Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хэргийн индекс: 171/2012/0151/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.З.,

шүүгдэгч Г.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт О овогт Г.Д.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023003 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн О овогт Г.Д. /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-нд  Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан сум ... дугаар баг ..дүгээр хэсэг .. тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.

 

Шүүгдэгч Г.Д. нь 2009 оны 12 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 22 цагийн орчимд Дархан сум 15 дугаар баг Үйлдвэрийн дүүрэгт байрлах Э.Ц ХХК-ний үйлдвэрийн хашааг хууль бусаар давж орон грипер краны цахилгааны КГ 3х35+1х25 маркийн бүдүүн кабель утас 200 метрийг, мөн КГ 3х2.5 маркийн нарийн кабель утас 73.3 метрийг тус бүр шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр хулгайлж байгууллагад 4.628.590 төгрөгний хохирол учруулсан,

дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2010 оны 5 сараас 2012 оны 5 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргон зайлсан зэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Э.д жолоочоор ажиллаж байсан. Манай үйлдвэр түр зогсолт хийж зогссон. Ингээд байж байхдаа би 2009 оны 12 сарын 16-ны  өдөр очиж Э. цементийн үйлдвэрийн хашааг нь давж орж  кабель утас таслаж авсан.

 

C:\Documents and Settings\User\Desktop\Ã.Ä¿ãýðñ¿ðýí 145.2, 261.1-.doc

12 сарын 26-нд билүү дээ 1 сараас өмнө дахин орж кабель утас тасдаж авсан. Намайг очиход хүн амьтан байхгүй байсан. Харуул хамгаалалт байгаагүй. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байх хугацаанд байцаагч Э. цементэд 12  сая төгрөг төлөх ёстой. Шүүх дээр очихоосоо өмнө төл гэсэн. Ингээд би энэ мөнгө төгрөгийг нь ажил хийж олж өгнө гээд гадагшаа Казакстан гарсан. Тухайн үед намайг Э. цементэд ажиллаж байхад Э. цемент цалин мөнгөө өгч чадахгүй байсан. Мөнгөний асуудлаас болоод л гадагшаа явсан. Хохирол төлбөр төлсөн. Хэрэг хийсэн энэ хугацаанд би нэг өдөр ч тайван байгаагүй үргэлж айж түгшүүртэй явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч С.З. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2009 оны 12 дугаар сарын сүүлчээр манай байгууллагын хашаанаас орон грипер краны цахилгааны КГ3х35+1х25 маркийн бүдүүн кабель утас 200 метр, мөн КГ3х2.5 маркийн нарийн кабель утас 73.3 метр тус бүр хулгайд алдагдсан. Тухайн үед Д. нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байсан. Энэ байдлаас манай байгууллагад нийт 12.901.951 төгрөгний хохирол учирсан. Өмнө нь энэ хэрэгт манай байгууллагаас хохирогчоор оролцож байсан харуулын албаны дарга Гомпил гэдэг хүний гаргасан хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй байгаа. Техникийн комиссын актын үнэлгээгээр 12.901.951 төгрөгийн хохирол учирсан. Сая шүүх хуралдаанаас өмнө 4.628.590 төгрөгийн хохирол төлөгдсөн. Үлдэх хохирол төлбөрийг сүүлд баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэнэ гэсэн бодолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.З.ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаасан тэмдэглэл. /хэргийн 153 дугаар хуудас/

            Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/,            

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/,

Гэрч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 54 дүгээр хуудас/,

2009 оны 12 дугаар сарын 18-ний өдөр эд зүйл хураан авсан тухайн тэмдэглэл, фото зураг. /хэргийн 9, 12 дугаар хуудас/,

2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 8 дугаар хуудас/,

2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тооллогын комиссын 28 тоот акт. /хэргийн 18-31 дүгээр хуудас/,

Г.Д-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Д. нь 2009 оны 12 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 22 цагийн орчимд Дархан сум 15 дугаар баг Үйлдвэрийн дүүрэгт байрлах Э.-цемент ХХК-ний үйлдвэрийн хашааг хууль бусаар давж орон грипер краны цахилгааны КГ3х35+1х25 маркийн бүдүүн кабель утас 200 метрийг, мөн КГ3х2.5 маркийн нарийн кабель утас 73.3 метрийг тус бүр шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр хулгайлж тус байгууллагад 4.628.590 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Г.Д.гээс гурван ширхэг хар өнгийн кабелийн утас, гадна талыг нь шатаасан хумьж боосон таван хэсэг зэс утас зэрэг зүйлсийг хураан авсан тэмдэглэл, /хэргийн 9 дүгээр хуудас/,

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 10 дугаар хуудас/,

хохирогч Б.Б-ын “2009 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Э. цементийн үйлдвэрийн Грипер краны ил кабелийн утас ил байж байдаг бөгөөд тэр утсыг дундаас нь хоёр хэсэг газраас тасдаж авсан байсан. Мөн түүнээс дөрөв хоногийн дараа буюу 2009 оны 12 дугаар сарын 16-ны шөнө мөн краны кабель утсанд хулгай орж хоёр кабель утсыг тасдаж авсан байсан. Нэг утас нь 50 метр байдаг эдгээр утаснаас хэмжиж үзээгүй бөгөөд манайхан хэлэхдээ нэг утаснаас нь 2-5 метрийг авсан байсан гэсэн. Техникийн комисс 50 метр утаснаас дундаас тасдаж авсан үед буцааж холбох боломжгүй тул хохирлыг нийт 325 метр утсаар тогтоож гаргасан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 35, 36 дугаар хуудас/,

гэрч Г.Г-ын “... Манай байгууллагад грипер-1, грипер-2 гэсэн 2 кран байдаг бөгөөд хоёулангийнх нь кабелийг Д. авч ямар ч ажиллах нөхцөлгүй болгосон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 42 дугаар хуудас/,

гэрч Д.Б-ийн ”2009 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Э. цементийн үйлдвэрт харуулын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад гэртээ хариад байж байхад харуулын дарга Гомпил над руу утасдаад гүүрэн гриперийн кабель алдагдсан байна гэхээр нь ажил дээрээ ирээд кран дээр гарахад краны кабель утсыг 8 хэсэг газар тасдаад авчихсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 45 дугаар хуудас/,

сэжигтэн Г.Д.гийн  “2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ 18 цаг өнгөрч байхад гараад хоёр найзтайгаа пиво уучихаад шууд үйлдвэр рүү 22 цагийн орчим очсон бөгөөд үйлдвэрийн баруун талаас хашаа давж ороод кран дээр гараад 3 метрийн 2 ширхэг нийт 6 метр кабель утсыг хөрөөний иш хийсэн хутгаар тасдаад аваад гарсан юм. 

... дараа нь 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараад бирж дээр найзуудтайгаа пиво уучихаад 21 цаг хүртэл гадуур явж байгаад үйлдвэр рүү очоод хашаа давж ороод кран дээр гараад 8 ширхэг 3 метртэй нийт 24 метр кабель утас тасдаж аваад гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Г.Д.г Э. цемент ХХК-иас грейфер краны кабель утас давтан үйлдлээр хулгайлж тус компанид 4.628.590 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч С.З. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 12.901.951 төгрөг нэхэмжилж байх боловч шүүгдэгч Г.Д.гийн Э. цемент ХХК-иас хулгайлсан грейфер краны цахилгааны КГ3х35+1х25 маркийн 200 метр бүдүүн кабель утас, мөн КГ3х2.5 маркийн 73.3 метр нарийн кабель утасны үнэлгээг нийт 4628590 төгрөгөөр тогтоосон бөгөөд тэрээр уг төлбөрийг төлж барагдуулсан тул Г.Д.гээс энэ тогтоолоор нэмж гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

Харин хохирогч байгууллага нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д. нь мөн дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2010 оны 5 сараас 2012 оны 5 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргон зайлж улмаар Монгол улсын хил давж Казакстан улсруу гарч явсан болох нь:

яллагдагч Г.Д.гийн “Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш Э. цементээс 12 сая төгрөг нэхэмжилж байна гэснээс болж тэр их мөнгийг яаж олно доо гэж бодоод гадаад руу гарч ажил хийж мөнгө ольё гэсэн бодолтойгоор 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган сумын авто замын боомтоор Казакстан улс руу гарсан юм. Казакстан улсад ажил хийж амьдарч байгаад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган сумын боомтоор Монгол улс руу орж ирж байгаад баригдсан. Гадаад улсад ажил хийж амьдарч байхад хийсэн хэрэгтээ маш их гэмшиж тайван амьдарч чадахгүй байсан. Оргон зугтаж болохгүй гэдгийг мэдэж байсан. Хамгийн гол нь Э. цементийг хохиролгүй болгоё гэж бодож байсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 147 дугаар хуудас/

гэрч Г.Энэбишийн “2010 оны цагаан сарын өмнө хүүхдийн цэцэрлэг дээр тааралдсан юм. Тэрнээс хойш цагаан сарын дараа надруу утсаар яриад би одоо Налайхад байна хоёр, гурав хоногоос Дархан явна гэж надруу ярьсан. Тэрнээс хойш уулзаагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Ямар нэгэн сураг чимээ байхгүй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 84 дүгээр хуудас/

Хил хамгаалах ерөнхий газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2б/3853 дугаартай “Гонжоогийн Д. /РД:..., ПД:.../ нь Ховд аймгийн Булган авто замын боомтоор 2010 оны 3 дугаар сарын 9-нд улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэсэн албан тоот зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Д.г прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Д. нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Д. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. О овогт Г.Д.г бусдын эд хөрөнгийг давтан хулгайлсан, Прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Гонжоогийн Д.г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Г.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Д.д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Г.Д.гийн энэ хэрэгт 2012 оны 5-р сарын 17-ны өдрөөс 2012 оны 6-р сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зэс утас 2 ороомог, кабель утас 3 хэсэг зэрэг зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд Г.Д.гийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Г.Д. нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-т зааснаар “Э. цемэнт” ХХК нь өөрт учирсан хохирлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Д.д оногдуулсан 3 /гурван/ хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жил хугацаагаар тогтоосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Г.Д.д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Г.Д. нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Д.д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                                                 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.АЛТАНХУЯГ