Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 00517

 

2020 оны 07 сарын 30 өдөр

    Дугаар 153/ШШ2020/00517

                  Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн .. айлын орон сууцны .. тоотод оршин суух, Урианхай овогт Дийн Ш //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар //-т холбогдох,

эдийн засагч, орлогын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, нийгмийн даатгал дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00452/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ш нь Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд үгний тодруулга хийе. Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эдийн засагч орлогын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэснийг эдийн засагч тооцооны нягтлан бодогч гэж тодруулъя. Учир нь нийгмийн даатгалын дэвтэр дээр эдийн засагч орлогын нягтлан бодогч гэж бичсэн байгаа боловч ажил олгогчийн ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал дээр нь эдийн засагч тооцооны нягтлан бодогч гэж байсан. Иймд ажил олгогчийн тушаалыг үндэслэн эдийн засагч тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулъя. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар зохицуулсан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажилтан ажилдаа орох хүсэлт гаргавал ажил олгогч ажилтныг эгүүлэн ажилд авна.

Нэхэмжлэгч Д.Ш 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчтой уулзаж ажилдаа оръё гэдэг хүсэлтийг амаар тавихад ажил олгогч этгээд ажиллуулахгүй гэдэг хариуг амаар өгсөн.

....Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажил олгогчтойгоо уулзаж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилох тухай хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн. Тухайн хүсэлтийг шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй. Ажил олгогч  чиний нөхөр надтай шүүхдэлцэж байгаа учир би чамайг ажиллуулахгүй гэдэг хариуг амаар өгсөн.

Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Хавтаст хэрэгт Д.Шийн Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд “Миний бие Д овогтой Ш нь Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт эдийн засагч орлогын нягтлангаар ажилладаг. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах 1 жилийн чөлөөг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл авсан. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн биеэр ирж ажилдаа орох хүсэлт тавьсан. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилдаа орох хүсэлт гаргаж байна. Өнөөдөр 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр. Өнөөдөр хариу өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч ажил олгогч ямар нэгэн хариу өгөөгүй.

Ажилд нь эргүүлж ажиллуулаагүй, энэ хугацаанд цалин хөлс олгогдоогүй учир ажилтныг ажлаас халсантай адилтган үзэж бид нар гомдлын шаардлага гаргасан. Ажилтан хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж түүнийг ажилд эгүүлэн ажиллуулах үндэслэл бүрдсэн байхад ажил олгогч этгээд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа. Хариуцагчийн үйлдэл нь хууль бус юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг зөрчиж байна. Иймд ажилтны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү....2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,168,000 төгрөгийг Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгч Д.Шт олгож өгнө үү....Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр чөлөө аваад үргэлжлүүлж жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Мөн үргэлжлүүлж нэг жилийн хүүхэд асрах чөлөө авсан....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Нэхэмжлэгч Д.Ш 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр жирэмсэн байхдаа цалингүй чөлөө авсан. Жирэмсний амралт олгогдохоос өмнө цалингүй чөлөө авсан. Байгууллагын зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 23 хоногийн цалингүй чөлөө олгосон байдаг....2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл жирэмсний амралт эдэлсэн.

....Жирэмсний амралтаасаа өмнө чөлөө хүссэн өргөдөл гаргасан баримт нь байгууллагад байдаг. Хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг ажилтан бичгээр гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг бичгээр гаргаагүй. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлж авна гэсэн өргөдөл гаргасан гэж хариуцагч байгууллагын зүгээс тайлбарладаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс би хүүхэд асрах чөлөөгөө 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буюу 1 жилийн хугацаатай чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан учир 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан гэдэг баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тайлбарласан. Уг тогтоолын 11 дүгээрт хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэдэг нь “Энэ хэсэгт заасан үндэслэл шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд ажиллаж байсан ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн ажил олгогч ауилтны ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ” гэж тайлбарласан. Дээрх тохиолдолд Д.Шийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан гэдэг бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Д.Шийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаар би ажилдаа орно гэдэг өргөдлийг Д.Ш нь Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт гаргаагүй. Харин 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авна гэдэг баримт байсан боловч бичиг хэргийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж уг баримтыг хариуцагч байгууллагын зүгээс гаргаж өгөх боломжгүй болсон.

Д.Ш 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авна гэсэн баримтаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ормоор байна гэсэн хүсэлт нь хэрэгт авагдсан байгаа. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй....Нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу ажлаас халсантай адилтгаж үзэж байгаа шаардлага нь нотлогдохгүй байна гэж үзэж байгаа учир ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч Д.Шийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөгдөж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....Д.Шийн орон тоонд  хүн авч ажиллуулаагүй....Хүүхэд асрах чөлөө олгосон ажил олгогчийн тушаал гараагүй юм шиг байна лээ. Би хүүхэд асрах чөлөө олгосон ажил олгогчийн тушаал өг гэхэд баримтууд дотор байхгүй байна гээд надад өгөөгүй....Нэхэмжлэгч Д.Ш хүүхэд асрах чөлөөгөө 2020 оны 11 дүгээр сар хүртэл авсан учир чөлөөнийхөө хугацааг дуусгаж ажилдаа ор гэдэг шаардлагыг тавьж байгаа....Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ажилдаа орох боломжтой....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш нь Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан эдийн засагч, орлогын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, нийгмийн даатгал дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь эдийн засагч, орлогын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эдийн засагч, тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,168,000 төгрөг гаргуулах гэж тус тус тодруулав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун эс зөвшөөрч “....Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй....” гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Д.Ш нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогч, эдийн засагч тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Д.Шийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн №0703939 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 2-3, 30 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөө авч, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний амралт эдэлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюуны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.

Д.Ш нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүү Т.Чинбаярыг төрүүлсэн болох нь №8401000132 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдлоо. /хх-ийн 4 дүгээр тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь “....Нэхэмжлэгчийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлт гаргасан...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь “...Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авна гэсэн өргөдлийг гаргасан...” гэж тус тус тайлбарлав.

Ажил олгогч нь нэхэмжлэгчид хүүхэд асрах чөлөөг олгосон талаарх эрхийн акт гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба үүнд ажилтныг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Д.Ш нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүсэлт гаргахдаа “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүхдээ асрах 1 жилийн чөлөөг 2020.04.01 өдрийг хүртэл авсан. 2020.04.01-нд өөрийн биеэр ирж ажилдаа орох хүсэлт тавьсан. Одоо 4.10-наас ажилд орох хүсэлт гаргаж байна. 2020.04.07 буюу өнөөдөр хариу өгнө үү гэжээ. /хх-ийн 27 дугаар тал/

Уг хүсэлтийг дагуу Д.Шийг эрхэлж байсан ажилд нь ажил олгогч авч ажиллуулаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нь Д.Шийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан.

Мөн хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан байна.

Иймээс шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюуны гаргасан “...Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ажилдаа орох боломжтой....” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажилтны хүүхэд асрах чөлөөний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дууссан гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажилтны хүүхэд асрах чөлөөний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусна гэх тайлбарууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

 Учир нь, ажил олгогч нь ажилтныг хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч нэхэмжлэгч өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлэлгүй, түүнийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь ажил олгогчийн буруутай үйлдэл байна.

Иймд нэхэмжлэгчийг Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эдийн засагч, тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,168,000 төгрөгийг гаргуулахаар тодруулжээ.

Нэхэмжлэгч Д.Ш нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүхдээ асрах 1 жилийн чөлөөг 2020.04.01 өдрийг хүртэл авсан. 2020.04.01-нд өөрийн биеэр ирж ажилдаа орох хүсэлт тавьсан. Одоо 4.10-наас ажилд орох хүсэлт гаргаж байна. 2020.04.07 буюу өнөөдөр хариу өгнө үү” гэх /хх-ийн 27 дугаар тал/ хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтээр нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилдаа орох хүсэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс жирэмсний амралтаа эдэлсэн. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж дуусган ажилдаа орсон болох нь нэхэмжлэгчийн 2018 оны цалингийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 33 дугаар тал/

Иймээс ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сард авсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзлээ. /2018 оны 8 дугаар сар 229,565 төгрөг + 2018 оны 9 дүгээр сар 660,000 төгрөг + 2018 оны 10 дугаар сар 660,000 төгрөг = 1,549,565 төгрөг / 3 сар = 516,521.6 төгрөг / 17 хоног = 1 өдрийн 30,383.6 төгрөг х 75 хоног = 2,278,770 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2018 оны 8 сард ажлын 8 хоног + 2018 оны 9 сард ажлын 20 хоног + 2018 оны 10 сард ажлын 23 хоног = 51 хоног / 3 = 17 хоног/. /хх-ийн 33 дугаар тал/

Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,278,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 889,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иймд Д.Шийг Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эдийн засагч, тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,278,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 889,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,278,770 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,410 төгрөг, нийт 121,610 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Урианхай овогт Дийн Шийг Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эдийн засагч, тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,278,770 /хоёр сая хоёр зуун далан найман мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 889,230 /найман зуун наян есэн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Шийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж нийт 121,610 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ