| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0166/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0156 |
| Огноо | 2014-07-21 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0166/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000466 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** нд *** хотод төрсөн, *** настай, *** бүрэн бус дунд боловсролтой*** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 00 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг арван наймын буудлын замд “Мазда демо” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.7а, 2.1б-д заасан заалтуудыг зөрчин иргэн ***г мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын газрыг санаатай орхин зугтсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 00 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг арван наймын буудлын замд “Мазда демо” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2 дугаар бүлгийн 2.5а-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй”, 2.5б-д “заасан зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.7а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 2.1б-д заасан “тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явна” заалтуудыг тус тус зөрчин иргэн *** ийг мөргөж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө эхнэр дээрээ очиж хоол идчихээд 18-ын буудлын замаар явсан юм. Тэгээд явж байхад замын хажуугаас хүн гарч ирээд шүргүүлсэн. Тусламж үзүүлэх гээд буух гэсэн чинь би зүгээр зүгээр яв яв гэхээр нь тэндээсээ хөдлөөд ажил руугаа явсан. Тэгээд шөнө цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэв.
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:".... 2014 оны 06 дугаар сарын 07-ны орой 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд ажил дээрээ 2 аяга пиво уучихаад өлсөөд байхаар нь эхнэр лүүгээ утсаар яриад бууз жигнэж бай гэж хэлчхээд өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 34 дүгээр брак руу эхнэрийнхээ ажил дээр очиж бууз идчихээд 00 цаг өнгөрч байхад ажил руугаа буцаад 18-н буудлын урд талын замаар явж байхад зогсож байсан машин дундаас нэг явган зорчигч гарч ирсэн юм. Тэр үед би машинаасаа буух гэхэд машинд мөргүүлсэн хүн ахаа би зүгээрээ яв яв гэхээр нь би машинаасаа буулгүй яваад ажлынхаа газрын гадаа очоод байж байтал цагдаа ирээд намайг аваад эрүүлжүүлэхэд хийсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 06 дугаар сарын 07-ны орой найз ***тай 1 шил архи, 1 том савтай пиво уучихаад ажил руугаа очиж ажлынхаа хувцсыг авахаар явсан юм. Тэгээд 18-н буудал дээр ирээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тал чиглэлтэй зам хөндлөн гарч явахад зүүн гар талаас нэг машин ойртоод ирэхээр нь хажуугаар нь өнгөрөөд явчих байх гэж бодоод зам хөндлөн гарч явахад нөгөө машин миний зүүн талаар мөргөсөн. Тэр үед би газар унахад нөгөө машин шууд зогсолгүй шууд намайг тойроод цаашаа яваад өгсөн юм. Тэр үед хаанаас ч юм 3 залуу гарч ирээд намайг мөргөсөн машины дугаарыг харчихсан надад эмнэлэг дуудаж өгсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 06 дугаар сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад найз *** нарын хамт 15 дугаар сургуулийн хашаа нь дотор юм яриад сууж байхад 18-н буудлын урд талд машины тоормослох чимээ сонсогдохоор нь харахад саарал өнгийн жижиг тэрэг хүн мөргөчхөөд Төрийн банкны урд талын уулзвараар цаашаа эргээд зугтаагаад явсан юм. Тэгээд Ган-Эрдэнэ бид хоёр мөргүүлсэн хүн дээр очоод *** мөргөсөн машины хойноос номерыг нь харах гээд гүйгээд явсан юм. Тэгээд Ган-Эрдэнэ бид хоёр мөргүүлсэн хүнийг эмч дуудаж үзүүлье гэж хэлэхэд нөгөө ах яах юм бэ миний бие зүгээр зүгээр гэж хэлээд байж байхад машинд мөргүүлсэн хүний хоёр найз нь ирсэн юм. Тэгээд *** бид хоёр мөргүүлсэн залууг хоёр найзад нь өгчхөөд найз ***ын хойноос очоод яасан нөгөө машинаа олсон уу гэсэн чинь олчихсон номерынх нь зургийг нь дарчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...2014 оны 06 дугаар сарын 07-ны орой 00 цагийн орчим найз *** нарын хамт 15 дугаар сургуулийн хашаа нь дотор нь юм яриад сууж байхад түг гэх чимээ гарах нь үед манай хоёр найз зам дээр хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэр үед би эргэж зам руу харахад Демо маркийн тээврийн хэрэгсэл ухраад мөргүүлж газар унасан хүнийг тойроод 18 дугаар сургуулийн зүг рүү явсан. Тэгээд *** хоёр мөргүүлсэн хүн рүү яваад би мөргөсөн машины хойноос гүйгээд 18 дугаар сургуулийн дэргэд очиход хүн мөргөсөн машин зогсож байсан. Тэгээд би машины номер дугаарыг нь харчхаад хоёр найз руугаа утсаар яриад хүн мөргөсөн машиныг олчихлоо гэж хэлсэн тэгээд удаагүй байж байтал цагдаагийн машин ирэхээр нь хүн мөргөсөн машиныг зааж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... 15 дугаар сургуулийн хашаа нь дотор 2 найзтайгаа пиво уугаад сууж байтал 00 цаг өнгөрөөд сургуулийн урд талын машин зам дээр 1 согтуу залууг *** улсын дугаартай Мазда Демо маркийн машин мөргөж унагаад зугтаачихсан юм. Тэгээд би найзтайгаа нөгөө хүнийг өргөж замаас гаргаад цагдаа, түргэн дуудсан. Манай найз Мөндөө зугтаасан машины араас нь хөөгөөд би мөргүүлсэн ахыг хараад үлдсэн юм. Тэгээд удалгүй найзынхаа араас очтол 1 газраас машин нь олдсон бөгөөд цагдаа нар жолоочийг нь барьсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 43-45 дугаар/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 4-5 дугаар/
Зам тээврийн ослын акт /хэргийн 6-9 дүгээр хуудас/
***ийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хэргийн 10 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгч ***д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай мэдэгдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 1 жилийн хугацааг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгаж,хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***эд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***эд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ