Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0168/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 
 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт  ** нарт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201409000359 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
   
   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн ** өдөр ** төрсөн** настай, ** бага дунд боловсролтой, мэргэжилгүй, **  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, **  өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн **дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан 
 
2. Монгол Улсын иргэн **   настай, **  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй 
 
Шүүгдэгч ***, *** нар нь  бүлэглэн Дархан сумын 15 дугаар Үйлдвэрийн районд байрлах “*** ” ХХК-ийн хашаанаас 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд хоёр удаагийн үйлдлээр 1 тонн 80 кг бэлдэц төмрийг хулгайлж 756 0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
 


ТОДОРХОЙЛОХ нь:
 
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд
Шүүгдэгч ***, *** нар нь  бүлэглэн Дархан сумын 15 дугаар Үйлдвэрийн районд байрлах “*** ” ХХК-ийн хашаанаас 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд хоёр удаагийн үйлдлээр 1080 кг бэлдэц төмрийг хулгайлж 756 0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө *** бид хоёр цуг явж Хатуу төмөр компаний хаанаас төмөр хулгай хийхээр болоод 18-ын буудал дээрээс такси хөлсөлөөд явсан*** хашааг нь давж ороод төмрөө гаргаж аваад бид хоёр тэндээ төмрөө булаад маргааш нь 18-ын буудал дээрээс такси хөлсөлөөд авч явсан. Маргааш орой нь *** дахиж утасдаад төмөр авах уу гэхэд нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 18-ын буудал дээрээс такси хөлсөлж яваад төмөрөө авч Дарханд ирж төмөр авдаг айлд аваачиж өгсөн. Тэр мөнгөө бид хоёр хувааж авсан” гэх мэдүүлэг.
 
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “...Би Хатуу төмөр компанид урьд нь ажилладаг байсан юм. Тэгээд *** д тэр компаний хашаанаас төмөр авах уу гэхэд *** зөвшөөрсөн юм. Бид хоёр 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн орчим 18-ын буудал дээрээс такси хөлсөлж яваад Хатуу төмөр компаний хашааны харалдаа бууж компаний хашаа руу ертөнцийн зүгээр зүүн талаас нь хашаа давж орсон. Төмрөө банзан хашааны завсараар гаргаж ирээд шороонд булчихаад шөнөдөө хоёулаа хүрээд ирсэн. Маргааш орой нь 18-ын буудал дээрээс таньдаг машинаа 20000 төгрөг өгье гэж хэлээд аваад явсан. Машиныхаа жолоочид хулгайн төмөр гэж хэлээгүй, ухсан төмөр гэж хэлсэн. Тэгээд төмөр авдаг газар тушаагаад мөнгөө хувааж авсан. Маргааш нь би *** рүү утсаар яриад нөгөө төмөр лүүгээ явъя гэж хэлсэн. *** зөвшөөрч 40.000 төгрөг өгье гэж машин гуйж аваад явсан. Тэгээд нөгөө төмрөө шөнө авчирч өгөөд тал мөнгийг нь аваад үлдэгдэл мөнгөө маргааш нь очиж авсан. Тэгээд тэр мөнгөө хувааж авсан” гэх мэдүүлэг,

  Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...2013 оны 09 сард барилгын ажил зогсож, арматур төмөр борлогдохоо больсон учраас үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон юм. Үйлдвэрийн хашааны ертөнцийн зүгээр зүүн урд буланд байх арматур хайлуулдаг зуухны аман дээр байсан бэлдэц  төмрүүдээс нийт 145 ширхэг бэлдэц төмөр алдагдсан. 145 ширхэг бэлдэцээс 46 ширхэг бэлдэцийг хаягдал төмөр худалдаж авдаг газарт хулгай хийсэн хүмүүс тушаасан байсныг хүлээж авсан” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,
 
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...2014 оны 04 дүгээр сарын дундуур өдрийг нь нарийн сайн санахгүй байна 10 цагаас 11 цагийн орчим тосгоны чиглэлд таксинд явдаг ***  гэдэг жолооч ах өөрийнхөө саарал өнгийн соната 6 машинтай төмөр авах цэг дээр ирсэн, тэр танихгүй хоёр залуугийн хамт явж байсан. *** ахтай цуг явж байсан хоёр залуу нь Зүүн Хараагаас авч ирсэн төмөр гэж хэлээд урт гулдмай хэлбэртэй цул төмөрнүүд нэг кг бүрийг нь 200 төгрөгөөр бодож тушаасан, би хэдэн ширхэг болон хэдэн кг тушаасныг санахгүй байна.... тэр шөнөдөө цагийг нь санахгүй байна ямар ч байсан унтаж байхад миний *** гэсэн дугаар луу нэг хүн залгаад өдөр төмөр тушаасан хүн байна, Зүүн хараагаас төмөр аваад ирж байна одоо очиж байна хаалгаа онгойлгоорой гэж хэлсэн өдөр төмөр тушаасан хоёр залуу Батсайхан ахын хүүхэд болох залуутай цуг *** ахын машинтай хамт ирсэн. Авч ирсэн төмрийг жинлэж үзэхэд зуу гаран мянган төгрөг болоод бэлэн мөнгө бага байсан болохоор тал мөнгийг нь тэр дор нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь маргааш өглөө нь төмөр тушаасан хоёр залууд өгсөн” гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/,
 
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...2014 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз *** над руу утсаар яриад үйлдвэрийн районы Хятадын төмрийн үйлдвэрийн хашаанаас төмөр хулгайлъя цаг явъя гэсэн бид хоёр тийшээ явахдаа биржийн зогсоол дээрээс такси хөлсөлж хүргүүлээд таксигаа буцаасан төмрийн үйлдвэрийн хашааны ертөнцийн зүгээр зүүн гар талаар нь буюу блокон хашаатай хэсгээр нь ***давж орсон тэр банзан хашааны цоорхойгоор 20 гаран ширхэг бэлдэц төмөр гаргаж өгсөн. Би түүний гаргаж өгсөн төмрийг шороон зам руу ойртуулж зөөж нуугаад бид хоёр гэртээ харьцгаасан. Маргааш нь буюу 2014 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим 18-н буудлаас ***саарал өнгийн соната 6 маркийн машины жолоочтой уулзсан. ***жолоочийг нь таньдаг байсан түүнд үйлдвэрийн районоос шороонд булчихсан байгаа төмөр очиж авах гэсэн юм чамд 20.000 төгрөг өгье гэхэд жолооч зөвшөөрч цуг явсан төмөр нуусан газраа очиж машинаа зайтай зогсоогоод ***бид хоёр бэлдэц төмрөө зөөж машины багаажинд хийгээд 01 цагийн орчим Ө***ын таньдаг гэх Толгойтод байдаг төмөр авдаг цэг дээр ирж хулгайлсан төмрөө жинлэж өгөхөд 490 кг болж байсан, кг бүрийг нь 200 төгрөгөөр тооцож 98.000 төгрөгөөр зарсан жолоочид 20.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь бид хоёр тэнцүү хувааж харьцгаасан.... маргааш нь буюу 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-ний шилжих шөнө 00 цагаас 01 цагийн орчимд *** манай гэрт орж ирээд нөгөө газраасаа явж төмөр хулгайлъя гэсэн бид хоёр урд өдөр нь төмөр зөөж өгсөн жолооч залууг дуудаад үйлдвэрийн хашаанаас машинаа нэлээн зайтай зогсоож ***хашааг нь давж ороод хашааны нүхээр 20 гаран тооны төмөр гаргасан түүний гаргасан төмрийг жолооч залуу бид хоёр зөөж машинд нь ачаад өмнөх өдөр нь төмөр тушаасан хүн рүү 01 цаг өнгөрч байхад утасдахад тэр хүн худалдаж авахгүй гээд байсан, манай хашаанд хулгайлсан төмрөө буулгаад гэр, гэртээ харьцгаасан. 2014 оны 04 дүгээр сарын 20-ны 10 цагийн орчим *** цуг явсан жолооч залуугийн аавыг нь дагуулж ирээд хулгайлсан төмрөө машинд нь ачиж өмнө нь төмөр зарсан газарт аваачиж тушаасан 560 гаран кг төмөр байсан 112.000 төгрөг болсон. Өдөр нь жолооч залуутай уулзаж түүнд 40.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь бид хоёр хувааж авсан” гэх мэдүүлэг / хэргийн 49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...Хатуу төмөр компани  хашааны хажуугаар явж байхдаа би *** д энэ төмрийн үйлдвэрт би урьд нь ажиллаж байсан юм. Эдний хашаа нь дотор бэлдмэл төмөр хураалттай байгаа хоёулаа энэ үйлдвэрийн хашаанаас төмөр авах уу гэхэд *** зөвшөөрсөн. *** бид хоёр 2014 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 18-н буудлаас такси хөлсөлж яваад Хатуу төмөр компани хашааны харалдаа төв засмал зам дээр бууж үлдээд компани хашаа руу алхаж хашааны ертөнцийн зүүн талын хэсгээр би давж ороод зуухны шахагчийн дээр өрсөн байсан бэлдмэл төмрөөс 3 ширхэгийг аваад банзан хашааны завсраар гаргасан тэгтэл хүн дуугарах чимээ сонсогдохоор нь айгаад зугтаачихсан 30 орчим минут нуугдаж байгаад эргэж ирээд хашаанаас гаргасан гурван ширхэг төмрөө хайгаад олоогүй, маргааш нь буюу 2014 оны 04 дүгээр сарын 17-ны орой зүс таних саарал өнгийн соната 6 маркийн суудлын машинтай *** тэй 18-н буудал дээр тааралдаад газарт булсан төмөр байгаа түүнийг очиж аваад машинд чинь ачаад ирье гэхэд тэр зөвшөөрсөн түүнийг 20.000 төгрөгөөр хөлсөлж авч явахаар болсон. *** ийн машинтай төмөр булсан газар очиж төмрөө ухаж гаргаад машинд нь ачаад *** йн гэрт нь буулгасан” гэх мэдүүлэг /хэргийн 60-61 дүгээр  хуудас/,
  
Эд зүйлийн үнэлгээ / хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 4-6, 11-14 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Шүүгдэгч ***, нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан. Харин *** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ний өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 72.2.1-д заасан хугацаа өнгөрсөн /хэргийн 73,77 дугаар хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
 
Шүүгдэгч ***, *** нарын хулгайн гэмт хэргийн улмаас  учирсан хохирол буюу 46 ширхэг, 1080 кг жинтэй төмрийг хохирогч *** д буцаан олгох замаар хохирол барагдуулсан байх тул нөхөн төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Мөн шүүгдэгч ***, *** нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй  гэж үзлээ.
 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** урьдчилан 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Хэргийн газраас хураагдсан 4 ширхэг 1000-тын мөнгөн дэвсгэртийг  улсын орлогод оруулахаар, хохирогч *** ы эзэмшлийн *** улсын дугаартай Сонота-6 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1221 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч ***  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***  нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр тус тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т  зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн газраас хураагдсан 1000 төгрөгийн 4 ширхэг мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгосугай.
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд *** ы эзэмшлийн *** улсын дугаартай Сонота-6 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1221 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
               
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***, *** нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан өгөхөөр, шүүгдэгч *** г урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдэхээр тус тус шийдвэрлэсүгэй.
 
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ