| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00411/И |
| Дугаар | 488 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 488
| 2020 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2020/00488 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРсИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Жантекей базархул овогт Сгийн К //-ийн нэхэмжлэлтэй,
садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00411/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, прокурор Т.Өсөхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэм, гэрч Р.Мархаба, Т.Тухпи нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТелеберьд овогтой С нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдан Ховд аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад Улсын Дээд шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор цагаатгажээ.
Миний аав Телеберьд овогтой С нь Миний аав мөн болно. Иймд Монгол Улсын Дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын архивийн лавлагаа, Р.Мархаба, Т.Тухпи нарын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Телеберьд овогтой Сабкын охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэм нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Т.С нь ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Төлөберьд овогтой С нь 1938 онд улс төрийн хэргээр хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Манай эмээ болох С овогтой К нь айлын гурав дахь хүүхэд юм. Т.С нь таван хүүхэдтэй байсан. Хүүхдүүдийг нь Сгийн Батай, Сгийн Согысхаан, Сгийн К, Сгийн Үмтхан, Сгийн Мянгад гэдэг байсан. Үүнээс Казакстан улсын иргэн болсон Сгийн Үмтхан амьд байгаа. Ах С.Батай нь 1997 онд, С.Согысхаан нь 1995 онд, дүү С.Мянгад нь 2012 онд тус тус нас барсан. Манай эмээгийн аав Т.С гэдэг хүн нь 1998 онд цагаатгагдсан байсан. 2019 оны сүүлээс материалыг нь хөөцөлдсөн. Шүүхээс Сгийн К нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Төлөберьд овогтой Сгийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна....Манай эмээгийн нөхөр Байтайлах гэх хүн улаан паспорт авахдаа хадам аавынхаа аавын нэрийг мэдэхгүй Омарынхан гэж хэлж байсан гэж сонсож байсан. Тэгээд Омар гэж бичүүлсэн гэж ярьдаг юм....1988, 1989 оны үед улаан паспорт авахдаа буруу бүртгүүлсэн байх....Эмээгийн ээжийг Незбек овогтой Баршай гэдэг. Незбек гэдэг хүн нь тухайн үед алдартай лам байсан....гэв.
Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн Кийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Төлөберьдийн Сгийн төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна. Прокурорын зүгээс хэрэгтэй танилцахад холбогдох байгууллагуудаас баримтуудыг авсан гэж үзэж байна. Үүнд: Үндэсний төв архивын лавлагаанууд, Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаартай нөхөх олговрын нэхэмжлэлийг бүрдүүлсэн иргэдийн нэрсийн бүртгэлийн жагсаалт, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаанууд, Монгол улсын Дээд шүүхийн тогтоол, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байна. Мөн гэрч Р.Мархаба, Т.Тухпи нараас мэдүүлэг авсан. Дээрх нотлох баримтуудаас харахад иргэн С.Кийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Төлөберьдийн Сгийн төрсөн хүүхэд мөн гэж үзэх боломжтой гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.К нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Төлөберьдийн С нь Ховд аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 114 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Т.Сд холбогдох хэргийг Монгол улсын Дээд шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 159 дугаар тогтоолоор цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08/312 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 159 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 4-6 дугаар тал/
Нэхэмжлэгч Жантекей базархул овогт Сгийн К нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Төлөберьдийн Сгийн төрсөн охин мөн болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-06/240 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Умитхан, С.Мянгат, С.Батаа нарын ХААТР-1 маягтын хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03-9/2983 дугаартай лавлагаа, гэрч Т.Мархабагийн шүүх хуралдаанд өгсөн “....С.Кийн аавыг Төлөберьдийн С, ээжийг нь Наузбекийн Баршай гэдэг байсан....Нэхэмжлэгч С.К 2 ах, 2 дүүтэй. Эцэг эхээс тавуулаа. С.Кийн ах нарыг Батай, Согысхаан гэдэг. Харин дүү нарыг нь Мянгад, Үмтхан гэдэг байсан....Эмэгтэй дүү Үмтхан Казакстан явсан. Төрсөн ах Батай, Согсосхаан, дүү Мянгад нар нь нас барсан....Кийн аав Т.С нь 1938 онд хэлмэгдэж байсан. Хэдэн жилийн ял авч байсан талаар ярьж байгаагүй....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгч Жантекей базархул овогт Сгийн К нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Төлөберьдийн Сгийн төрсөн охин мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Жантекей базархул овогт Сгийн К // нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Төлөберьдийн Сгийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Кийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ