Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 134

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хэргийн индекс:171/2012/0149/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч А.Б.,

хохирогч Б.З. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Б.д холбогдох эрүүгийн 201209000300 тоот хэргийг 2012 оны 6 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Б овогт А.Б., /РД:../, 19.. оны 0..-р сарын ..ний өдөр Сэлэнгэ аймаг Баянгол /Баруунхараа/ суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан сумын ..-р баг .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9-р сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

            Шүүгдэгч А.Б. нь 2012 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр 14 цагийн орчим Дархан сум .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Буян захын түүхий эд авдаг цэг дээр Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.З.ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжилж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “4 сарын 28-ний өдөр би бага хүүхдээ сургуулиас нь аваад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Очиход З. гэх залуу бас нэг цагдаагийн хамт байсан. Ноолуур буруу жинлэж авсан байна авсан хүн нь масктай хүн байсан гэсэн. Би эхлээд үгийг нь сонссон. Би тэгэхээр нь авсан хүнийг нь нарийн шалгаач, авсан хүнийг нь олж тогтоогоод хаа гэсэн. Тэгсэн чинь чамд хамаагүй, чамайг шалгана гэсэн. Нэг жин гадаа гаргаад тавьчихсан байсан. Наадах чинь манай жин биш гэж хэлсэн.

 

 

C:\Documents and Settings\User\Desktop\À.Áàçàððàã÷àà 230.1-.doc

Жин шалгах гээд байгаа юм уу, склад хаах гээд байгаа юм уу, залилангийн хэрэг шалгах гээд байгаа юм уу би ойлгоогүй. Хэсэг маргаад би яваад өгсөн. Товч ярихад ийм зүйл болсон. Би гар хөлөөрөө цохьсон асуудал байхгүй. Бичлэгээс харахад намайг шууд машинаас буусан бичлэг байна. Би эхлээд машинаасаа буугаад дараа нь машиндаа буцаад суусан” гэв.

 

Хохирогч Б.З. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 4 сарын 28-ний өдөр ажил үүргээ гүйцэтгээд байж байхад 14 цагийн орчим Буян захын ард талын түүхий эдийн цэг дээр маргаан болоод байна гэсэн дуудлагын дагуу очсон. Би юу болсон талаар асуухад Тогмиддорж гэх хүн энэ цэг дээр ноолуур тушаахад миний зарсан ноолуурыг худлаа жинлээд авчихлаа гэсэн гомдол гаргасан байсан. Тэр цэгийг ажиллуулж байсан хүн дээр очсон. Очоод танай жин буруу жинлэсэн байна. Танай жинг стандарт хэмжил зүйн төвд шалгуулах шаардлагатай байна гээд жин дээр нь 1 кг-ийн туухай тавихад 300 орчим грамм болсон. Танайх энэ жин дээрээ байнга энэ маягаар түүхий эд жинлэж авдаг уу гэхэд өөр жин ашигладаг гэж хэлж байсан. Тэгээд жинг нь шалгах шаардлагатай гээд жинг нь гаргаж тавиад хаалгыг нь хаагаад байж байхад Б. эхнэртэйгээ ирсэн. Та нар муу сайн цагдаа нар яахаараа манайхыг хаадаг юм онгойлго гэж хэлээд хэл амаар их доромжилсон. Тэгэхээр нь би тухайн болсон асуудлыг тайлбарлаж хэлсэн. Эхнэр нь чи хэн юм бэ гэхээр нь би өөрийгөө танилцуулсан. Тэгээд надруу дайраад хэл амаар доромжлоод намайг энгэрээс бариад угзарч татсан. Та үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийг яагаад доромжлоод байна гэхэд чамайг пизда гэхэд яадаг юм гэх зэргээр хэл амаар доромжлоод эрэгтэй нь машиндаа суугаад явсан. Тэгээд эхнэрээс нь танай жин аль нь юм, танайх ямар түүхий эд авдаг вэ гэхэд манайх ноолуур авдаггүй гэсэн. Тэгээд жинг нь хураах гээд байж байхад Б. буцаж хүрч ирээд муу сайн лалруудтай юу ярьдаг юм гээд надруу дөхөж ирээд ална шүү гээд гараа далайсан. Тэгснээ намайг гэдсээрээ хэд хэдэн удаа түлхээд агуулахруугаа оруулаад наад агуулахын хаалга хаа, энийг энд нь алчихъя гэсэн. Тэгэхэд эхнэр нь болиулсан. Эхнэр нь болон Б. нар хэл амаар их доромжилсон. Чамайг мэдэхгүй юм байна, пизданууд гэж дайрсан. Цагдаа ингэж ажлаа хийдэг юм уу гээд орилоод байсан. Ингэж аашилж болохгүй шүү гэж тухайн үед нь би хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

            Хохирогч Б.З.ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 11-13 дугаар хуудас/,

            Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 14-15 дугаар хуудас/,                                   

            Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Яллагдагч А.Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 7 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Б.гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Б. нь 2012 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр 14 цагийн орчим Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Буян захын түүхий эд авдаг цэг дээр Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.З. нь иргэдийн мэдээллээр очиж буруу заасан гэх жин хэмжүүрийг шалгуулахаар хуульд заасан эрхийн дагуу ажиллагаа явуулж байхад нь А.Б. эсэргүүцэж хүч хэрэглэхээр заналхийлж, үг хэлээр доромжилсон нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хохирогч Б.З.ын “2012 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр ажил үүргээ гүйцэтгээд албан тасалгаандаа байж байхад 14 цагийн орчим 102-ийн ерөнхий жижүүр, ахлах дэслэгч О станцаар Буян захын ард талын түүхий эдийн цэг дээр маргаан болоод байна гэсэн дуудлагыг өгсөн. Би дуудлагын дагуу очиход ахлагч Ц уг дуудлаган дээр түрүүлээд ирчихсэн байсан. Би юу болсон талаар асуусан. Иргэн Т гэх хүн “Энэ цэг дээр ноолуур тушаахад миний зарсан ноолуурыг худлаа жинлээд авчихлаа гэсэн гомдол гаргасан байна. Танай жинг стандарт хэмжил зүйн төвд шалгуулах шаардлагатай байна” гэж хэлээд би жин дээр нь 1 кг-ийн туухай тавихад 300 орчим грамм болсон. Би жингийнх нь тавиурыг аваад үзэхэд доор нь ундааны бөглөө хавчуулчихсан байсан. ... би жинг нь гаргаж тавьчихаад хаалгыг нь хаагаад байж байтал 00-32 ДАР улсын дугаартай Ланд крузер машин унасан махлаг залуу нэг эмэгтэйгийн хамт ирсэн. Тэр хоёр “та нар яахаараа манайхыг хаадаг юм бэ. Та нар муу сайн пизда нар онгойлго” гэж хэлсэн. Эмэгтэй нь машинаасаа бууж ирээд “муу сайн цагдаа нар дандаа ингэдэг байхгүй юу, муу сайн пизда нар” гэсэн. Тэгэхэд нь та нар хэн юм бэ гэж асуухад “би энэ агуулахын эзэн нь байна, би амьдрах гэж байхад манайхыг хаах гэлээ” гэсэн. Би болсон үйл явдлын талаар тайлбарлаж хэлэхэд “Чи хэн юм бэ мэдэх ч үгүй юм байна” гээд хүрч ирээд намайг түлхээд складны хаалганы урдаас холдуулаад тэр складны хаалга онгойлгосон эмэгтэй надаас “чи хэн юм бэ” гэхээр нь би түүнд “Зах хариуцсан цагдаагийн байцаагч, дэслэгч З. гэж хүн байна” гэсэн. Тэгэхэд “чиний хэн байх нь надад хамаагүй, би өөрийнхөө цэгийг ажиллуулна муу пизданууд” гэж дахиж хэлсэн. Тэгэхэд нь би та яагаад цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхад пизда гээд доромжлоод байгаа юм бэ гэхэд тэр хоёр /Б., У/ чамайг пизда гэсэн хүнийг яадаг юм бэ, цагдааг пизда гэхэд яадаг юм гэж хэл амаар доромжлоод эрэгтэй нь машиндаа суусан. Тэр залуу “пизда минь би чамайг ална” гэж хэлчихээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би эхнэр нь гэх эмэгтэйгээс “танай жин чинь аль нь юм бэ, танайх ямар түүхий эд авдаг вэ” гэхэд “манайх хөнгөн цагаан авдаг, манайх ноолуур авдаггүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би тэр эмэгтэйд “танай жин чинь буруу жинлэж байна” гэхэд тэр эмэгтэй манай жин энэ биш гээд складанд байсан өөр цахилгаан жин заасан. Тэгтэл нөгөө залуу машинтайгаа буцаж хүрч ирээд “муу сайн пизда нартай юу ярьдаг юм бэ, хогийн лалруудтай юу ярьдаг юм бэ” гэж хэлээд машинаасаа буугаад над руу дөхөж ирээд гараа далайгаад ална шүү гэж хэлээд гэдсээрээ хэд хэдэн удаа түлхээд “хогийн хулгайч нарыг дууд наад агуулахын хаалга хаа” гээд намайг агуулах руугаа оруулаад “Наад агуулахын хаалга хаа, энд нь алчихъя” гэхэд тэр эмэгтэй нь тэр залууг салгаад аваад явсан. Залуу буцаж ирээд чамайг мэдэхгүй юм байна гэхэд нь би “та нар ажил үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг ингэж доромжилж болдог юм бол энэ байгаа байдлыг чинь би телевиз дуудаж үзүүлнэ“ гэхэд тэр залуу “та нарыг ер нь пизда гэхэд яадаг юм бэ та нарыг яасан ч яадаг юм” гэж хэлээд машиндаа суугаад явчихсан. Тэр залуу мөн машинаас бууж ирэхдээ “цагдаа ингэж хэзээ ажлаа хийдэг болчихсон юм бэ” гээд байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, харин тэр залуу миний миний биед хүч хэрэглэн түлхэж агуулах руугаа оруулаад ална гэж заналхийлсэн, мөн гараараа надруу цохих гэж далайсан. Мөн тэнд байсан хүмүүст хогийн хулгайч нарыг дууд энийг энд нь алчихъя гэж заналхийлсэн үйл явдал нь миний хувьд асар их доромжлол. Би хуулийн дагуу ажил үүргээ гүцэтгэж стандартын дагуу тэдгээр иргэдтэй харилцсан. Би тэдгээр хүмүүст ямар нэгэн хүч хэрэглээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13 дугаар хуудас/,

гэрч Б.Ц-ын “... Би түүхий эд ажиллуулж байсан эмэгтэйгээс “Та ямар жингээр жинлэсэн юм бэ би түүнийг чинь харъя” гэхэд тэр эмэгтэй цахилгаан жингийнхээ тагийг аваад доороос нь цэнхэр өнгийн архины шилний бөглөө авсан. Тэгэхэд нь би тэр эмэгтэйд “Та жин доороосоо юу авчихваа, үүгээр яадаг юм” гэхэд тэр эмэгтэй “би юу ч аваагүй ш дээ” гээд худлаа яриад байсан. Тэгэхэд нь би энд байсан хүмүүс таныг жингийнхээ доороос юу авсныг харлаа шүү дээ гэхэд тэр эмэгтэй аан энэ таглаа юу гээд нөгөө архины шилний бөглөөгөө гаргаж ирээд үүгээр чинь тавцангийн нэг талын хөлийг нь орлуулдаг юм гэж хэлээд тэрийгээ авч халаасандаа хийчихээд өгөхгүй байсан. Би 2 кг-ийн туухай авч электрон жин дээр нь тавихад зөв заахгүй маш бага зааж байсан. Тэгээд би дуудлага өгсөн. ... энэ ү-; ...ДАР улсын дугаартай Ланд крузер маркийн авто машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд машинаасаа буугаад “цагдаа нар хэзээ ингэж ажлаа хийдэг болчихсон юм бэ пизданууд, яахаараа миний складыг хаадаг юм бэ эзэн нь би байна. Та нарыг мэдэхгүй юм байна”  гээд дэслэгч З.руу дайраад байсан. Би тэдгээр хүмүүсийг шаардлага эсэргүүцээд ирэнгүүт өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Намайг бичлэг хийж байгааг тэдгээр хүмүүс огт мэдээгүй. Тэр залуу дэслэгч З.ыг хэд хэдэн удаа гараа далайгаад склад руу гэдсээрээ түлхэж оруулаад “Энд байгаа хогийн хулгайч нарыг бүгдийг нь дуудаад ир” гээд эхнэртээ хандаж “Бид хоёрыг энд үлдээгээд складны хаалгаа гаднаас нь хаачих би энэ мууг энд алаад хаячихъя“ гэсэн тэгэхэд түүний эхнэр нь нөхрийгөө салгасан. Тэгэхэд Б. “Энэ муу пиздануудыг ер нь яасан ч яадаг юм бэ хэзээ ийм болчихсон юм бэ” гээд байсан. Мөн Уранчимэг гэх эмэгтэй дэслэгч Б.З.д хандаж түүнийг хэл амаар их доромжилсон. Пизда нар, муусайн цагдаа нар, төрийн хувцас өмссөн хулгайч нар гэх зэрэг үгийг олон удаа хүмүүсийн дунд орилж хэлээд байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Б.Б-ийн “... складны хаалгыг хааж байх үед Ланд крузер маркийн машин унасан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд эрэгтэй нь цонхоо онгойлгоод “Хөөш чи яахаараа хүний юм хаадаг юм бэ лалараа” гээд машинаасаа бууж ирээд “Чи миний эд хөрөнгөнд халддаг хэн бэ лалараа, пизда минь” гээд байсан. Дэслэгч З. “Та яагаад төрийн албан хаагчийг пизда гэж доромжилж байгаа юм бэ” гэхэд “Чамайг пизда гэхээр яагад юм” гээд байсан. Мөн тэр залуу дэслэгч З.ыг тэмдэглэл хөтлөөд зогсож байхад гэдсээрээ түлхэж складруугаа оруулаад “Наад хаалгаа хаачих” гээд байсан. Тэгэхэд эмэгтэй нь нөхрийгөө “Чи боль эндээс яв” гээд байсан.Тэгээд тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч П.У-ийн ... Манай нөхөр тэр цагдаагийн урд очоод зогсоход манай нөхөр том биетэй учир гэдэс нь тулсан. Манай нөхөр тухайн үед тэр цагдааг складруу оруулж хэл амаа ололцох санаатай байсан учир нь тэр хавиар хүн их явж байсан болохоор хүн амьтаны анхаарал татаад яахав гэж бодсон гэсэн нөхөр маань хаалга хаачих гэхэд нь тэнд байсан ахлагч цолтой цагдаа бид хоёр хаалгаагүй юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 21 дүгээр хуудас/

Гэрч Б.Г-6ийн “... Ямар ч байсан Б. цагдаагийн албан хаагчтай маргалдаад байсан би тэд нарт та нар хоорондоо битгий маргалд миний буруу гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 24 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар хураасан нэг ширхэг дискний бичлэг /хэргийн 7 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.З. нь “ноолуур тушаахад буруу жинлээд авчихлаа” гэсэн мэдээллийн дагуу Буян захын түүхий эд авдаг цэг дээр ирж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь А.Б. ирж хэл амаар доромжилж хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалт болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, дүрс бичлэг зэргээр тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Цагдаагийн байгууллагын тухай хуулинд цагдаагийн байгууллагын албан хаагч нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа үед иргэдийн эд зүйл, байр савыг битүүмжлэх, гэмт хэрэг захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд зүйлийг түр хугацаагаар хураан авах эрхтэй байх бөгөөд дэслэгч Б.З. нь өөрийн хуулиар олгосон эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан байна.

Хохирогч Б.З. нь “миний биед гэмтэл учраагүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй тул түүнээс гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Б. нь урьд 2010 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзажээ,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар А.Б. нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг ялгүй болсон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ,

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт А.Б.г төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар Алекагийн Б.г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Б.д оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар А.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар А.Б. нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Б.д оногдуулсан 1 /нэг/ хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар А.Б.д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар А.Б.д хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Б.д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ