Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0158

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0162/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч ***
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг
Шүүгдэгчийн өмгөөөлөгч П.Батжаргал
Гэрч *** 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 
 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201409000174 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ***  ны өдөр ***  төрсөн, ***, ***  настай, *** боловсролтой, пулемётчин мэргэжилтэй, ***  *** ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
 
Шүүгдэгч ***  нь  тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2014 оны 2 дугаар сарын 25-ны 20 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол ардын намын намын байрын өмнөх төв зам дээр “Т.Рrius” маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.3-д заасан “явган хүнийг гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурд хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүй бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “...жолооч  хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1А-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж уг замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 
-Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз охиноо авах гэж явж байхад миний машины урд нэг машин явж байгаад зогссон. Тэгээд би хурдаа сааруулаад хажуугаар нь гарахад машины урдаас нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд тэр хүний мөргөөд замын хажуу тал руу унасан. Тэгээд цагдаа дуудаад, эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг,
 
-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тэр өдөр захиргаан дээр хуралтай байсан. 18 цагаас хуралдаа суучхаад гараад явж байсан. ***  урд явж байгаад машин зогсоосон. Тэр машины урдуур гарцаар чигээрэй явж байсан. Тэгээд мөргүүлсэн. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг,
 
Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2014 оны 02 дугаар  сарын 25-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ээж *** ийн нэр дээр байдаг гэхдээ миний эзэмшлийн ***  улсын дугаартай Тоёота-Приус маркийн машинтай, найз охин ***  болон түүнтэй цуг нэг дор ажилладаг ***  гэх залуу нарыг ажлаас нь тосоод шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлд Хээтэй хорооллын урдуур явдаг асфальтан замаар замын баруун гар талын эгнээгээр явж байсан. Миний урд явж байсан машин намын байрны урд явган хүний гарц нь дээр хүн авах гээд зогссон. Тэр машиныг гүйцэт түрүүлээд гартал зогсож байсан машины урдуур нэг хүн гарч ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргүүлсэн. Би явган зорчигчийг мөргөсний дараа машинаа замын баруун гар тал руу шахаж зогсоосон, мөргүүлсэн явган зорчигч замын голд байх тусгаарлах зурвас дээр унасан байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн. Би 20-30 км цагийн хурдтай явж байсан. Зам тээврийн осол гарснаас болж машины урд талын салхины шил зүүн урд доод буланд хагарсан” гэх мэдүүлэг /хэргийн 62-64 дүгээр хуудас/,
 
 
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед “Монгол ардын нам” –ын байранд болсон оюутны холбооны хуралд суучхаад 20 цагийн үед хурал нь тараад “Монгол ардын намын байрнаас гараад байр луугаа явах гээд машин замын явган хүний гарцаар хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна эмнэлэгт ирээд ухаан орсон. Явган хүний гарцыг машин хааж зогсоогүй байсан. Би зам тээврийн осолд орсноос болж нуруу, толгой, аарцаг, нүд, далны яс, хамарны ясандаа, гэмтэл авсан. Одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 13-17 дугаар /,
 
Хохирогч *** ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд-4 ширхэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
 
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хуучин Дархан чиглэлд явах машин замын явган хүний гарцны тэмдгийн хажууд зогсоод гараа өргөхөд саарал өнгийн Соната-5 маркийн машин зогссон, би машины урд талын хаалгыг онгойлгож жолоочоос хээтэйгийн хойгуур явах уу гэж асуусан. Гэтэл миний баруун талд ***  чангаар би юу болов гээд хартал *** замын зорчих хэсгийн тусгаарлах зурвас дээр хэвтэж байсан. Түүнийг мөргөсөн “Приус” маркийн машин нэлээд зайтай газар очоод зогссон байсан. Би тэр даруй цагдаад болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Миний гар өргөж зогсоосон машин явган хүний гарц гэсэн тэмдгийг хэтрэлгүй зогссон тэр зам нь явган хүний гарцны цагаан шугам байдаггүй юм байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,
 
Гэрч *** ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд-9 ширхэг /хэргийн 24-28 дугаар хуудас/,
 
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...***  ах хуучин Дархан явах чиглэлийн замаас гар өргөж машин зогсоосон. Золбоо эгч надаас 2-3 алхмын урд явж байсан. Тэр ***  ахын зогсоосон машины урдуур явган хүний гарцаар зам хөндлөн гарахад цаад талын эгнээгээр / хуучин Дархан чиглэлд / явж байсан суудлын автомашин *** эгчийг мөргөчихсөн тэр замын хажуу руу унасан. Түүнийг мөргөсөн машин хэсэг яваад замын баруун гар тал руу шахаж зогссон” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,
 
Гэрч *** ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд-5 ширхэг /хэргийн 30-33 дугаар хуудас/
 
Гэрч ***  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...***  гэж залуу гэртээ дөхөхөөр ***  ын машинд суусан. Консулын уулзвар өнгөрөөд Хээтэй хорооллын урд талын замаар явж байхад “ Монгол ардын нам” –ын байрны урд зам дээр бараан өнгийн хувцастай залуу такси зогсоох гээд гараа өргөөд зогсож байсан. Бидний урд саарал өнгийн Соната-5 маркийн машин явж байсан, тэр хүнийг авах гээд зогсоход *** хурдаа сааруулаад зүүн гар тийш дарж нөгөө талын эгнээ рүү ороод хажуугаар өнгөрөх гэж байтал нэг эмэгтэй замын баруун гар талаас хөндлөн гүйж гарч ирээд машины зүүн урд хэсэгт мөргүүлчихсэн. ***  машинаа зогсоож зүүн гар талын эгнээ рүү замаа чөлөөлж зогссон” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,
 
Зам тээврийн осол хэрэг дээр тогтоосон ослын дүгнэлт, схем  зургууд /хэргийн 35-37 дугаар хуудас/,
 
2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчдийн дүгнэлт /хэргийн 55 дугаар хуудас/,
 
2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1231 тоот шинжээчдийн хамтарсан дүгнэлт /хэргийн 229-230 дугаар хуудас/,
 
2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 272 тоот “*** ийн биед суурь яс болон ухархайн арын хананы хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 48 дугаар/,
 
2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 016 тоот техникийн шинжээчийн “... Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна. Тээврийн хэрэгслийн урд талын салхины шил зүүн гар талдаа хагарсан нь ослын дараах эвдрэл гэмтэл байна” гэх дүгнэлт /хэргийн 39-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч ***  нь  тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2014 оны 2 дугаар сарын 25-ны 20 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол ардын намын байрын өмнөх төв зам дээр “Т.Prius” маркийн ***  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.3-д заасан “явган хүнийг гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурд хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүй бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “...жолооч  хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1А-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж уг замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Золбоог мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** д тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч *** нь эмчилгээний болон бусад зардалд нийт  9 000 000 төгрөг  нэхэмжилснээс шүүгдэгч *** с 5250000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Хохирогчоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой холбогдуулан  ирүүлсэн баримтуудын зарим  нь буюу   *** ХХК-ийн  571000 төгрөгийн  болон 571000 төгрөгийн /2 удаагийн/эм тарианы 2014 оны 3сарын 23-ны өдрийн зарлагын баримтууд   дугаартай, дугааргүй,  өөр компаний тамга бүхий /хх-ийн 193,199 дэх тал/, Амин-Ус ХХК-ийн 180000 төгрөгийн эм тарианы 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 92 дугаар зарлагын  баримтын хуулбар дээр  “Хос зүтгэл” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан /хх-ийн195 тал/  зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, “Аюурвенд” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний  ор хоногийн төлбөрт  2014 оны 04 сарын 04-ны өдөр 540000 төгрөг, 2014 оны 03 сарын 25-ны өдөр 400000 төгрөг тус тус төлсөн тухай  бэлэн мөнгөний орлогын баримтуудууд  /хх-ийн 120-204 дэх тал/ давхар бичигдсэн зэргээс  үзэхэд шүүгдэгч ***  нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохиролыг  төлж барагдуулсан гэж тооцох үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл,

журмын дагуу  гэрч ***  г нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул шүүгдэгч *** с 2 сарын цалин 1210000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг авч  хэлэлцэхгүй орхиж , иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч ***  д ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл хамааруулах нь зүйтэй хэдий ч шүүгдэгч ***  2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл 2/хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто ослын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийг мөргөсны дараа тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоолгүй хөдөлгөөн хийсэн, хохирогч толгой, нуруу, аарцагны яс хугарсаны улмаас хохирогчоос сэтгэл санааны болон эд материалын хувьд  гэм хор арилсан гэж үзэхгүй гомдолтой гэж  мэдүүлж байгаа болон нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэрэг байдлыг ял харгалзаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн  гэж үзсэн тул шүүгдэгч *** ын эзэмшлийн 350 000 төгрөгийн үнэ бүхий HKS маркийн 32 инчийн LCD дэлгэцтэй  зурагтыг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1280 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч *** ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Цагаанууд овогт *** ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** г бусдын  батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай .
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан *** ын  эзэмшлийн *** инчийн LCD дэлгэцтэй  350 000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1280 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
 
 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолсугай. 
 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ