Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0157

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0167/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Иргэний нэхэмжлэгч *** 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201409000464 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой***  жолооч ажилтай, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч ***нь согтуугаар 2014 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хороололлын 4/6 дугаар байрны арын замд “Сонота” маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 2 дугаар бүлгийн 2.3б, 2.5в, 2.7а, 7 дугаар бүлгийн 7.5-д тус тус заасныг зөрчин иргэн ***ын жолоодож явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд  холбогдсон ба ослын газрыг санаатай орхин зугтсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 6 сарын 3-ны өдөр даргыгаа ажлаас нь авчихаад гэрт нь хүргэж өгөөд замдаа *** той таарсан. Тэгээд нэг кароакед суусан нэг цаг дуулчихаад нэг лааз пиво уусан. *** йн найзыг нь тосгонд хүргэж өгөөд тэндээсээ буцаж явж байгаад дөрвөн замын хойгуур явахад цагаан тэрэг урдуур орж ирсэн. Тэгэхэд нь тооромз гишгиж чадахгүй байсаар очоод мөргөсөн. Хажууд байсан *** бие нь муу байна толгой нь өвдөөд байна. Гэрт нь бас 2 хүүхэд нь цоожтой байгаа гэсэн тэгээд цаашаа алхаж байгаа машин таарахаар ***г гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаад ирсэн Хурцаа байцаагч байж байсан” гэв.

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....Ингээд ***ийг хүргэж өгөх гээд Хээтэй хорооллын арын замаар явж байтал гэнэт өөдөөс ирж явсан машин миний урдуур орж ирээд тэгээд мөргөлдсөн. Би машинаас бууж ирээд урдуур орсон машины жолооч талаар очиход машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр нэг хүн сууж байсан бөгөөд би тэр хүнийг яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь тэр хүн дуугарахгүй доошоо тонгойгоод байсан. Тэгэхэд ***  цаанаас бууж ирээд миний бие өвдөөд байна намайг гэрт хүргээд өг гээд байхаар нь би ***ийг гэр рүү нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд такси олдохгүй жоохон доошлоод 17-ын буудал дээрээс таксинд суугаад *** ийг хүргэж өгөөд буцаад явсан... ингээд буцаад аваар болсон газарт ирэхэд миний машиныг ачаад явчихсан байсан бөгөөд аваар болсон газрыг өнгөрөөд байхад Анд сервисын гадаа очоод даргатайгаа уулзаад байж байтал замын цагдаа Хурцбилэг ирээд бариад авсан” гэх мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би олон улсын лангуун дээр сууж байгаад орой тарсан. Тэгээд гарч явж байгаад ***  ахтай таарсан. Тэгээд хоолонд ороод нэг найзыгаа дуудсан чинь ирсэн. Тэгээд найзыгаа хүргэж өгчихөөд явж байсан. Тэгсэн урдуур нэг машин орж ирээд мөргөсөн. Тэр үед би ухаан алдсан байсан. Яаж мөргөлдсөнг санахгүй байна. *** ах намайг буулгаж байсан. Тэгээд би юу ч харахгүй байна цээж өвдөөд байна гэртээ харьмаар байна гэсэн чинь Санжаа ах сандраад намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ буугаад үлдсэн” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 6 сарын 03-ны өдрөөс 2014 оны 6 сарын 04-нийг шилжих шөнө манай ***  ерөнхий инженерийг буулгачихаад машинаа тавих гэж яваад зам тээврийн осол гаргасан. Энэ зам тээврийн осол 2 талын хоёулангынхан нь буруутай гэж үзэж байгаа. Зам тээврийн улсын байцаагч *** гээд бүх байцаагч газар дээр нь үзлэг хийсэн. Байгууллагад машин тэрэг хохирсон хохирол гарсан. *** өөрөө машин тэргээ янзлаад үзүүлсэн байгаа. Мөн машин тэргээ янзлаад улсын оношилгоогоор оруулсан байгаа. Тийм болохоор байгууллагын зүгээс байгууллагын хохиролгүй болгосон болохоор гомдолгүй. Бид нар дотоод журмын дагуу жолоочтой арга хэмжээ авах гээд хүлээж байгаа. Энэ хүний шүүх хурал болох гэж байгаа талаар байгууллагын удирдлагуудтай ярилцсан байгаа. Удирдлагуудын зүгээс энэ хүнд санал гомдол байна уу гэж асуусан. Санал гомдол байхгүй байгууллагыг хохиролгүй болгосон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлц үүлэгт өгсөн: “....2014 оны 6 сарын 3-ны өдрөөс 2014 оны 6 сарын 04-ний шилжих шөнө хээтэй хорооллын 5-4 дүгээр байрнаас микро орох гээд арын замаар явж байгаад 4-6 дугаар байрны тэнд өгсөж байтал өөдөөс гэнэт хурц гэрэл гарч ирсэн. Тэгээд тооромз гишгихэд гулсаж ороод машинтай мөргөлдсөн. Би тэрхэн үедээ ухаан алдсан байсан. Хохирол санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** улсын дугаартай Сонота 6 маркийн автомашин нь манай байгууллагын нэр дээр байдаг ба 2014 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө уг автомашиныг жолооч *** нь согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаас болж манай байгууллагын машинд хохирол учирсан... одоо тээврийн хэрэгслийг засуулж бүрэн бүтэн болсон тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хэргийн 26-28 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр явж байгаад *** ахтай таарсан. Тэгээд 1 цаг караокед орох уу гэхээр нь *** ахтай ярилцаж байгаад найз Батхуяг дуудсан. Ингээд бид 3 хамтдаа Макс караокед орж 1 цаг дуулсан. Дуулж байх зуур *** бид 2 тус тус 100 грамм вино, *** ах пиво захиалж уугаад, 100 грамм цагаан архи авч уусан. Тэгээд тэндээсээ бид гурав гараад 23 цаг 40 минутын орчим ***г хүргэж өгөөд буцаад намайг хүргэж өгөх гээд Хээтэй хорооллын 4/6 дугаар байрны харалдаа арын зам дээр Шинэ Дархан чиглэл рүү явж байтал урдуур нэг машин орж ирээд мөргөлдсөн юм. Тэр үед би өөрөө машины урд талын суудалд сууж явсан ба мөргөлдөх үед би урд талын салхины шилийг мөргөсөн. Ингээд буугаад ирэхэд би хэлээ хазсан, хэвлий цээжээр өвдөөд толгой дүйнгэтээд өвдөөд байхаар нь *** ахыг гэрт нь хүргээд өг гэхэд *** ах намайг дагуулаад алхаж байхад миний нүд юм харсан ба 17-н буудлыг таксины зогсоолын тэнд явж байсан. Тэгээд таксинд суугаад намайг гэрт хүргэж өгөөд буцсан... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2014 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд Чейзэр маркийн автомашиныг жолоодож Хээтэй хорооллын 4/6 дугаар байрны тэнд явж байтал өөдөөс гэрэл гялбаад тоормозоо гишгэсэн чинь нөгөө талын урсгал руу яваад орчихсон. Тэгтэл эсрэг урсгалаар явж байсан машин ирээд хажуу талаас мөргөсөн юм. Тэгээд би нэг хэсэг ухаан алдсан байсан. Ингээд нэг мэдэхэд  би өөрөө жолоочийн суудлаас хажуу талынхаа суудал руу ороод суучихсан байсан бөгөөд машины гадна талд эмэгтэй, эрэгтэй 2 хүн хоорондоо эмнэлэг явах уу гээд яриад байх шиг байсан. Тэгж байгаад би машинаас буугаад ирэхэд тэр эмэгтэй, эрэгтэй 2 хүн байхгүй байсан... тэгээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2014 оны 06 дугаар сарын 03-ны шөнө үүрэг гүйцэтгэж байхад 00 цагийн 26 минутад зам тээврийн осол гаргасан дуудлага мэдээллийг өгсөн. Ингээд 15 минутын дараа хэргийн газар очиход *** улсын дугаартай Сонота 6 маркийн автомашин  *** улсын дугаартай Т.Чейзэр маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна. Ослын газар *** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийн жолооч *** өөрийн биеэр байсан. Ингээд хэргийн газрын үзлэгийг 01 цаг 38 минутад дуусгаад *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд уг тээврийн хэрэгслийн жолоочийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан ба 02 цаг 02 минутын үед Анд сервис гэх газрын үүдэнд саарал өнгийн Вигхорн маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхад олж ирүүлсэн драйгер үлээлгэхэд 0,75 хувийн согтолттой байсан... осол гарсаны дараа албаны дарга *** р ***  рүү удаа дараа залгуулж ирэх талаар хэлэхэд ***н ослын газар ирээгүй болно” гэх дүгнэлт /хэргийн 40 дүгээр хуудас/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2014 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад нөхөр *** рүү залгаад хаана байгаа талаар асуухад Хээтэй хорооллын арын замд зам тээврийн осол гаргачихлаа, би хамт явсан хүнээ хүргэж өгөөд ирье гэж хэлээд утас нь тасарчихсан. Тэгэхээр нь осол гарсан гэх газар нь очиход цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2014 оны 06 дугаар сарын 03-ны орой хүн тээвэрлээд явж байхад 4/6 дугаар байрны харалдаа 2 машин мөргөлдсөн байсан. Тэгээд би хажуугаар нь гарахад цагдаа нь нар ирсэн байсан. Тэгээд би доошоо уруудаад 17 дугаар сургуулийн урд талын гэрэл дохио дөнгөж өнгөрч байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байхаар нь авахад *** ээд ах байсан. Тэгээд Хапитат хүргээд өг гэсэн, ***  ах мөн сая зам тээврийн осол гаргасан талаараа надад хэлсэн. Ингээд хамтдаа яваад ***  ахтай хамт явсан хүүхнийг нь гэрт нь хүргэж өгөөд буцаад зам тээврийн осол гарсан газар очиход мөргөлдсөн 2 машины нэг нь явчихсан*** ахын барьж явсан машиныг цагдаа нар ачуулах гээд байж байсан ба *** ах тийшээ явж байснаа буцаж ирээд надаар нүүрнийхээ цусыг арчуулчихаад намайг яв яв гэхээр нь би явсан” гэх мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №658 тоот дүгнэлтүүд /хэргийн 50 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт /52 56 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 3-6 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын акт /хэргийн 15 дугаар хуудас/,

***гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд 
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хороололлын 4/6 дугаар байрны арын замд согтуугаар “Сонота” маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.5в-д заасан “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 7 дугаар бүлгийн 7.5-д заасан “Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино. Анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй” заалтуудыг зөрчин иргэн ***ын жолоодож явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн ослын газрыг санаатай орхин зугтсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон гэж үзэж шүүгдэгч ***г зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний нэхэмжлэгч нар *** нь шүүх хуралдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн  гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн болон ажил төрлийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн Тошиба маркийн 40 инчийн LCD зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хугацааг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг  тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн Тошиба маркийн 40 инчийн LCD зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ