| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00433/И |
| Дугаар | 00475 |
| Огноо | 2020-07-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 00475
| 2020 оны 07 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00475 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ... тоотод оршин суух, Байтан овогт Нгийн Ж //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ТОСК-ын .. байрны ... тоотод оршин суух, Хийморь овогт Бын Э //-т холбогдох,
3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00433/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ж миний бие нь 2019 оны 6 дугаар сард Ховд аймгийн Стандартчилал хэмжил зүйн газарт шинээр лаборатори нээгдэх гэж байгаа гэдгийг сонсоод тус газрын дарга Б.Этэй очиж уулзсан. Манай нөхөр химийн багш мэргэжилтэй учраас шинээр бий болох ажлын байранд оруулахад ямар шаардлага тавигдах талаар асуухаар очоод Б.Этэй уулзахад Хүмүүсийн анкет авч байгаа. Би мэдэж шийдвэр гаргахгүй. Улаанбаатар хотоос хүмүүс ирж шалгалт авна гэсэн.
Гэтэл 2-3 хоногийн дараа Б.Э утасдаад Өнөөдрийн онгоцоор хүмүүсийн анкет явуулах гэж байна. Уулзаарай гэсэн. Би очиж уулзахад 1 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн. Удалгүй хэд хоногийн дараа Б.Э дахин утсаар над руу залгаж 3 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд нь би өөрт байсан 1 сая төгрөгөө бэлнээр аваачиж өгсөн. Б.Э нь дахиад 1 сая төгрөг өг. Би Улаанбаатар хот явах гээд байна гэхээр нь мөн л 1 сая төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Ингээд нийтдээ Б.Эт 3 сая төгрөг өгсөн.
Тухайн үед Б.Э нь Энэ мөнгийг яг нэг сарын дараа эргүүлж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд 2020 оны 02 сарын 10-ны өдөр Б.Э нь өөрийн гараар Зээлийг хүү тооцон 3,500,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр баталгаа гаргаж өгсөн боловч өгөхгүй байна.
Иймд Б.Эт зээлсэн 3 сая төгрөг, хүү 500,000 төгрөг нийт 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э нь тус шүүхэд ирүүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн Жгийн нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг /зээл, хүүг/ төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ж нь Б.Эт холбогдуулан 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Жд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Жгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 /далан мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Жд олгохоор тогтов.
Хариуцагч Б.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Жгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эт холбогдох, 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Жд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 /далан мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Жд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ