Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0350

 

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0350

Улаанбаатар хот

 

 

 

 

Завхан аймгийн Прокурорын газрын

хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх

Б.Бийн дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б,

Хэргийн оролцогчид:

Дүгнэлт гаргагч: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б

Хариуцагч: Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Н

Дүгнэлт: Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107105 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 118/ШШ2026/0006 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч прокурор Б.Б,

Хариуцагч улсын байцаагч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө,

Хэргийн индекс: 118/2026/0006/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б нь “Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107105 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 118/ШШ2026/0006 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Наас “Э” ХХК-д  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оногдуулсан 0107105 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Дүгнэлт гаргагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Хариуцагч улсын байцаагчийн 2026 оны 0107105 дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ “...хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн согтууруулах ундаа хадгалсан, худалдсан” гэх 2 үндэслэлээр шийтгэл оногдуулсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-д “... “М” ХХК нь хугацаа нь дууссан согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үндэслэлээр...”, 3.3-т “...Kelly 0.5 л 6 ширхгийг худалдан борлуулахаар лангуун дээрээ өрсөн болох нь ...” гэж бичсэн байгаа нь ойлгомжгүй буюу шүүхээс хадгалсан юм уу, худалдсан юм уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

3.2 Прокурорын дүгнэлтээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т зааснаар албадлагын арга хэмжээ авна гэсэн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр дүгнэлт бичсэн байхад шүүх энэ асуудлыг авч хэлэлцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, “...хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн согтууруулах ундаа хадгалсан, худалдсан” гэсэн 2 үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн.

3.3 Прокурор нь Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэсэн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэл гаргаж, энэ асуудлаар шүүх хуралдааны явцад маргасан байхад шүүхийн шийдвэрт энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрээ гаргасан.

3.4 Хариуцагч улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдэд холбогдуулан шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан хууль ёсны зарчимд нийцээгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

   4. Хариуцагчаас давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Цагдаагийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар хамтран 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Цахим-архи худалдаа” хамтарсан хяналт шалгалт хийх ажлын тусгай удирдамжийг баталж, Монгол Улсын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгуулж,

“Э” ХХК-ийн “З” нэртэй хүнсний дэлгүүрт “хадгалах болон хугацаа дууссан 2 нэр төрлийн 11 ширхэг согтууруулах ундааны зүйл хадгалсан, худалдсан” гэх зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн улсын байцаагчид шилжүүлсэн.

Улмаар, эрх бүхий албан тушаалтны маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107105 дугаар шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-д дуусах хугацаа нь хэтэрсэн...хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар таван мянган нэгжтэй /5.000.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.2. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Боос “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн 1.5. Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно... гэснийг зөрчсөн. 

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт “... худалдсан, хадгалсан үйлдлийн аль нь болох талаар ялгаж, салгаж хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоох арга хэмжээ аваагүй, хохирол учраагүй бол энэ талаарх нотлох баримтыг холбогдох эрх байгууллагаас гаргуулаагүй, хэрэгт энэ талаарх баримтгүй...” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107105 дугаар шийтгэлийн хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргажээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж,

6.5 дугаар зүйлийн 3-д “Хуульд заасныг зөрчиж: 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” хэмээн,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 1.10-д “хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж тус тус заасан.

5. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар “хугацаа нь хэтэрсэн ... хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан” гэх зөрчил нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Хэрэгт авагдсан баримтаар, “Э” ХХК-ийн “З” нэртэй хүнсний дэлгүүр нь хадгалах болон хугацаа дууссан 2 нэр төрлийн 11 ширхэг согтууруулах ундааны зүйл хадгалсан. Худалдан борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүнүүдийн хамт лангуун дээр байрлаж байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын гаргасан тайлбар, гэрч Д.С, А.Ж, Д.Ү, Д.Б, И.С нарын мэдүүлэг зэрэг холбогдох бусад баримтаар бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг шалган тогтоогоогүй гэх үндэслэл нь тухайн зөрчлийг үгүйсгэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 118/ШШ2026/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокуророос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

  

     ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА

   

     ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА