| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00453/И |
| Дугаар | 00483 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 00483
| 2020 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00483 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, Элжигэд овогт С н У //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00453/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С.У нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийг 1987 онд 8 дугаар анги төгссөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 онд цэвэрлэгчээр ажилд орж 1990 оны намар хүртэл ажилласан. 1990 оны 11 сард гэр бүл болж малчин болж ажлаасаа гарсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэрт гарах гэж байгаа.
Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.У нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.У нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 206 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай “Ажилд шинээр томилох, түр орлуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт, гэрч М.Туяатунгалагийн “....С.У нь 1987 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны угаагчаар ажилд орж байсан. Намайг 1990 онд жирэмсний амралтаа аваад гарахад ажиллахаа больсон байсан. Тэгэхээр 1989 оныг дуустал ажилласан байх....” гэх мэдүүлэг, гэрч Ц.Баасанхүүгийн “... С.У нь 1987 оны хавар надтай хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1988 оны намар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд угаагчаар ажилд орж байсан. Тухайн үед шинээр сургуулийн барилга баригдсан байсан бөгөөд шинээр хүмүүсийг ажилд авч байсан. Угаагчийн ажлаасаа гараад малчин болсон....” гэх мэдүүлэг, гэрч М.Туяатунгалаг, Ц.Баасанхүү нарын ажиллаж байсан байдлыг нотолсон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай “Ажилчин чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 362402 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 8, 13, 21-23, 24-26, 31-33 дугаар тал/
С.У нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1616000399 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/
Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Баасанхүү, М.Туяатунгалаг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч С.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Элжигэд овогт Сн У //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ