Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 142/2020/00639/N |
Дугаар | 001/ХТ2022/00852 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/00852
****ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар магадлалтай,
****ийн нэхэмжлэлтэй,
****д холбогдох
22-54 УАЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ****, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хамтран гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. **** нь ****д холбогдуулан 22-54 УАЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч ****гаас 22-54 УАЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч ****эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гаас улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****эд олгохоор шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар магадлалаарОрхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ****, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч ****, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар хамтран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... **** нь ...нэхэмжлэгч ****ийн эхнэрээс мөнгө авах ёстой гэсэн үндэслэлээр түүний эзэмшлийн автомашиныг хууль бусаар авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ **** нөхрийн хамт надтай уулзаад эхнэрээс чинь 25,000,000 төгрөг авах учиртай, автомашинаа барьцаанд өг гэхээр нь би санаа зовоод Тоёота приус-30 маркийн 22-54 УАЕ улсын дугаартай суудлын автомашинаа ****д үлдээгээд...” гэж бичсэн. Энэ нь **** өөрийн гэх тээврийн хэрэгслийг өөрөө, сайн дураараа ****д шилжүүлэн өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч нотлогдсон. Гэтэл шүүх тээврийн хэрэгслийг **** хууль бусаар авсан гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Лизингийн зээл болон барьцааны гэрээ” гэх нэртэй хэргийн 7-8 дах талд авагдсан гэрээг үндэслэсэн. Энэхүү гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, уг гэрээ нь эх хувь биш ба өнгөт хувилагчаар хувилсан, нотариатаар гэрчлүүлээгүй бичмэл баримт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг зөрчиж гаргасан баримтыг шүүх үнэлсэн нь буруу болжээ. Гэрээний хуулбар болох нь гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь цаасан дээр бэхээр будагдаагүй, хувилагчаар олшруулсан байгаагаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх дээрх баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон алдааг давж заалдах шатны шүүх залруулах учиртай байтал залруулаагүй бөгөөд гэрээг эх хувь баримт гэж үнэлсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг гэрээ нь хуулбар баримт болох нь нүдээр харахад илэрхий байна.
4.1. Хэрэв тухайн гэрээг шүүх үнэлэх шаардлагатай бол нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргуулан авч гэрээний 3.4-ыг анхаарч үзэх шаардлагатай байсан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Харин нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний 3.2-т “Тээврийн хэрэгслийн өмчлөлийн эзэмшигчийн гэрчилгээг зээлдүүлэгч ахлах менежер болон Гуртын тавилан ЗГБХН-ны нэр дээр бүртгүүлэн авах ба зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгавар болсон цагт тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр шилжүүлнэ” гэж заажээ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалт бөгөөд хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах, бэлэглэх, арилжих гэрээнд хамааралтай ерөнхий зохицуулалт юм. Харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхтэй шууд хамааралгүй ойлголт. Гэтэл шүүх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, ****ийг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзсэн нь буруу. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох зохицуулалтыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол 91.1 хамаарахгүй” гэж заасныг хэрэглэх учиртай байсан. ...Уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Гуртын тавилан ЗГБХ нөхөрлөл бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогддог. Үүнээс үзвэл уг тээврийн хэрэгслийг бусдын эзэмшлээс шаардах эрх нь нэхэмжлэгчид байхгүй.
4.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.04.27-ны өдөр 2405 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар автомашиныг битүүмжлэх арга хэмжээ авсан. Энэхүү шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч ****, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хяналтын журмаар хамтран гаргасан “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох...” гэх агуулга бүхий бүхий гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
7. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020.03.04-ний өдөр **** нөхрийн хамт надтай уулзаад эхнэрээс чинь 25,000,000 төгрөг авах учиртай автомашинаа барьцаанд өг гэхээр нь би санаа зовоод 22-54 УАЕ улсын дугаартай суудлын автомашинаа ****д үлдээгээд эхнэрээсээ асууж байгаад машинаа авна гэж хэлээд хариад эхнэрээ ****д 25,000,000 төгрөгийн өглөгтэй эсэхийг асуухад 5,100,000 төгрөг өгөх ёстой гэхээр нь 03 дугаар сарын 06-ны 5,100,000 төгрөгийг нь өгөөд машинаа авъя гэтэл **** 25,000,000 төгрөг өгч байж машинаа ав гэхээр нь би 5,100,000 төгрөгөө өгөлгүй, Орхон аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж улмаар Орхон аймгийн Прокурорын газар 2020.03.30-ны өдөр 82 дугаартай тогтоол өглөө. ... ****гаас **** миний эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 22-54-УАЕ улсын дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна.
8. Хариуцагч **** “...би ****ийн автомашиныг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. ...Түүний эхнэр Г.Батбилэгтэй зээлийн гэрээний төлбөр тооцооны асуудал байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх талаар Г.Батбилэг болон түүний нөхөр **** нарт шаардлага тавьсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцжээ.
9. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.
Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.
10. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий автомашин ****гийн эзэмшилд хэрхэн шилжсэн, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх эсэхийг бүрэн тодруулаагүй, зөвхөн ****ийн Гуртын тавилан ЗГБХН-тэй байгуулсан 2019.10.11-ний өдөр 367Л дугаартай лизингийн болон барьцааны гэрээг үндэслэн хэргийн үйл баримтыг үндэслэн нь шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.
Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.
11. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч Тоёота приус-30 маркийн 22-54-УАЕ улсын дугаартай автомашины өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.
12. Маргаан бүхий автомашиныг **** ****гийн эзэмшилд шилжих болсон хүсэл зориг, түүний илэрхийлэл, бусад нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийснээр зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
13. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй гэж үзнэ.
14. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
15. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00747 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ