| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0158/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0159 |
| Огноо | 2014-07-09 |
| Зүйл хэсэг | 146.1., 146.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0158/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Б.Нямдорж
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000311 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн*** настай, *** , бүрэн дунд боловсролтой, *** түр оршин суух хаягийн бүртгэлтэй, *** ны өдөр Дархан уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-р 1 жил 6 сар хорих, *** ны өдөр мөн Дархан уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 13-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар нутагт шунайхан сэдэлтээр, иргэн *** ийн түрийвчтэй мөнгийг дээрэмдэн авахдаа хүч хэрэглэн довтолж биед хөнгөн гэмтэл,
Мөн өдрийн орой 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар багийн нутагт байрлах эрүүл мэндийн 2 төвийн баруун талд иргэн ***г согтуу байдлыг далимдуулан эд зүйлийг нь булаан авч 445 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2014 оны 4 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед гэрээсээ усанд орох гэж гарсан юм. Надад 3000 төгрөг үлдэхээр нь архи авч уусан. Захын урд байрлах Ихэр могой баранд архи ууж байгаад *** нартай цуг гарсан. Барнаас гарахдаа *** ай тэврэлдээд газар унасан юм. Би ***босгох үедээ түрийвчийг нь аваад саад руу шидсэн юм. *** газраас босч ирээд “Миний түрүүвч алга, олж өг” гэж хэлсэн. Тухайн үед 20 цагт бүрэнхий байсан учир асаагуурын гэрлийг асааж 5 минут орчим хайсан. З.Бадгаа гудамжид явж байсан хоёр залууг гуйж түрийвчээ цуг хаалгуулсан юм. *** ийн түрийвчид 20.000 төгрөг байсан учир тэр хоёр залуу шагнал авна гэж хэлсэн. Тэгээд З.Бадгаа тэр хоёр залуутай “Ихэр могой” дэлгүүр руу цуг ороход үед нь би гадаа байсан. Би ***аас нэг шил архи аваад өг гэж гүйсэн. Бид хоёр “Ихэр Могой” дэлгүүрээс архи авах гэхэд бидэнд архи зараагүй юм. Бид хоёр арбатын гудамжинд байдаг дэлгүүрээс 0.75 граммын шилтэй “Хараа” архи авч Намын байрны ойролцоо архиа цуг уусан. Архи уусны дараа би ***ийн түрийвч, цаг, гар утсыг яаж авснаа мэдэхгүй байна. Би согтуу орцонд унтаад сэрэхэд миний халааснаас гар утас, түрийвч цаг гараад ирсэн. Би тэр өдөр *** гуайтай тааралдвал өгье гэж бодож байгаад алт, монет авдаг хүнд тушаасан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх гэв.
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***г би баарнаас гараад дагаж явсаар татварын байрны орчим гүйцэж очоод ***ийн өмдний ард байх халааснаас түрийвчийг нь сугалж авсан ба энэ үед ***гуай эсэргүүцээд намайг барьж авах гэхэд нь би *** ийн нүүрний баруун тал руу гараараа нэг удаа цохисон...
...0,75 литрийн архи *** гуай худалдаж аваад надад өгөхөөр нь хамт ууя гээд гадаа 21 цаг өнгөрч байхад ***ийн ойролцоо хувааж уусан. Тэгээд архи уухдаа бид 2 танилцаад *** гуай согтоод ирэхээр нь би *** гуайн гартаа зүүсэн байсан монетон бөгж, хар өнгийн утас, түрийвч дотор нь мөнгө байсан , тэлээ зэргийг нь мулталж тайлж аваад зугтсан. *** ахын юмыг авах үед *** ах босч чадахгүй болтлоо согтсон байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 54-61дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.04.13 ны өдөр би Ховд аймгийн нутгийн зөвлөлийн хүмүүсийн хамт нутгийнхаа нэг хүнийг эргэхээр очоод тэнд 1 шил 0,5 литрийн экс архи хувааж уусан. Тэндээс гараад хүмүүсээс салаад найз ***тэй хамт Ихэр могой худалдааны төвийн ойролцоо нэг бааранд орж пиво уух гэтэл мөнгө муутай байсан тул гартаа зүүж явсан 3,8 грамм монетон бөгжийг биржийн хажуугийн Олуулаа ломбардад 30,0 төгрөгөөр барьцаалж мөнгө аваад *** бид 2 биржийн хажуугийн Хаан банкны ойролцоо нэг бааранд орж тус бүр 0,5 л Сэнгүр пиво уучхаад тэндээс гараад 20 цагийн орчим ***ээс салсан. Тэгээд би микрт байх гэрлүүгээ харих гээд биржийн урдуур гараад монгол алтны уулзвар орчимд явж байтал миний араас 2 танихгүй залуу харагдсан. Тухайн үед би нэг их тоогоогүй. Гэтэл тэр 2 залуугийн жижиг залуу нь над дээр ирээд миний өмдний арын халаасанд хийсэн байсан мөнгөтэй түрийвчийг шууд ухаж аваад Монгол алт Бирж 2-н дунд байдаг хашаа руу шидсэн. Тухайн үед би миний түрийвчийг авч шидсэн жижиг залуу руу чи яаж байгаа юм гээд эсэргүүцсэн чинь тэр залуу миний баруун нүд орчим гараараа нэг удаа цохисон. Тэр залуутай хамт явсан залуу яваад өгсөн. Тэгээд түрийвчээ хайтал танихгүй эрэгтэй эмэгтэй 2 цаанаас ирж таараад миний түрийвчийг харчхаад түрийвч оллоо гээд түрийвчийг маань авчхаад өгөхгүй шагналын 2,0 төгрөг өг гээд надаас нэхсэн. Тэгээд түрийвчээ аваад тэр 2 болон нөгөө жижиг залууг дагуулаад Сондор гэх дэлгүүрт орж мөнгө задлуулаад хүүхэн залуу хоёрт 2,0 төгрөг өгөөд явуулсан. Жижиг биетэй залуу надаас архи нэхээд салахгүй болохоор нь архи авч өгөх гэтэл худалдагч намайг согтуу байна орой болж байна архи нэмж өгөхгүй гээд өгөөгүй. Тэндээс гараад нөгөө жижиг биетэй залуу надаас салахгүй архи авч өгөөч гээд байхаар нь архи өгөөд салъя гэж бодоод эрүүл мэндийн төвөөр доош тэр залуутай уруудаад гандангийн хавийн нэг дэлгүүр орж 0,33 граммын Хараа архи худалдаж аваад нөгөө залуутай хамт уусан. Архи ууж байхдаа тэр залуу өөрийгөө Ховдын Булганы *** гэдэг гэж хэлж байсан. Тэгээд намайг нутгийн ах хүү байна. Архи уу гээд архиар шахаад байсан. Намайг уухгүй гэтэл танилцсаных уу гээд архинаас уулгасан. Би нэлээд согтсон. Тэр үед нөгөө *** гэдэг залуу миний зүүн гарт байсан 3,8 грамм монетон дээд талдаа алтан оруулгатай нарийн тольтой бөгж, шар өнгийн оосортой бугуйн цаг, хүрэн савхин түрийвч, түүн дотор байсан 30,0 орчим төгрөг, Жи мобайл болон мобикомын тус бүр нэг нэг сим ордог хар өнгийн корпустай гар утас 1, виза карт, өмдний суран тэлээ, 3 ширхэг багц түлхүүр, бөгж барьцаалсан ломбардын бичиг зэрэг зүйлийг маань аваад хөөе нааш ир ахынхаа юмыг өгчих мөнгийг нь ав бичиг баримтыг нь өгчих гэж гуйгаад дуудаад байхад тоохгүй юмыг маань аваад тэр чигтээ зугтаасан. Тухайн үед би өөрөө тэр хүний араас хөөж гүйх чадваргүй болтлоо согтсон байсан. Тэгээд тэндээсээ алхаж явсаар шөнө гэртээ ороод унтсан. Маргааш нь цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 22-25 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 04 сарын 13 ны өдөр надаас Баатаржав усанд орно гээд мөнгө аваад явсан. Тэгээд хэд хоног манайд ирж хоноогүй. Хэдний өдрийг нь би мэдэхгүй байна. Би хувийн машинтайгаа Дархан дотор таксинд явж байтал *** ах хуучин хүнсний захын гадна согтуу явж байхаар нь би дуудаж уулзаад харъя гэхэд харихгүй согтуу над руу агсраад явахгүй гээд өмсөж явсан куртикээ тайлж шидсэн. Тэгэхээр нь *** ахын куртикийг машиндаа хийгээд халаасыг нь уудалж үзэхэд нүүрэндээ Чингис хааны зурагтай хоосон түрийвч, хар өнгийн нокио гэх 2 сим ордог боловч сим картууд нь байхгүй гар утас, эрэгтэй бугуйн цаг зэрэг зүйл гарч ирэхээр нь *** ахыг эрүүг болохоор нь өөрөөс нь асууя гэж бодоод гэртээ хадгалж байсан. Тэгээд *** ахыг цагдан хорих байранд эргэлтээр орж уулзаад куртикнээс цаг түрийвч гар утас зэрэг зүйл гарч ирсэн хэнийх юм бэ гэхэд тэр өдөр зах дээр надтай таараад надад агсан тавьснаа ч мэдэхгүй байсан. Тэгээд би хохирогч ***с авсан зүйлээ хаяагүй юм байна л даа куртикны халаасанд байна уу гээд надаас асуугаад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 26 27 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 04 сарын дундуур өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Намайг Буян захын гадна байх алт мөнгө авдаг павильон дээрээ ажлаа хийгээд байж байтал 11 цагийн алдад *** гээд байгаа залуу орж ирээд монетон эрэгтэй хүний тольтой Бөгж гаргаж ирж үзүүлээд энэ монет мөн үү гэсэн. Мөн гэтэл тушаая гэсэн. *** гэх залуутай тухайн үед хамт явсан нэг эмэгтэй нь хулгайн юм биш ахынх нь гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тэгээд граммлаж үзээд граммынх нь үнээр бодож бөгжийг нь худалдаж аваад мөнгийг нь *** гэх залууд өгсөн...
...Монетон бөгж нь зүүж хэрэглэж байсан бололтой бөгжний хэв нь алдагдаагүй , тольтой эрэгтэй хүний бөгж байсан. Тийм хуучин бөгж байгаагүй, цэвэрхэн эдэлсэн бөгж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас /,
Гэрч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дүү *** надад Баатаржавыг алга болчхоод сураглахад *** нь Бирж дээр их согтуу явж байсан. Машинд суу харъя гэхэд үгэнд нь орохгүй куртикээ тайлж шидсэнийг нь *** машиндаа хийж яваад гэртээ үзэхэд хэнийх нь мэдэгдэхгүй бугуйн цаг, түрийвч, гар утас гарч ирлээ тэр нь надад байгаа. Өөрийг нь ирэхээр учрыг нь олж асууя гэж ярьж байсан. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа цагдаагаас над руу яриад ***ыг хорих гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас /,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....*** бол ер нь бирж дээр тогтмол архи уугаад явж байдаг архичин шинжтэй хүн юм. Энэ оны 04 сарын дундуур Ихэр могой төвийн хажуугийн бааранд би найз *** гэх залуутай 4-5 шил пиво уучхаад ***ийг би эрүүл мэндийн 2-р төвийн тийшээ уруудуулж өгчхөөд биржийн баруун талаар хөндлөн гараад Татварын байрны урдуур явж байхад *** нэг танихгүй өвгөнийг гудамжинд зам дээр барьж аваад өвгөнийг заамдаж харагдсан ба намайг хажуугаар нь гарах гэтэл тэр заамдуулсан өвгөн намайг андуураад чи хүний юм авах гэлээ гээд хальт цохих гээд чадаагүй өнгөрсөн. *** тэр өвгөнтэй зууралдаж барьцалдаад үлдсэн. Тэр үед би нэлээн согтолттой байсан. Гадаа харанхуй 20 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оюун бид 2 манайд байж байгаад 20 цагийн орчим гараад бирж орчим явж байтал 50 гаран насны намхан биетэй хөгшин эрэгтэй хүн намайг хөөе ахын дүү нааш ирээч ахынх нь түрийвчийг энд хүн авчихлаа гэсэн. Тэгэхээр нь би юун хүн бэ юу болов гээд тэр хүн дээр яваад очтол намайг сая нэг залуу дээрэмдээд миний түрийвчийг саад руу шидчихлээ гэсэн. Тэгээд би замын хажуугийн жижиг хашаанаас бор түрийвч олтол тэр хүн ахынх нь түрийвч гээд түрийвчээ аваад Оюун бид 2-г дагуулж Арбатын гудамжны нэг хүнсний дэлгүүр орж 2,0 төгрөг өгсөн. Мөн 1 шил пиво авч түүнээсээ надад балгуулсан. Тэгээд *** бид 2 вокзал руу салаад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 34-36 дугаар хуудас /
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 04 сарын 13 ны өдөр манай нутгийн хэсэг хүмүүс нутгийн өндөр настай өвчтэй хүнийг эргэсэн. Тэр айлд 5-6 хүн 0,5 ийн Экс архийг хувааж ууж дуусаад айлаас гарч ***бид хоёр 18 цаг өнгөрч байхад тэр хүмүүсээс салж хуучин Дарханы биржийн урд талд байдаг Ихэр могой төвийн тэндэх ломбардад З.Бадгаа орж 2 монетон бөгжнийхээ нэгийг барьцаанд тавиад 30,0 төгрөг аваад бид 2 бааранд орж нэг нэг шил пиво уусан. Тэгээд тэндээс 19 цаг өнгөрч байхад гарсан. *** намайг 1-р 60 айлын тэр хүртэл хүргэж өгөөд тэндээс бид 2 салаад *** гэр лүүгээ харина гээд явсан. ***надаас салахдаа халамцуу байсан. Гэхдээ тэгтлээ их согтуу байгаагүй, болсон явдлыг ойлгох чадвартай, биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас /
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ онд хавар, өдрийг нь мэдэхгүй байна. Нэг өглөө 10 цаг өнгөрөөд зах дээр намайг явж байтал ***ганцаараа эрүүл, Хандаа эгчээ нааш ир гээд намайг дуудсан. Яасан гэтэл дүүд нь нэг бөгж байна энэ бөгжөө зарах гэсэн юм гэсэн. Юун бөгж вэ хулгайн зүйл биш биз гэтэл *** бишээ гэсэн. Тэгээд шинэ хуучин 2 захын дунд байх алт мөнгө авдаг ТҮЦ рүү ***ыг дагаж ороход *** ченж эмэгтэйд бөгжөө тушаасан. Граммлаж үзэхэд 2 грамм гаран болж байна гэж ченж хүүхэн хэлж байсан Тушаасан бөгж нь нэлээд том, эрэгтэй хүний монетон бөгж байсан. Мөнгийг *** өөрөө авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,
2014 оны 04 сарын 16 ний өдрийн 439 дугаартай шинжээчийн “*** ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, баруун өвдгөнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 41 дүгээр хуудас/,
2014 оны 04 сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ / хэргийн 18 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 13-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар нутагт иргэн ***ийн түрийвчтэй мөнгийг шунайхан сэдэлтээр дээрэмдэхдээ хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг,
Мөн өдрийн орой 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар багийн нутагт байрлах Эрүүл мэндийн 2 төвийн баруун талд иргэн ***ийн согтуу байдлыг далимдуулан түүний монетон бөгж, бугуйн цаг, 30,000 орчим төгрөгтэй савхин түрийвч, ломбардын бичиг зэрэг эд зүйлийг булаан авч 445 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь 390 000 төгрөг хохиролд авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-р 1 жил 6 сарыг хугацаагаар хорих ялаар, мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** ны өдөр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж, ялтай байдал дууссанаар гэмт хэрэг анх удаа үйлдсэн хэдий ч түүний хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, улмаар түүний согтуурсан шалтгаанаар өөрийгөө хянах чадваргүй болсныг ашиглан эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, сэдэлт зэрэг хэргийн шинж чанар, хувийн байдлыг түүнд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***г бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар ***г 2 /хоёр/ сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялд багтааж, ***т биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ хоногоор хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***ын эдлэх 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ***ын энэ хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 102 /зуун хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 301 дүгээр зүйлийн 301.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ