Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2-260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Батчулууны Батдэлгэрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000593 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батчулууны Батдэлгэр, Архангай аймагт 1972 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номин ХХК-д дотоод хяналтын албанд камерийн ажилтан, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-59а тоотод оршин суух, регистрийн дугаар АР72110503.

Урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүний өмчлөлийн газрыг хурааж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд Тоёота Вероса маркийн 20-37 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Сүхбаатарын жолоодож явсан Тоёота Приус маркийн 07-53 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж 360.000 төгрөгийн шууд, 551.500 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг зөрчиж ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 07-53 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны...замд ертөнцийн зүгээр хойноосоо урд зүгт чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн зам нь эсрэг урсгалтай 4 эгнээ зам байсан. Гэтэл Баянхошууны 34 дүгээр гудамжнаас буюу баруун гар талаас Toyota Virossa маркийн 20-37 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирсэнээ миний машины баруун гол хэсэгт мөргөсөн. Мөргөөд дээрх машиныг зогсох болов уу гэтэл тэр чигээрээ зугтаасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

...тухайн үед Адъяа ах миний тээврийн хэрэгслийн баруун хойд талын суудалд, жолоочийн зүүн талын суудалд танил Дашиймаа...сууж явсан. ...Надтай хамт явсан Адъяа ах уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хараад надад хэлсэн. ...20 минутын дараа замын цагдаагийн ахмад Д.Хадбаатар ирээд хэмжилт хийгээд явсан. Маргааш нь...мөргөлдсөн газраа очоод хайтал уг автомашин нь өндөр настаны гудамжны орчимд зогсож байхыг хараад очиж уулзахад жолооч нь гэх эрэгтэй гарч ирээд...өчигдөр ахынх нь дугаар явдаггүй өдөр байсан. Харин өглөө босоод харсан чинь зүүн урд буфер хагарсан байсан гэж байсан. Тэр ахын хэлснээр эхнэр нь жолоодон явсан байх гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

2. Гэрч Д.Адъяа (Toyota Prius 20 тээврийн хэрэгслийн зорчигч)-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 21-нд...бид нар Баянхошуу руу явсан ба Хилчин хотхон орчихоод буцаад хойноос урагшаа чиглэлтэй Баянхошууны замаар явж байтал гэнэт л машины баруун талд тас гээд явчихсан. ...Би хойд хаалгаар буух гээд эргээд хартал гудамжнаас нэг цагаан өнгийн Toyota Virossa маркийн 20-37 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шууд хойшоо чиглээд яваад өгсөн. Дашиймаа 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн.

Маргааш нь...намайг яваад очиход Замын цагдаа, Сүхбаатар хоёр нөгөө Toyota Virossa маркийн тээврийн хэрэгслийг олчихсон, жолооч нь гээд эмэгтэй хүн байсан. Би жолооч эмэгтэйд нь энэ машин мөн байна. Таны машины урд бупер халцарчихсан байна. Яг мөн байна гэхэд...жолооч эмэгтэй юу яриад байгаан, би биш гээд гүрийгээд байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), 

3. Гэрч Д.Хадбаатар (Хэргийн газар дуудлагаар очсон алба хаагч)-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн тасагт үүрэгт гүйцэтгэх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд осол үйлдэгдсэн гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгахад Б.Сүхбаатар гэгч Toyota Prius 20 маркийн 07-53 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад улсын дугаар тодорхойгүй Toyota Virossa маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд, ослын газрыг орхин зугтаасан гэж хэлсэн. ...Маргааш өдөр нь...хохирогч Б.Сүхбаатар над руу утасдаад нөгөө мөргөсөн Toyota Virossa маркийн тээврийн хэрэгслийг олчихлоо, хүрээд ирээч гэхээр нь...Баянхошууны гудамжинд очиход 20-37 УНУ улсын дугаартай Toyota Virossa маркийн тээврийн хэрэгсэл байсан. Жолооч нь гэх эрэгтэй хүн байсан. Тэр хүнээс өчигдөр хэн машиныг нь жолоодож явсан талаар асуухад эхнэр Батдэлгэр жолоодож явсан гэж хэлсэн. ...тухайн тээврийн хэрэгсэл ямар ч байсан эвдрэлтэй байсан, хохирогч жолооч Б.Сүхбаатар нь мөргөсөн машинаа таньж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

4. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн № PCHF10307641 бүртгэлд ...дуудлага өгсөн утасны дугаар 88009127, ...хүлээн авсан хугацаа 2016-06-21 12:31:12, ...дуудлагын утга 0753 УНИ машиныг 2037 УББ машин шүргээд зугтаачихлаа... гэх мэдээлэл (хавтаст хэргийн 63 дахь тал),

5. Тээврийн хэрэгслийн лавлагаанд ...улсын дугаар 2037 УНУ, тээврийн хэрэгслийн марк Toyota, модель Virossa, ...өнгө цагаан... (хавтаст хэргийн 65 дахь тал), 

6. Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Энэ машиныг надаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Отгончинбат зээлээр худалдаж авсан. Нийт 2.500.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ төлбөрөө бүрэн төлөөгүй учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлээгүй байгаа юм. ...Манай компаний үйл ажиллагааны чиглэл нь авто ломбард юм. Отгончинбаттай ломбардны гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

7. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 400 дугаар дүгнэлтэд:

1. 07-53 УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

2. 20-37 УНУ улсын дугаартай Тoyota Virossa маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Батдэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 2.5 дахь хэсэгт заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

  • а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
  • в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

- 7.7 дахь хэсэгт заасан Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зоригч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27 дахь тал),

8. Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан №10479, гэрэл зураг (хавтаст хэргийн 113, 114 дэх тал),

 

9. Шүүгдэгч Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэр өдөр би 20-37 УНУ улсын дугаартай Toyota Virossa маркийн автомашиныг жолоодоод...Давхар дэлгүүрийн хажуу талын гудамж руу ороод...буцаад төв зам руугаа эргэх гээд зогсож байсан. Тэгтэл хойноос урагшаа чиглэлд хар өнгийн Toyota Prius маркийн автомашин...явж байсан. Харин би төв зам руу орж хойшоо чиглэлд эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байсан. Тэгтэл нөгөө Toyota Prius маркийн автомашин урдуур гараад өнгөрсөн. Тэгэхэд миний машины улсын дугаар орчим шүргэх шиг болсон. Гэхдээ надад бол мөргөлт, шүргэлт боллоо гэх мэдрэмж төрөөгүй. Toyota Prius маркийн машин урдуур гараад өнгөрчихсөн болохоор нь би шууд төв зам руу ороод хойшоо чиглээд явсан. ...Тэгээд машинаа байрлуулахдаа урд хэсгээ харсан чинь урд буфер...бага зэрэг халцарсан байсан. Хэмжээ нь өндөгний дайтай байсан болохоор би тоогоогүй. ...Энэ машиныг 2015 оны 10 дугаар сард Д.Болдбаатараас 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаанд 2.500.000 төгрөг өгсөн, одоо 2.500.000 төгрөг дутуу. Үлдэгдэл мөнгөө төлчихвөл өөрийн нэр дээр шилжүүлж авна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2), зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 3), осол, хэрэг гарсан газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 5),

- иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 37, 16), цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 36), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 32), барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 33),

- шүүгдэгч Б.Батдэлгэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 17, 20), цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 18), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72-74), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 57, 59, 60), барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 45) дахь талуудад авагдсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд Toyota Virossa маркийн 20-37 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

-7.7 дахь хэсэгт заасан Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээрийн хэрэгсэл...зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас Б.Сүхбаатарын жолоодож явсан Toyota Prius 20 маркийн 07-53 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж зам тээврийн осол гаргаж 360.000 төгрөгийн шууд, 551.500 төгрөгийн нийт хохирол учруулан,

- мөн дүрмийн 2.5 дахь хэсгийн

  • а-д заасан ...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг...тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
  • в-д заасан ...зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ...осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчиж ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар, гэрч Д.Адъяа, Д.Хадбаатар, Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн № PCHF10307641 бүртгэл, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан №10479, гэрэл зураг болон бусад нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Батдэлгэрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүний өмчлөлийн газрыг хурааж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба дээрх ял хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүний ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. Энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.

Тиймээс шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгаа зэрэг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж,  иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг болон шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарт гэм хорын хохиролд учирсан нийт 551.500 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь одоо ямар нэг санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 140) гэж шүүхэд баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Батдэлгэрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Батдэлгэрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын 970302 дугаартай үнэмлэх хэрэгт хавсаргаж ирүүлснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Батдэлгэрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201624000593 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хэрэгт хавсаргагдаж ирүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жил (гурав) хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Батдэлгэрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ