Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00444

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00444

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Манж овогт С...н С...ийн хүсэлттэй 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ч.Нг 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоолгож, улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.С... нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.С... нь 1967 онд төрсөн. Нас 53. Өрх толгойлсон эмэгтэй. 3 хүү, 2 зээгийн хамт тодорхой эрхэлсэн ажилгүй амьдардаг. Би нөхөр болох Чулуунбаттай 1994-2002 он хүртэл хамт амьдарсан. Миний нөхөр 2002 онд нас барсан. Миний охин Ч.Н нь 2001 оны 12 сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Миний охин багаасаа зүрхний архаг өвчтэй их бие муутай хүүхэд байсан бөгөөд өвчний учир 2008 оны 10 сарын 10-нд нас барсан юм. Тухайн үед уй гашуун болоод талийгаач охиныхоо нас барсан гэрчилгээг авах талаар санаж бодож яваагүй юм. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход талийгаач охин Ч.Нн нас барсны гэрчилгээ шаардлагатай болж шүүхэд хандаж байна. Иймд Манж овогт С...н С...ийн 2001 оны 12 сарын 10-нд төрүүлсэн охин Ч.Н нь 2008 оны 10 сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоож тогтоож, иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.С...ийн 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ч.Нг 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоолгож, улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.С... нь хүү охин Ч.Нг 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн бөгөөд охин Ч.Н нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь

- Ч.Н нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээний эх хувь,

- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 126/002972 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,

- Гэрч Б.Эрдэнэсолонгийн ...С.С...ийн төрсөн охин Ч.Н нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан нь үнэн болно... гэх тодорхойлолт,

-Гэрч З.Жүнээгийн ...С.С...ийн төрсөн охин Ч.Н нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан нь үнэн болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.14-д заасныг баримтлан 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ч.Н /ПЮ01311507/-г 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоож, нас барсан байдлыг улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.14-д заасныг баримтлан Манж овогт С...н С... нь охин Ч.Нг 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн бөгөөд охин Ч.Н /ПЮ01311507/ нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Ч.Н /ПЮ01311507/ нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг улсын бүртгэлд нөхөж бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ