| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 71/2014/0169/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0155 |
| Огноо | 2014-07-23 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0169/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Б.Гоомарал
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000204 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** -ний өдөр *** төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвстгэрт байрлах *** төвийн буудлын *** дугаартай өрөөнд иргэн ***ыг дээрэмдэхдээ хүч хэрэглэн довтолж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт хобогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр *** утсаар ярихад Баянмонгол буудалд байна хүрээд ирээч бид нар ууж идэцгээгээд байж байна гэхээр нь би очсон. Намайг очиход *** бас нэг эмэгтэй 3 байсан. Тэгээд архи ууж байтал архи дуусчхаар *** бид хоёр гарч 0.75 хараа архи авсан. Тэгээд орж ирээд ууж байтал архи дууссан дахиж авах гээд ***оос мөнгө байна уу гэсэн чинь намайг чи хэн бэ, би энэ хавьдаа атаман, чамайг ганц утас цохиод л хүн дуудаад зодуулчхаж чадна гээд гар далайсан. Тэгээд би цохисон. Тэгээд гарахдаа ***ын халаасанд 30.000 төгрөг байхаар нь аваад гараад явсан. Мангирт орж тэр мөнгөөрөө архи аваад хойд айлын хүнтэйгээ уусан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... тэр өдөр амралтын өдөр байсан шиг санагдаж байна. Би Мангиртад байдаг гэртээ байж байтал над руу *** гэх найз эмэгтэй залгаад Баян Монгол зочид буудалд байна хүрээд ирээч бид нар ууж, идэцгээгээд байж байна гэхээр нь би очсон. Тэнд 2 эмэгтэй, 1 залуу байсан. Тэгээд архи ууцгааж байтал архи дуусчихсан. Тэнд байсан залуу бид 2 гарч дэлгүүрээс 0,75 хараа архи аваад буудалдаа орж ирээд архиа ууцгааж дууссан. Тэгэхээр нь дахин архи ууя гээд тэр залуугаас архины мөнгө өгөөч гэсэн чинь нөгөө залуу над руу чи яах гээд байгаа юм. Би энэ хавьдаа атмаан. Чамайг ганц утас цохиод л хүн дуудаад зодуулчихаж чадна гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр маргалдаад зодолдсон. Тэр залуу миний энгэрээс заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад ор луу түлхэхэд тэр хүн ор, хана хоёрын завсар унасан би дээрээс нь унасан. Бид хоёрыг зодолдож байхад тэр залуугийн өмдний халааснаас нь мөнгө цухуйчихсан байхаар нь би тэр мөнгийг нь авчихсан юм. Тэгээд тухайн үед би алгадсан. Бид хоёрыг зодолдож байхад буудлын үйлчлэгч охин өрөөнд орж ирээд “ та нарын зодолддог газар юм уу, эндээс гарцгаа” гэж хэлсэн. Тэгээд би куртикээ аваад гүйгээд гарсан... .
.....Тухайн үед согтуу байсан болохоор архи уух зорилгоор дээрэмдсэн. Хохирогчийн нүүрэнд нь баруун гараа дэлгэж байгаад нэг удаа алгадсан. Тэр залуугийн хөлөнд дэгээ тавьж унагааж би дээр нь гараад цамцных нь захаас барьж хоолойг нь боосон. Би 30.000 төгрөгийг нь авсан. Тэгээд тэр мөнгөөрөө Батлионы дэлгүүрээс 0,75 грамтай хараа авч гэрийнхээ ***гэх залуу, *** гэх ах бид 3 хувааж ууцгаасан” гэх мэдүүлэг /хэргийн 28-30 дугаар хуудас/,
Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... 2014 оны 02 дугаар 16-ны өглөө портер машинд 30 шуудай лууван ачаад Дархан оруулж зарсан юм. Ингээд урд өдрийн лууван зарсан мөнгөтэй нийлүүлээд нийт 1.080.000 төгрөгтэй болсон. Тэгээд найз ***д 100.000 төгрөгийн өртэй байсныг өгсөн. Тэр өдөр 09 цагийн үед Буян захын урд явж байгаад Номгонд байдаг Чимгээ эгчтэй тааралдсан юм. Тэгэхэд Чимгээ эгч найз эмэгтэйтэй хамт явж байсан бөгөөд төрсөн өдөр нь болж байна гэхээр нь хамт таксинд сууж Баян Монгол зочид буудалд орсон. Буудалд 35.000 төгрөгөөр 2 ортой нэг өрөө авсан. Орохдоо Баян Монгол рестораны баарнаас 1 шил экс архи аваад өрөөндөө бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд дахин буудлын доор байрлах дэлгүүрээс 0.75 литртэй 1 шил хараа архи, нэг дарс аваад буудал руу орох гэхэд *** орж ирж таарсан. Тэгээд авсан архиа 4 лээ хувааж ууж талдаа ороход *** явах болоод надаас 10.000 төгрөг гуйж аваад явсан. Тэгэхэд Чимгээ эгч найзтайгаа тэр хоёр согтуу унтаж байсан. ***г гаргаад явсны дараа нэг залуу орж ирсэн. Тэгээд би тэр залууг гар гэхэд Чимгээ эгчтэй хамт явсан эмэгтэй тэр залууг харчихаад наадах чинь ***н найз байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гараад явсан. Удалгүй 30-40 минутын дараа эргэж орж ирээд намайг учир зүггүй зодсон. Тэгээд зодож байгаад миний өмсөж явсан хар өмдний халааснаас бэлэн 800.000 төгрөгийг аваад зугтаахаар нь би хөөж гүйгээд буудлаас гарахад нь хаашаа гарсныг нь харж чадаагүй алдсан” гэх мэдүүлэг /хэргийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн шатанд өгсөн мэдүүлэгт “...Тэр өдөр Баян Монгол төвд найз *** хамт хамгаалагчаар ажиллаж байсан. Тэр өдрийн 12 цагийн үед ресепшин Б***, бармен Туул эгч бид нар Баян Монгол зочид буудлын үүдэнд юм ярьцгаагаад сууж байсан чинь гадна хаалга хаагдах шиг чимээ сонсогдсон. Тэгсэн чинь удалгүй буудлын өрөөнөөс буюу 2 давхараас нэг ах орилоод буугаад ирсэн. Тэгэхдээ бүр подвалын хэсэг рүү орох гэхээр нь бид нар хөөе наадах руу чинь ордоггүй юм гэж хэлсэн чинь буцаж гарч ирээд манай үйлчлэгч *** руу чи миний мөнгийг гаргаж өг муу дээрэмчин гээд орилоод байсан. Тэгсэн чинь *** тэр хүний өмнөхөн гарсан хүний араас гүйгээд гарсан. Би тэр мөнгөө алдсан гэх ах дээр очоод та дээшээ гараад буйдан дээр сууж бай гэж хэлтэл өөдөөс орилоод байсан. Тэгэхэд *** гаднаас орж ирээд тэр хүнийх нь араас гараад олж чадаагүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... Тэр өдөр би найз ***ын хамт Баян Монгол төвд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгээд өдөр 12 цаг өнгөрч байхад буудлын ресепшин эгч *** бид хоёрт дээр зодоон болоод байх шиг байна миний хоёр дүү яаралтай очдоо гээд очих гэсэн чинь буудлын хаалгаар нэг хүн хурдтай гүйгээд гараад явсан ба дээд давхраас нэг хүн орилчихсон бууж ирсэн. Орилох явцдаа миний мөнгийг дээрэмдчихлээ гээд байхаар нь эхлээд гараад явсан хүн энэ хүний мөнгийг аваад явчихсан байна даа гэж бодоод би араас нь гараад гүйсэн юм. Тэгээд буудлын ойр хавиас шалгасан боловч ямар нэг хүн байгаагүй. Манай буудалд байсан хүн нилээд архи уусан байсан. Буудлын өрөөнөөс бууж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд мөнгө дээрэмдчихлээ. Мөнгөө авмаар байна гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... Би тэр өдөр ресепшинээр гарч байсан. Тэр өглөө 08 цаг өнгөрч байхад гаднаас 2 эмэгтэй, 1 эрэгтэй 3 хүн орж ирсэн. Тэгээд 204 дугаартай өрөөнд ороод хөдөөнөөс орж ирсэн одоо ингээд амарлаа гэсэн. Тэгээд нэг их удалгүй өрөөнд орсон эрэгтэй нь гадагшаа гараад архи, ундаа аваад орж ирсэн байсан. Гаднаас орж ирэхдээ нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд тэр залуу 11 цагийн үед гараад явчихсан. Өдөр 12 цагийн үед бас нэг өөр залуутай хоёулаа болоод орж ирсэн. Өдөр 13 цаг болж байхад дээрээс гүйлдэх чимээ гарахаар нь би хамгаалагч хүүхдээ явуулсан юм. Тэгтэл нэг залуу гадуурх хувцасаа хумиад барьчихсан буудлын хаалгаар гараад гүйж байгаа харагдсан. Тэгэхээр нь би нэг хамгаалагчаа гадагш гаргаарай тэр хүний араас гүйгээрэй гээд гүйлгэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... Би Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон гэх газарт амьдардаг найз Э*** эй Дарханд уулзсан. Тэгээд тэр үед манай Номгоны уулзалт гээд би найзуудтайгаа нийт 4 эмэгтэй Гранд гэдэг бааранд орж сууж байгаад тэндээсээ гараад Сутай гэх бааранд орсон. Гэтэл тэнд Номгоны зөндөө олон залуучууд явж байсан. Гэтэл нэрийг нь мэдэхгүй нэг залуу бид нартай сайн уу эгч нар, та нар Номгоны эгч нар байна гээд надтай цуг явж байсан хэдтэй мэндлээд бид нарт пиво авч өгсөн. Тэгээд Сутай бааранд хөл хөдөлгөөн их байсан болохоор эргээд Гранд бааранд ирсэн чинь нөгөө залуу Гранд баарны караокед орчихсон байсан. Нэг мэдэхэд бид нар нилээн архи уусан байсан. Юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь би, *** , бааранд таарсан залуу бид гурав микрт байдаг нэг буудалд хоносон байсан. Тэгсэн чинь тэр залуу бүгдээрээ гарч хоолонд оръё гээд буудлаасаа 08 цагийн үед гараад шинэ дарханд нэг буудалд орж буудлаасаа 0.75-тай архи аваад бид 3 уусан. Тэгтэл бид хоёртой хамт явж байсан залуу гаднаас бэлэн хоол, хиам зэрэг идэх юм авч ирсэн. Нэг мэдсэн чинь Номгонд амьдардаг гээд бас нэг залуу ирчихсэн ууцгааж байсан. Ухаан санаа орж гараад унтаж байтал *** гэх найз над руу залгаад хаагуур юу хийж байна гэхээр нь буудалд байгаа газраа зааж ***г дуудсан. *** өдөр 12 цагийн үед буудалд ирж байх шиг харагдсан. Нэг мэдэхэд унтчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь буудлын ресепшин эмэгтэй та хоёртой хамт явж байгаа залууг цагдаа ирээд аваад явчихсан шүү гэхээр нь бид хоёр тэр буудлаас гараад явсан....
... *** гэх хүн бааранд хүн хүний ширээнд таньдаг хүмүүстэй архи, дарс авч өгөөд хүмүүс дайлаад яваад байсан болохоор мөнгөтэй байсан гэж бодож байна. Бид 3-ын хоносон буудлын тооцоог *** хийсэн.........
.... *** г 1990 оноос хойш мэднэ. Бид 2 сонгуулийн ажилд цуг явж танилцаж байсан. Би цагдаа дээр оччихоод ирлээ гээд над дээр ирсэн. Тухайн үед ярихдаа “ найз нь согтуу байхдаа тэр залуугийн мөнгийг нь аваад явчихсан байна лээ. Согтуудаа тийм үйлдэл хийчихлээ” гээд нөгөө залуутай уулзаад учраа олмоор байна надад олоод өгөөч гэж хэлсэн” ” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/,
2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“*** ын биед тархи доргилт, зүүн гуя, баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/,
2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний явцад бэхжүүлсэн фото зураг /хэргийн 62-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд
Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвстгэрт байрлах Баянмонгол төвийн буудлын 204 дугаартай өрөөнд согтуугаар иргэн ***ын мөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж шүүгдэгч *** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч 30 000 төгрөг өгсөн, хохирогч ямар нэгэн гомдол санал байхгүй талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ.
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар шүүгдэгч ***д 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар ***д оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***нд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ