Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 00484

 

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00484

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 69 дүгээр байр, 21 тоотод оршин суух, Олонхууд овогт Гн Ц //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00478/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”… Г овогтой Ц нь миний эхийн эгч байгаа. Би итгэмжлэлээр оролцож байна. Г.Ц нь 1961 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд Гн том охин болон төрсөн. Тус сумынхаа найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид 1970 онд элсэн орж суралцаад, 1978 наймдугаар анги төгссөн. 1980 онд төвийн 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн. Г.Ц нь 1980-1985 онд Ховд аймгийн Чандмань сумын дунд сургуулийн дотуур байрны тогоочоор, 1986-1988 онд дотуур байранд үйлчлэгчээр ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн архивын баримтууд шатсан учраас Ховд аймгийн Архивын тасагт шилжин ирээгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Г.Цгийн Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тогооч, дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь Г.Цгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг Олонхууд овогт Гн Цгийн Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тогооч, дотуур байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Ц нь Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тогооч, дотуур байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 132293 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай “Захирал эрхлэгч багш хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай” тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн 323912 дугаартай бүрэн биш дунд боловсролын гэрчилгээ, 009341 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх, 586079 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, гэрч П.Жавзангийн “....Намайг 1980 оны 8 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилогдож ирэхэд Г.Ц нь тус сургуульд дотуур байрны тогоочоор ажиллаж байсан. Г.Цгийн аав нь Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн манаачаар, ээж нь тус сургуулийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан. Г.Ц нь 1988 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд ажилласан байдаг юм. Энэ хугацаанд дотуур байрны тогооч, байрны жижүүр, сургуулийн үйлчлэгчээр ажилласан. Би онуудыг нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч Д.Нямдаваагийн “....Намайг 1980 оны 8 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилогдож ирэхэд Г.Ц нь тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Г.Ц нь 1989, 1990 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд ажилласан байдаг юм. Энэ хугацаанд дотуур байрны тогооч, дотуур байрны жижүүр, сургуулийн үйлчлэгчээр ажилласан. Би онуудыг нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-7, 10, 21-38 дугаар тал/

Г.Ц нь Ховд аймгийн Чандмань сумын 8 жмилийн сургуулийн дотуур байрны үйлчлэгчийн ажлаас шилжих болсон гэх үндэслэлээр 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн болох нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 132293 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Г.Цгийн Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн П.Жавзан, Д.Нямдаваа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Г.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Олонхууд овогт Гн Ц //-ийн Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тогооч, дотуур байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЮУНЖАРГАЛ