| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00479/И |
| Дугаар | 00485 |
| Огноо | 2020-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 00485
| 2020 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00485 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 02-02 тоотод оршин суух, Тариачин овогт Дын С //-ийн нэхэмжлэлтэй,
хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00479/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгч Д.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974 онд Ховд аймгийн 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1983 онд төгссөн. Намайг анх сургуульд ороход эцэг, эх маань малтай байсан учраас нагац эгч маань намайг сургуульд ороход Сарнайцэцэг гэж бүртгүүлсэн байсан. Регистр авах үед бичиг баримтаа Д.С болгосон. 1983 онд Ховд аймгийн ХАА-н техникумд элсэн орж 1986 онд малын эмчээр төгссөн. Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Жаргалан багийн эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 11 сарыг дуустал ажилласан. 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний лабораторид саниторчаар орж 1990 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. 1990 оны 3 дугаар сараас хүн эмнэлэгт асрагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна.
Одоо тэтгэвэрт гарах гэж шүүхээр ажилласан жилээ тогтоолгох гэж байгаа.
Иймд 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн, №169999 дугаартай, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас “Да овогтой Сарнайцэцэг” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Тариачин овогт Дын С” мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлгийн Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн лабораторид 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл санитарч, үйлчлэгчээр, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 1-8 анги төгсөөд ХАА-н техниккум төгстлөө Сарнайцэцэг гэдэг нэртэй байсан. Намайг сургуульд ороход манай нагац эгч намайг сургуульд бүртгүүлэхдээ Сарнайцэцэг гэж бүртгүүлсэн байсан бөгөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөх хүртэл буюу Монгол улс даяар хүн бүр регистрийн дугаартай болох хүртэл бүх бичиг баримтанд миний нэрийг Сарнайцэцэг гэж бичсэн байдаг. Регистрийн дугаар олгогдож төрөлтийн бүртгэл, архивт бүртгэгдсэн нэрийг шүүж үзэхэд миний нэр С байсан тул регистрийн дугаар олгож, бичиг баримт шинэчлэхэд С нэрээр иргэний паспорт авсан….гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С нь нэхэмжлэлийн шаардлагаа 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн, №169999 дугаартай, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас “Да овогтой Сарнайцэцэг” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Тариачин овогт Дын С” мөн болохыг тогтоолгох, Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлгийн Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн лабораторид 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл санитарч, үйлчлэгчээр, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас олгосон 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн, 169999 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Дын Сарнайцэцэг гэснийг Дын С гэж засварлажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С нь “....Намайг сургуульд ороход манай нагац эгч намайг сургуульд бүртгүүлэхдээ Сарнайцэцэг гэж бүртгүүлсэн байсан бөгөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөх хүртэл буюу Монгол улс даяар хүн бүр регистрийн дугаартай болох хүртэл бүх бичиг баримтанд миний нэрийг Сарнайцэцэг гэж бичсэн байдаг. Регистрийн дугаар олгогдож төрөлтийн бүртгэл, архивт бүртгэгдсэн нэрийг шүүж үзэхэд миний нэр С байсан тул регистрийн дугаар олгож, бичиг баримт шинэчлэхэд С нэрээр иргэний паспорт авсан....” гэж тайлбарлав.
Дээрх байдлаас дүгнэхэд уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, гэрэл зураг, төрсөн он, мэргэжлийн байдал, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн, №169999 дугаартай, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас “Да овогтой Сарнайцэцэг” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Тариачин овогт Дын С” мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна
Нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлгийн Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн лабораторид 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл санитарч, үйлчлэгчээр, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1275 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлгийн Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн лабораторын захирлын 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлгийн Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн лабораторын захирлын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлэгийн Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн лабораторын захирлын 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай “Ажлаас түр чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 169999 дугаартай, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн архиваас ирүүлсэн Д.Сгийн 1990 он, 1991 он, 1992 он, 1993 онуудын цалингийн тооцооны картын хуулбар, 680866 дугаартай амаржсаны эмнэлгийн хуудас, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанд хүүхэд асрах чөлөө хүссэн тухай Д.Сгийн хувийн өргөдлийн хуулбар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/315 дугаартай албан бичиг, гэрч С.Нансалмаагийн “....Д.С нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Үенч сум руу ангийнхаа Туяа гэдэг охинтой хамт бага эмчээр томилогдож явсан. 1988 онд ар гэрийн гачигдлаар Ховд аймгийн төвд ирж Алтайн бүсийн Мал эмнэлэгийн Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн лабораторт үйлчлэгчээр буюу тухайн үеийн нэршлээр санитарчаар ажилд орж, 1990 оны 02 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Л.Насанбатын “...Намайг 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт асрагчаар ажилд анх ороход Д.С нь асрагчаар ажиллаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй тус тасагт асрагчаар ажиллаж байна....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-34, 37-38, 48-55, 63-77 дүгээр тал/
Д.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оны 9, 10 дугаар сар, 1996 оны 4-6 дугаар сар, 1997 оны 9-10 дугаар сарын хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600001215 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 56 дугаар тал/
Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Нансалмаа, Л.Насанбат нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн, №169999 дугаартай, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас “Да овогтой Сарнайцэцэг” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай, Тариачин овогт Дын С мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тариачин овогт Дын С //-ийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймаг дахь Алтайн бүсийн Мал эмнэлгийн Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн лабораторид 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл санитарч, үйлчлэгчээр, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ