Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 00486

 

 2020 оны 07 сарын 16 өдөр

    Дугаар 153/ШШ2020/00486

      Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюу-Мандал .. айлын орон сууцны .. тоотод оршин суух, Чоно овогт Нгийн Э //,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюу-Мандал .. айлын орон сууцны .. тоотод оршин суух, Олхонууд овогт Баатаржавын О // нарын нэхэмжлэлтэй,

хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00446/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Мядаг, гэрч Б.Оюунжаргал, Э.Наранхүү нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э, Б.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О нь өөрийн хүү М.Быг 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ийн амаржих газарт төрүүлсэн.

Миний бие 2014 онд сургуулиа төгсөөд ирснээс хойш өөрийн хүү М.Б болон нөхөр Н.Эын хамт амьдарч, нөхөр бид хоёр хүүгээ өсгөж байна.

Хүү М.Быг үрчлэн авсан эмээ ээж болох Т.Мядаг нь өндөр настай хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд асарч халамжлах боломжгүй, хүүхэд эмээ Т.Мядагтай хамт амьдрах сонирхолгүй байгаа тул хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү М.Б 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Би 2010 оноос Улаанбаатар хотод сургалтанд суухаар болж хүүхэд харах хүн байхгүй байсан учраас эх Т.Мядагт үрчлүүлсэн. Би сургалтад 2 жил суусан. Эмэг эх нь хүүгээ үрчлээд өөр дээрээ авъя гэдэг хүсэлт гаргаад үрчлүүлсэн. Би нөхөр Н.Этай 2020 оны 4 сард гэр бүл болсон. Хүү минь эцгээрээ овоглох хүсэлт тавьсан. Хүүгээ эцгийнхээ нэрээр овоглох хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Манай эх 62 настай. Хуулиар 60 наснаас дээш настай хүн хүүхэд үрчилж авах боломжгүй байдаг. Нөхөр бид хоёр хүүгээ авч хамт амьдаръя гэж бодож байна. Бид нар хүүгээ авч өсгөе гэж байгаа. 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Хөхийнхөн овогт Мядагийн Быг Хөхийнхөн овогт Түдэвийн Мядагт 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү....Манай эх 60-аас дээш нас хүрсэн. Эх нь хэзээ нэгэн цагт өөд болчихвол хүүхэд чинь ганцаараа үлдэнэ. Эцэг, эх нь хоёулаа байгаа учраас та хоёр авч хүүтэйгээ хамт амьдар, хүүгийнхээ овгийг Т.Мядаг биш эцгийнх нь нэрээр овогло гэж хэлсэн. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлд хамтарч оролцоё гэж хэлсэн....гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Мядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин өөрийнхөө хүүхдүүдтэй хамт амьдарч байсан. Би зээгээ өөрийнхөө хүүхдийг болгоод авъя гэж бодоод авсан. Би хардаг байсан. Би 60 нас хүрээд бие өвдөөд байгаа. Хүүгээ ганцааранг нь үлдээх юм байна гэж бодоод эцэг эхэд нь өгье гэж шийдсэн. Хүү маань аавтай болъё гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо сайхан аавтай болсон учраас амьд дээр хүүгээ өгье гэж бодсон. Үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Хүү эцгээрээ овоглъя гэж хэлсэн байгаа. Би 62 настай бие өвддөг эмнэлэгт маш олон удаа хэвтэж байгаа....Хүү Б маань 2019 оны 6 сараас эцэг, эх хоёртойгоо хамт амьдарч байгаа....гэв.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э, Б.О нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Б.О нь 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Быг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 126/003451 дугаартай Бын төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 251/000064 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч Б.О, бие даасан шаадлага гараагүй гуравдагч этгээд Т.Мядаг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8, 9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.О нь 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Быг 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эх Т.Мядагт үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 251/000064 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч Б.О, бие даасан шаадлага гараагүй гуравдагч этгээд Т.Мядаг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдлоо. /хх-ийн 9 дүгээр тал/

Үрчлэгч Түдэвийн Мядаг нь хүү Т.Быг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч үрчлүүлсэн болон үрчлэн авсан талуудын байр суурийн хүрээнд хүү Т.Б нь өөрийн төрүүлсэн эх Б.Оийн асрамж хамгаалалтанд байх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхдийн эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид нь байх хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцэж байна.

Иймд 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, Хөхийнхөн овогт Мядагын Б /ПГ07311655/-ыг Хөхийнхөн овогт Түдэвийн Мядагт 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Б /ПГ07311655/-ыг төрүүлсэн эх Олхонууд овогт Баатаржавын О //-ийн асрамжид шилжүүлэх  нь зүйтэй.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, Хөхийнхөн овогт Мядагын Б /ПГ07311655/-ыг Хөхийнхөн овогт Түдэвийн Мядагт 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү Б /ПГ07311655/-ыг төрүүлсэн эх Олхонууд овогт Баатаржавын О //-ийн асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, Т.Бын төрсний бүртгэлийг сэргээхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э, Б.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ