| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0164/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0153 |
| Огноо | 2014-07-29 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0164/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000405 дугаартай хэргийг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** -ний өдөр *** төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй*** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг хуучин автовокзалын дээр байрлах Буяны дэм мужааны цехэд иргэн *** тэй маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......2014 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр цехэд *** согтуу чулуу цохих ажил хийж байсан юм. Цехийн хаалгаар олон орж гараад хаалганд толгойгоо цохиод яваад байхаа нь би *** д “Гэртээ харьж амар” гэж хэлсэн юм. Ажил дээр агсан согтуу тавиад байх үед нь цехээс авч гараад “харьж амар” гэхэд намайг заандаж авахаар нь би болиулах гээд цохисон юм. Маргааш нь миний эрүү хугарсан байна гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би архи биш 3 шил пиво уусан юм. Чулуугаа гадаа цохиж байгаад хүйтэн байхаар нь дотогшоо оруулж цохисон. *** нэг хүнтэй утсаар ярихдаа намайг “муухай цохиж байна” гэж хэлэх үед нь би гомдоод маргалдсан юм. Эхлээд *** над уруу мод шидсэн юм. Миний цамцнаас татаад гражийн гадаа гарсан” гэх мэдүүлэг
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Мөөгий надруу утсаар мессеж бичээд шарилын чулуу ирсэн байна гэхээр нь би утсаар залгаад 13 цагт очьё гэж хэлээд буяны ажил хийдэг граж дээр очиж шарилын чулуу нь дээр би үсэг бичээд дуусаад орой нь будах гэж байтал *** намайг чи үсгийг нь буруу биччихлээ гээд хэрүүл хийхээр нь би янзалчихна гэхэд надруу уурлаад чи буруу муухай биччихсэн байна гээд дайрахлаар нь би өөдөөс нь хэрэлдээд явлаа гэхэд явуулахгүй надруу юм шидээд намайг түлхээд унагаачихаар нь би босож ирэхэд Мөөгий намайг хувцаснаас тонгойлгож татаад түлхэж гражаас гаргахад нь би яаж байгаа юм бэ, чи миний найз мөн үү гээд түүний толгой руу нэг цохитол намайг хувцаснаас тонгойлгож дараад нүүр лүү олон удаа өшиглөсөн. Тэгэхэд нь *** гарч ирээд одоо боль гээд салгасан” гэх мэдүүлэг / хэргийн13, 45-46 дугаар хуудас/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...*** бие засна гэж гарчихаад буцаад ороод ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй согтуу орж ирээд хөшөөний чулууны үсгээ буруу, муу бичээд байхаар нь би боль гээд хэлсэн боловч орилж, чарлаад хашгичаад эхлэхээр нь би *** д наадхаа гарга гээд *** түүнийг өргөөд аваад гарсан би дотор авс будаад үлдсэн. Түүнээс хойш юу болсонг нь мэдээгүй. Сүүлд хэсэг хугацааны дараа *** намайг боодог гэж байна ш дээ гээд цамц нь урагдсан орж ирсэн. *** түүнийг гаргачихаад орж ирэхдээ намайг боохоор нь цохичихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 519 дугаартай дүгнэлт: *** нь биед эрүү, ясны хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хэргийн 17 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Буяны дэм мужааны цехийн байранд хамт ажилладаг *** тэй хувийн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж түүний бие махбодид санаатайгаар хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч *** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** хохирогч *** д эмчилгээний зардал 750 000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч ямар нэгэн гомдол санал байхгүй талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ.
Шүүгдэгч *** д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *** д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор *** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ