Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00505

 

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00505

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           

                           

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн .. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Байлгас овогт Сын Н //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-7б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Нохойбуянт овогтой Ц-ын Г //-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 153/2020/00161/и индекстэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч С.Н, хариуцагч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд Ц.Гтой танилцаад 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хуримаа хийсэн. Том хүү Г.Т 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, дунд хүү Г.Т 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, бага охин Г.М 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдөр төрсөн. Энэ хүнтэй амьдарч байх хугацаандаа их дарамт үзэж хадам дүүгээрээ хөөж туулгаж, хадам эцгээрээ зодуулж байсан. Өмнөх шүүх хуралдааны дараа буюу эвлэрлийг гурван сарын хугацаанд хотод очиж эмнэлэгт үзүүлчихээд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээгээ дуусгаад 1 сар ажил хийж байгаад саяхан аав ээж дээрээ ирсэн. Би энэ айлд бэр болоод 10 жил болж байна.Энэ айлын бэр болох шалгуурт би нийцээгүй учир над руу дайрч давшилдаг байх гэж бодож байна. Би тэр болгоныг нь тэвчсэн. Эмэгтэй хүнд тэвчээр гэж байдаг. Одоо аав нь гурван хүүхдээ авна гэж байгаа бол би аавд нь гурван хүүхдээ өгнө. Би гурван хүүхдээ биедээ мэс хүргэж байж төрүүлсэн нь үнэн. Намайг байнга хоосон ирсэн гэж ярьдаг. Би энэ айлд анх ганцаараа ирсэн юм чинь би гурван хүүхдээ үлдээгээд ганцаараа явъя. Цаашид Ц.Гтой хамт амьдарч чадахгүй. Надад ямар зан гаргаснаа Г өөрөө мэдэж байгаа байх. Миний эцэг, эх 70 дөхсөн хүмүүс байгаа. Би одоо эцэг, эхийгээ зовоохгүй энэ хүнээс хол амьдраад явмаар байна. Ц.Г хүүхдүүдээ авна гэж байгаа учир хүүхдүүдээ эцэгт нь үлдээнэ. Хүүхдүүдээ аавд нь үлдээж байгаа учир хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж байна. Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн....Би гуйлгачин айлын охин гэж 10 жил дуудуулж амьдарсан. Намайг очвол аав, ээж, ах дүү нар нь тэжээж чадахгүй учир буцаасан байна гэж хэлнэ. Би дахин дарамтад амьдармааргүй байна....Аав нь хүүхдүүдээ авна гэж байгаа тул аавд нь хүүхдүүдээ өгнө. Тиймээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзаж байна....Би энэ талаар нөхөртөө хэлсэн. Хоёулаа өөр суманд очиж амьдаръя гэхэд манай нөхөр би аав ээжтэйгээ тангараг тасраад явна. Чи орох оронгоо өөрөө олж, ажил хий. Хэрвээ миний аав, ээжид ямар нэгэн асуудал тохиолдвол чи хариуцлагыг нь хүлээ гэж хэлж байсан....Хүү Г.Т нь Эрдэнэбүрэн сумын 4 дүгээр ангид суралцдаг. Г.М Эрдэнэбүрэн суманд хэдэн хоног цэцэрлэгт явсан_ Тэгээд корона гараад цэцэрлэгт явж чадаагүй. Г.Т нь Эрдэнэбүрэн суманд нэгдүгээр ангид суралцдаг....Эд хөрөнгийг маргаан байхгүй....Би хоёр эрэгтэй хүүхэд гаргаж өгсөн учир надад дургүй байж магадгүй гэж бодоод би охин гаргаж өгсөн. Анхнаасаа надад дургүй байсан. Манай нөхөр бага эрэгтэй дүү шигээ шийдвэр гаргаж чаддаггүй. Хоёулаа аймгийн төвд амьдаръя гэж хэлчихээд хөдөө очоод өөр зүйл ярьдаг. Энэ танхимаас гараад урьдын адил үйл явдал давтагдана. Иймд гэрлэлтээ цуцлуулна....гэв.

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...С.Н бид хоёр нэг нутагт хамт өссөн. Багаасаа бие биенээ мэднэ. С.Н 10 жилд манай доод ангид сурч байсан. Бид хоёр 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр анх хуримаа хийсэн. 2009 оны 12 сард гэрлэлтээ батлуулсан. Том хүү Г.Т 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, дунд хүү Г.Т 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, бага охин Г.М 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдөр төрсөн. 2011-2018 он хүртэл би хот тохижуулалт болон өөр газарт ажиллаж амьдралаа аваад явж байсан. 2018 онд ажлаасаа гараад хөдөө мал дээр гарснаас хойш бид хоёрын маргалдах нь ихэссэн. Манай аав ээж хоёр хөдөө мал дээр байдаг. Хоёулаа 60 гаруй насны хүмүүс байгаа....Том хүү Г.Т төрснөөс хойш би эхнэрээ хөдөө гаръя гэж байна гуйдаг байсан. Эхний 1 жил манай эхнэр хөдөө гарсан. Түүнээс хойш хөдөө явахаа больсон. Намайг хаяад явснаас нь хойш бодож үзэхэд манай эхнэр хөдөө гарах дургүй байсан юм байна лээ. Би эхнэрээ гуйж байж хөдөө гардаг байсан. Эхнэрээ хөдөө гарахгүй гэхэд нь би уурлаж гомддог байсан хэдий ч бид хоёр зодолдож, хэрэлдэж үзээгүй.

Манай морь гайгүй хурдан давхидаг байсан. Нэг зун наадмаар харанхуй шөнө ангийнхан дээрээ очно гэж зөрсөөр байгаад нялх хүүхэдтэй тул очиж ирчихээд буцаад явна гэхээр нь манай аав нөхөр чинь морь уяж байна. Морь уяж байхад морины хажууд согтуу эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн ч согтуу ирдэггүй гэж хэлж байсан. Тэр наадмаар манай морь айрагдаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай дүү Саруултуяа хуримаа хийсэн. Хурим болдог орой манай ах, дүү нар ирээд найрлаж байгаад би ах дүү нараа хүргэхээр явсан хойгуур манай аав, эхнэр хоёр муудалцсан байсан. Намайг ирэхэд манай эхнэр уйлсан сууж байсан. Би учрыг нь ойлгож амжаагүй байтал цагдаа орж ирсэн. Гэтэл манай эхнэр хадам ах Сандагдорж руу залгаад хадам ах дуудлага өгсөн байсан. Цагдаа ирээд аавыг аваад явсан. Аав хоёр өдөр эрүүлжүүлэхэд хоносон. С.Н шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж, манай эцэг шүүхээр ороод хуулийн хариуцлага хүлээсэн. Би энэ асуудлаас болж С.Нтэй нэг ч удаа маргалдаж, гомдоллож үзээгүй. Манай гурван дүү ч энэ талаар гомдоллож үзээгүй. Би хөдөө амьдарч байхдаа бүх ажлаа бараг ганцаараа хийж байсан. Эхнэрээ бараг ажил хийлгүүлээгүй. Надтай хамт байх үедээ нүүдэл хийсэн үед гэр барихад тусалдаг байсан. Манай хадмууд та нар манай охиныг боол шиг зарж байна гэж ярьдаг байсан. Би энэ яриаг тоолгүй 2, 3 жилийн дараа амьдрал дээшилж, эдийн засгийн хувьд гайгүй болох байх гэж бодож байсан.

Манай эхнэр 2019 оны 7 сард манай эхтэй хэрэлдэнгүүтээ хот яваад 2019 оны 12 дугаар сард ирсэн. Би энэ хугацаанд уурлаж, гомдоллоогүй. Хотоос ирэхэд нь би уулзаад за чи хүүхдүүдээ хараад суманд амьдар би хөдөө мал дээр байя гэхэд би суманд амьдрахгүй. Би аймагт амьдарна гэж хэлсэн. Анх бид хоёр айлын хашаанд хуримаа хийж байсан. Манай эхнэр өвөлд гурван жоохон хүүхэд хардаг байсан учир бид нар өвөлд байр түрээсэлж амьдардаг байсан. Манай аав, ээж хоёр гурван ачдаа байр авч өгнө гээд 80-д байр авч өгсөн. 2018 онд хөдөө гарснаас хойш байрандаа ирэх нь багассан. Манай эхнэр хадам эгч Туяагийн хамт 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл суманд хоолны газар ажиллуулсан. Хоолны газар нь зарим сар орлого муутай байхаар нь би чи гурван хүүхдээ хараад хөдөө байж бай гэхэд би хөдөө байдаг хүн биш гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёрын дунд маргаан үүсэж хэн хэн нь бууж өгөхгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Намайг залгахаар утсаа авахгүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын эхээр над руу залгасан. Хүмүүс надад танай эхнэр Хятад руу явж байна гэж хэлсэн.

....Сүүлдээ намайг ойртуулахаа больсон. Би уурлаад би чиний нөхөр чинь биз дээ гэхэд миний яаж явах чамд хамаагүй гэж хэлсэн....Өнөөдөр манай талаас чамайг дарамталсан хүн нэг ч байхгүй. Гэтэл танай талаас намайг дэмжиж байгаа хүн байхгүй байгаад би гомдож байна.

....Чи баян болохоороо өмгөөлөгч авсан гэж чи өчигдөр над руу дайрч байна лээ. Би гэр бүлээ бүтэн авч үлдэх гэж өмгөөлөгч авсан. Гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Үнэхээр гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай гэвэл би гурван хүүхдээ өөрөө авна....Надад ярилцах боломж олгоогүй. Би ирээдүйнхээ төлөө та бүгдийн өмнө уучлалт гуйж чадна. Өөр газар амьдаръя гэвэл ямар нэгэн шаардлага тавихгүйгээр амьдраад явах боломжтой. Нэг хэсэг би эцэг, эхийгээ бодоод өөр газар амьдаръя гэхэд нь татгалзаж байсан бол одоо өөр газар хамт амьдаръя гэвэл амьдарна....Надад тодорхой хэмжээний хөрөнгө байгаа. Би С.Нийг авах зүйл байвал аваарай гэхэд өөрөө авахгүй гэсэн. Одоо эд хөрөнгийн маргаан байхгүй....Манай хүүхдүүд ээжээсээ илүү надад сайн. Би гэр бүлээ бүтэн авч үлдье гэж бодсон. Үнэхээр гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол би гурван хүүхдээ өөрийн асрамжиддаа авна. Манай аавын гаргасан үйлдлээс нь болоод манай хадмууд аавыг үзэхээ больсон. Хэрэв манай ааваас болж байгаа бол хүүхдүүдээ аваад тусдаа амьдаръя....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь Ц.Год холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0150353 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Г.Т, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Г.Т, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр охин Г.М нар төрсөн болох нь Г.Т, Г.М нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 126/001547 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4-6, 14 дүгээр тал/

Нэхэмжлэгч С.Н, хариуцагч Ц.Г нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2020 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргав.

Иймд нэхэмжлэгч нь хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээх тайлбарыг гаргасан тул 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Г.М нарыг эцэг Ц.Гын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг батлах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Т, Г.Т, охин Г.М нарыг эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Нийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эх С.Нээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эцэг Ц.Г нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч С.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нт олгох нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Нохойбуянт овогтой Цын Г //, Байлгас овогт Сын Н // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Г.М нарыг эцэг Ц.Гын асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлин 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч С.Нт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Ц.Год тус тус даалгасугай.

5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,720 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нт олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ