| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00233/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 530
| 2020 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00530 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Эко 26 дугаар байрны 23 тоотод оршин суух, Бэйл овогт Бн Б //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, Дарханууд овогт Бын А //-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн эмчилгээний зардал гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.Ө нь гэр бүлийн гишүүнээс гарч байгаатай холбоотойгоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай 153/2020/00233/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б Б.А нар нь 2011 онд танилцаж үерхэж байгаад 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үед Б.А оюутан байсан. Б.Б нь Ховд аймагт ажиллаж байсан бөгөөд ажлаасаа гарч Улаанбаатар хотод очиж хамт амьдарч байсан. 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин Дарханууд овогт Б.Агийн А.Ө төрсөн. 2013 онд Б.Б, Б.А нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. А.Ө төрөхдөө төрөлхийн түнхний мултралттай төрсөн. Төрснөөсөө хойш байнгын асаргаа сувилгаанд байсан. Жил бүр рашаан сувилалд авч явж эмчлүүлсний үр дүнд А.Ө нь эмчилгээг сайн хүлээн авч хэвийн хүүхдийн өсөлт бойжилтын хэмжээнд хүрсэн. Б.А нь сургуулиа төгсөөд Ховд аймгийн Чандмань суманд хүний эмчээр томилогдон очиж ажиллахад нь Б.Б охинтойгоо хамт очин Ховд аймгийн Чандмань суманд очиж амьдарсан байдаг. 2017 оноос хойш хариуцагч Б.А Ховд аймгийн Чандмань суманд нэхэмжлэгч Б.Б охинтойгоо хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа.
Хариуцагч Б.Агийн тайлбараар 2019 онд өөр хүнтэй гэр бүл болж хуримаа хийсэн гэдэг тайлбарыг өгч байгаа. Цаашид нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлийн харилцаа үүсгэж хамт амьдрах боломжгүй болсон учир нэхэмжлэгч шүүхэд гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргасан. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч Б.А нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж хамтран амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Б.Б охин А.Өг өөрийн асрамжиддаа авна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэгт авагдсан үйл баримтаар нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Дарханууд овогт Агийн Ө нь 2013 оноос хойш ээжийнхээ асран хамгаалалтад байгаа гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хариуцагч хүүхдийн асрамж дээр маргахгүй байгаа. Хүүхдийг ээж нь байнга асарч хамгаалж байсан нөхцөл байдалд шүүхийг дүгнэлт хийж 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Дарханууд овогт Агийн Өг эх Б.Бын асрамжид үлдээж өгнө үү.
Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухай буюу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Гэр бүлийн тухай хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой гэсэн зохицуулалт, мөн хариуцагч хуульд зааснаар тэтгэлгийг төлөхөд татгалзалгүй гэсэн тайлбар гаргасан.
Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх ашгийн хувь хэмжээ, хугацаагаар хүүхдэд тэтгэлгийг тогтоож шийдвэрлэж өгнө үү.
....Гэр бүлийн харилцаа нандин байдаг. Төлөөлж байгаа хүний хувьд гэр бүлийн харилцааны нарийн нандин зүйлийг илэрхийлэх боломжгүй. Эвлэрлээр харилцан тохирсноос гадна бусад байдлаар хүүхдэдээ тусламж дэмжлэг үзүүлэх нь охин А.Өн аав буюу хариуцагч Б.Агийн асуудал байх.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит байдалд тулгуурлан хангаж шийдвэрлэж өгнө үү.
Мөн тус шүүхэд гаргасан хүүхдийн эмчилгээний зардал гаргуулах тухай, дундын өмчлөл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр зохигчид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгосон эвлэрэх эрхийн хүрээнд эвлэрсэн байгаа. Хариуцагч хүүхдээ 18 нас хүртэл жил бүр 1,000,000 төгрөгийг өгч байя гэсэн нөхцөлөөр харилцан тохирч эвлэрсэн. Эвлэрлийн гэрээнд хугацаагаа тохирсон. Нэхэмжлэлийн хоёр шаардлага дээр эвлэрсэнтэй холбоотойгоор хүүхдийн эмчилгээний зардал гаргуулах тухай, дундын өмчлөл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд дээр эвлэрлийг баталж, шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжтой гэсэн заалт хэрэгт цугларсан баримт, бодит байдлын хүрээнд хэрэгжих боломжгүй. Эвлэрүүлэх хугацааг шүүхээс битгий тогтоогоосой гэх хүсэлтийг нэмж гаргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байгаа. Хариуцагч бодит байдал дээр өөр хүнтэй амьдраад нэг жил болсон. Хуульд заасан эвлэрүүлэх хугацааг шүүх авна гэдэг нь бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжтой нөхцөлд авах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрлэлтийг цуцалж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Би Б.Бтай 2011 онд Улаанбаатар хотод анх танилцаж байсан. Тухайн үед Б.Б банкинд ажиллаж байгаад асуудал үүсгэж ажлаасаа гараад ажилгүй байсан. 2012 онд би Улаанбаатар хотод хүрээд ир, ирж ажилд ор гэж хэлсэн. Улаанбаатар хотод хамт байр хөлсөлж амьдарч байсан. 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Ө төрсөн. Тухайн өвөл би төгсөх жил хичээл ихтэй байсан учир охин, эхнэр хоёроо та хоёр хөдөө манай аав, ээжийнд очоод байж бай. Би төгсөх курс учир хичээл ихтэй байна гэж ярьж тохиролцоод охин эхнэр хоёр Ховд руу явсан. 2014 оны 6 дугаар сард Анагаах ухааны их сургуулийг төгсөж 2014 оны 10 дугаар сард би Чандмань сумын их эмчээр очсон.
2014 оны 11 дүгээр сард охин А.Өгийн түнхний мултралттай гэдэг оношийг тодруулсан. Тухайн жилдээ гэмтэл согог судлалын үндэсний төвд татлага эмчилгээнд оруулсан. Тухайн жилээс хойш жил бүр Шаргалжуутын рашаан сувилалд эмчлүүлдэг байсан. Тэр үеэс эхлэн Б.Б би хөдөө амьдарч чадахгүй. Багаасаа хөдөө байж чаддаггүй байсан. Би хот явмаар байна гээд хот явсан. Б.Бын өөрийн аав, ээж, ах дүү нар нь хотод амьдардаг байсан. 2017 онд эрүүл мэндийн газартай мэргэжил дээшлүүлэх гэрээ хийгээд Улаанбаатар хотод амьдрахаар очсон боловч Чандмань сумаас хуваарь байхгүй байна. Чи суралцах боломжгүй гэж хэлсэн. 2016 оны 8 дугаар сараас хойш би тусдаа амьдарсан. Би Б.Бын нэг үйлдэлд их гомдож явдаг. Манай аав элэгний хорт хавдартай маш олон жил эмчилгээ хийлгэж байгаад 2015 оны 9 дүгээр 15-ны өдөр нас барсан. Тухайн үед Б.Быг аавтай ирээд уулзчих гэж 2015 оны 5 дугаар сараас хойш гуйсан. Ядаж охиныг авчраад уулзуулчих гэж гуйсан боловч уулзуулаагүй. 2016 оны 8 дугаар сар хүртэл Б.Б манай аавыг нас барсан гэдгийг мэдээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр охиныг ээжид нь өгнө. Хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн эмчилгээний төлбөр, дундын өмчлөл дээр бид харилцан тохирч эвлэрсэн.....2016 оны өвөл ирээд буцсан санагдаж байна. 2015 оны 9 дүгээр сард аавыг нас барснаас хойш Б.Б нэг удаа ирсэн. Түүнээс хойш бид хоёр нэг ч удаа хамт амьдраагүй....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн эмчилгээний зардал гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгө гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2011 онд танилцаж, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0185817 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Ө төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 7 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.А нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, хариуцагч нь тусдаа амьдралтай, хүүхэдтэй болсон, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхэд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.Өг хүүхдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан хүүхдийг эх Б.Бын асрамжид үлдээн, эцэг Б.Агаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.Өг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Агаас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Өг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Агийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Агаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.Б нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь хүүхдийн эмчилгээний зардал гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгө гаргуулах шаардлагад эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Б.А нь охин А.Өд 18 нас хүртэл жил бүр 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг өгөхөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2021 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2031 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд жил бүр 1,000,000 төгрөгийг тус тус А.Өд өгөхөөр зохигч эвлэрлсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа А.Ө нь гэр бүлийн гишүүнээс гарч байгаатай холбоотойгоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг батлах нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь иргэн Н.Оюунчимэгт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхийг олгосон байна. /хх-ийн 32 дугаар тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхтэй болохыг дурдав.
Нэхэмжлэгч Т.Алтантунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Улаанбаатар хотын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч Б.А төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Агийн сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,030 төгрөг, 12,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөг, нийт 210,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгохоор тогтлоо.
Мөн нэхэмжлэгч Б.Баас шинжээчийн ажлын хөлс 124,500 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбар /ХААН банк дахь 5845001166 тоот дансанд/-т олгох нь зүйтэй байна.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Ад тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дарханууд овогт Бын А //, Бэйл овогт Бн Б // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.Өг эх Б.Бын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.Өг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Агаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь А.Ө нь гэр бүлийн гишүүнээс гарч байгаатай холбоотойгоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч Б.А нь охин А.Өд 18 нас хүртэл жил бүр 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг өгөхөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2021 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2031 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд жил бүр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус А.Өд өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б.А нар нь эвлэрснийг тус тус баталсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Ад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Бд тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,950 /дөрвөн зуун далан таван мянга есэн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамж нийт 210,705 /хоёр зуун арван мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баас шинжээчийн ажлын хөлс 124,500 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбар /ХААН банк дахь 5845001166 тоот дансанд/-т олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Ад тус тус мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ