх боломжтой. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Миний хувьд ийм хэмжээний өндөр хүү бодогдоод явж байгааг мэдээгүй....Нададтай банкнаас холбогдохгүй байж байгаад нэг удаа холбогдохоор нь би 1,000,00 төгрөг хийсэн. Тэгэхээр 2018 онд байх боломжтой....К банкны зүгээс зээл төлөгдөхгүй хүү нэмэгдээд байгаа талаар мэдэгдээгүй учраас төлөх боломжгүй....” гэж тайлбарлав.

К банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, К банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, К банкан дахь Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг сунгаж, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 6 /зургаан/ сараар тогтоож, М.Адилбишийг К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 6 /зургаан/ сарын хугацаатай улируулан томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 4 дүгээр тал/

Иймээс К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц.А нь К банкны Булган салбараас 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №Цалин315 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг сарын 1.50 хувийн хүүтэйгээр, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №Цалин315 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дууссан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №Цалин315 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан цалингийн барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 7,000,000 төгрөг авч, зээлийн үндсэн төлбөрт 1,595,285.98 төгрөг, зээлийн хүүнд 1,886,787.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 197,844.12 төгрөг, нийт 3,679,917.70 /гурван сая зургаан зуун далан есэн мянга есэн зуун арван долоон төгрөг далан мөнгө/ төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээл 86,373.88 төгрөг, зээлийн хүүнд 166,322.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,303.48 төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хүүнд 707,054.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 191,895.97 төгрөг төлсөн байх ба 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 22 сар 12 хоногийн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №Цалин315 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний 5.1.1-д Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт /1/)-ийг удаа дараа зөрчсөн нөхцөлд банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардахаар заасан байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.

К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх зээлийн хүү 3,188,027.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 399,333.84 төгрөг нэхэмжилж байгаа боловч банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардаагүй буруутай байх тул 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №Цалин315 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол”-оос тооцон /хх-ийн 8-10 дугаар тал/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Агийн хэрэглээний зээлтэй, төлбөрийн чадвар байхгүй гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Иймд хариуцагч Ц.Агаас үндсэн зээл 5,404,714.02 төгрөг, зээлийн хүү 1,173,031.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,606.38 төгрөг, нийт 6,812,352.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,179,723.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ц.Агаас 6,812,352.29 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 123,948 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.Агаас үндсэн зээл үндсэн зээл 5,404,714.02 төгрөг, зээлийн хүү 1,173,031.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,606.38 төгрөг, нийт 6,812,352.29 /зургаан сая найман зуун арван хоёр мянга гурван зуун тавин хоёр төгрөг хорин есэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,179,723.27 /хоёр сая нэг зуун далан есэн мянга долоон зуун хорин гурван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамж 123,948 /нэг зуун хорин гурван мянга есэн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ