Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0161

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0161/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000747 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн *** ны өдөр ***т төрсөн, ***настай, ***, *** тоот хаягт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн *** сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд албан бус боловсролын багшаар ажиллаж байхдаа ерөнхий боловсролын гэрчилгээ гаргаж өгнө гэж бусдын итгэлийг эвдэх замаар 14 хүнээс нийт 2 150 000 төгрөг залилан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2013 оны 2 дугаар сараас эхэлж албан бус боловсролын багшаар ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ ажлаа сайн мэдээгүй байсан. Хүмүүсийн гэрчилгээ гаргаж өгөх гэж мөнгө авсан. Гэрчилгээ гаргуулах гэж өгсөн хүмүүсийн мөнгийг амралтынхаа мөнгөөр өгнө гэж бодож өөрийн банкны зээлдээ мөнгийг хийсэн байсан. Би мөнгө, гэрчилгээгээ гаргаж чадахгүй байсаар хавар тэр хүмүүсээс уучлалт гуйсан юм. Ингээд хавтаст хэрэг үүсэж намайг шалгаж эхэлсэн юм. Тухайн үед прокурор дуудсан цагт ирж мэдүүлэг өгч байх ёстойг тайлбарлаж сануулж байсан боловч ийм хүнд үр дагавартай гэж бодоогүй. Би зөвхөн тухайн үед хүмүүсийн хохирол төлбөрийг барагдуулбал болох юм байна гэж бодож байсан. Улаанбаатар хотод ажиллаж байх үед цагдаа дуудсан. Би ажлаасаа гараад цагдаа дээр өөрөө очсон” гэх мэдүүлэг, 


Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2013 оны 2 дугаар сарын эхээр л байх цагаан сарын эхээр байх, өөрийн хүү Мөнх-Эрдэнэд 11 дүгээр ангийн гэрчилгээ авхаар тухайн үед Салхитын сургуулийн албан бус боловсролын багшаар ажиллаж байсан ***д гэрчилгээний мөнгийг хэлээд 60 000 төгрөг монтажны мөнгө 20 000 төгрөг өгсөн, түүний дараа нь танай хүүхдийн дүнгийн гайгүй гаргаад өгнө хааяа ирж сургуульдаа сууж байгаарай гэж хэлээд 2013 оны 3 дугаар сарын 20-ны орчим 150 000 төгрөг нэмж авсан. Мөнх-Эрдэнэ уг нь 2012 онд албан бус боловсролд бүртгүүлчихсэн байсан бөгөөд төгсөх гэж байсан юм. Хавар болтол гэрчилгээ гарчихсан аваарай гэхэд нь очиж амжихгүй байсан, тэгээд байж байгаад намар болоод гэрчилгээ авах гээд ***  гэж багшаас асуухад Дарханы сургууль дээр санхүүгийн хүн дээр байгаа гэхээр нь очоод авах гэхэд Энхтуяа гэж багш нь мөнгөө төл 75000 төгрөг төлж байж ав гэсэн. Тэгэхээр нь мөнгөө өгчихсөн гэхэд манайд мөнгө чинь дансанд ороогүй байна гэхээр нь нэмж 75000 төгрөг төлж байж гэрчилгээгээ авсан. Балжинням нь авсан 230 000 төгрөгөөс гэрчилгээний мөнгө төлөөгүй байсан, биднээс худлаа ярьж 230 000 төгрөг залилж авсан гомдолтой байна” " гэх мэдүүлэг /хх-ийн 54, 150 хуудас/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 1 дүгээр Салхитын 11-р сургуульд албан бус боловсрол хариуцсан багш ажилтай байсан ***д 10-р ангийн гэрчилгээ гаргуулахаар өөрийнхөө төрсний гэрчилгээг, иргэний үнэмлэхний хуулбартай 60.000 төгрөгний хамт өгсөн юм. Би уг нь 10-р анги төгссөн боловсролын гэрчилгээгээ гээгдүүлчихсэн, дахин авах зорилгоор ***д хэлж өгсөн юм. ***ыг таньдаг өмнө 9 дүгээр ангид байхдаа нэг ангид хамт сурч байсан. Тэгээд мөнгө өгчхөөд дараа нь *** дахин уулзаад урьд нь авч байсан болохоор торгуулийн мөнгө гээд нэхэгдээд байна гээд нэмж 40 000 төгрөг авсан. Түүнээс хойш нэлээн байж байгаад 5 сард сургуулийн хонхны баяр болон өдөр гэрт ирж уулзаад мөнгө байвал зээлээч яаралтай хэрэг болоод байна, Маргааш цалин буухаар өгье гэсэн. Тэгээд 100 000 төгрөг зээлээд аваад явсан. Түүнээс хойш гэрчилгээ ч байхгүй, төрсний гэрчилгээ ч байхгүй, мөнгө ч байхгүй, *** алга болсон. Утсаар нь ярихаар өгнө, гэрчилгээ чинь гарч байгаа гээд байдаг, тэгээд одоог хүргэсэн. Би хохирлын 200 000 төгрөгөө авмаар байна" гэх мэдүүлэг /хэргийн 56 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ***ын: "2013.4.16-ны өдөс дүү *** д 9-р ангийн гэрчилгээ гаргуулахаар тухайн үед албан бус боловсрол хариуцсан багш ***д 60.0 төгрөг өгсөн. Энэ Мөнгө нь гэрчилгээний мөнгө гэсэн. Үүний дараа 5 р сарын 10-ны орчим гэрчилгээг чинь шууд аваад өгье, монтаж нь гарах гэж байгаад гээд монтажны мөнгө 25.0 төгрөг мөн шууд авч өгнө гээд 100 000 төгрөг өгчих гээд нийт 125 000 төгрөг аваад, нийт 185 000 төгрөг авсан. Уг мөнгийг би ааваасаа аваад өөрөө аваачиж өгсөн. Манай аав, ээж, дүү нар хөдөө хол байдаг болохоор би л хөөцөлдөж ярьсан юм. Надаас сургуулийн хувийн хэрэг төрсний гэрчилгээний хуулбар зэргийг авсан. Түүнээс хойш гэрчилгээ гаргаж өгөлгүй хичээл тарсан юм. Одоо болтол гэрчилгээгээ ч аваагүй мөнгөө ч аваагүй сүүлд өөрөө уулзахаар мөнгө өгнө гэж байсан. Хувийн хэргээ өрөөнөөс нь олж авсан юм" гэх мэдүүлэг /хэргийн 58 дугаар хуудас/,

Хохирогч *** н "...2013 оны 3 дугаар сраны манай багш *** надаа нөөт 1 маркийн гар утас зээлээр авчхаад мөнгө өгөхгүй байж байгаад 10 дугаар сард надад 300 000 төгрөг, 12 дугаар сард 200 000 төгрөг төлсөн надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хэргийн 98 дугаар хуудас/,

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2013 оны 4 дүгээр сард манай сургуулийн багш *** надаас 300 000 төгрөг олоод өгөө гэхээр нь би таньдаг хүнээс сарын 20 хувийн хүүтэй зээлээд аваад өгсөн чинь *** надад мөнгө өгөхгүй байсан... 2013 оны 9 дүгээр сарын 200 000 төгрөг, 10 дугаар сарын сүүлээр 250 000 төгрөг өгсөн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 100 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцалтын шатанд өгсөн: "...Би мэргэжлээ ахиулах гэтэл бүрэн дунд боловсролын гэрчилгээ хэрэг болоод гээгдүүлчихсэн учир дахин шинээр авах гээд *** гэж албан бус сургалтын багшид хандсан. Тэгтэл *** шинээр авахад 60 000 төгрөг байдаг гээд надаас 60 000 төгрөг авсан. Дараа нь манай эрэгтэй дүү Шандас бас гэрчилгээ шатаад үгүй болчихсон дахин авмаар байна гэхээр нь ***тай уулзаад дахин шинээр гаргуулж авч болно гэхээр нь би 60 000 төгрөг өгсөн боловч *** над руу утсаар яриад гэрчилгээ гаргах гэсэн чинь дахин 30 000 төгрөг хэрэг болоод байна өгөөч гэхээр нь би 30 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн боловч одоог хүртэл 2 гэрчилгээ гаргаж өгөөгүй." гэх мэдүүлэг /хэргийн 157 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцалтын шатанд өгсөн: "Миний нөхөр ***  нь бүрэн боловсролын бүрэн бус дунд боловсролтой бөгөөд бүрэн дунд боловсрол эзэмшихээр *** -р сургуульд албан бус зайны сургалтад бүртгүүлж хамрагдсан, ингээд албан бус сургалтын багш ***  нь гэрчилгээний мөнгө гээд 65.000 төгрөг нэхэж авсан. Дараа нь нөхрийн бас бүрэн бус дунд боловсролын гзрчилгээ дахин авах шаардлагатай байна гээд 20000 төгрөг өг гэж нэмж аваад нийт 85000 төгрөгийн хохирол учирсан, дараа нь цагдаагийн байгууллага шалгаж,эхэлсний дараа 20000 төгрөг буцааж өгсөн. " гэх мэдүүлэг/хэргийн 158 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***  мөрдөн байцалтын шатанд өгсөн: “***ыг танина 2013 оны 2 дугаар сард манайд багшаар ирсэн бөгөөд албан бус сургалтын багшаар ажиллаж байсан юм. Ингээд ***ыг ерөнхий боловсролын, суурь боловсролын гэрчилгээ гаргаж өгнө гэхлээр нь өөрийн төрсөн дүү ***т боловсролын гэрчилгээг гаргуулна гэж ***д 60 000 төгрөг өгсөн, дараа нь бас гэрчилгээ монтажны мөнгө хэрэгтэй байна 30000 төгрөг өг гэхлээр нь нэмж өгсөн, нийт 90000 төгрөг өгсөн боловч гэрчилгээ гаргаж өгөөгүй, хөөцөлдөж байж түүнээс 90000 төгрөгөө буцааж авсан." гэх мэдүүлэг /хэргийн 160 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ би 2013 оны 5 дугаар сарын 19-ний ***  сургалтын багш ***д ерөнхий боловсролын гэрчилгээ гаргуулахаар 60 000 төгрөг бэлнээр өгсөн боловч *** гэрчилгээ гаргаж өгөгүй өдийг хүсэн юм аа. Одо миний хувьд түүнээс 60 000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хэргийн 162 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцалтын шатанд өгсөн: “2013 оны 2 дугаар сард манай сургуулийн багш *** надаас танай нөхөрт 10 дугаар ангийн гэрчилгээ гаргаад өгье гээд 65 000 төгрөг авсан бөгөөд 6 дугаар сард гэрчилгээгээ авах гээд гар утас руу нь залгахад гар утсаа хаагаад ажлаа хаяад явсан байсан... 2013 оны 9 дүгээр сарын дундуур ирээд надад 65 000 төгрөг төлөн одоо гомдол саналгүй..." гэх мэдүүлэг/хэргийн 104 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...*** надаас гэрчилгээ гаргаж өгнө гээд 60.000 төгрөг авсан бөгөөд гэрчилгээ гаргаж өгөөгүй. 2013 оны 11 дүгээр сарын дундуур надад 60.000 төгрөг буцааж өгсөн бичиг баримтуудаа нэхэмжилж байна.. "гэх мэдүүлэг /хэргийн 106 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2013 оны. 01 дүгээр сард ***  багштай уулзаад охин ***г албан бус сургалтад бүртгүүлэхээр болсон юм. Ингээд манай охин сургалтад суусан бөгөөд 2013 оны 3 дугаар сард *** багшид бүртгэлийн хураамж гэж 60 000төгрөг шилжүүлсэн бөгөөд 11 дүгээр сард хувийн хэрэг шинэчилнэ гээд 10.000 төгрөг нэмж авсан юм... миний охин Өнөрмаагийн гэрчилгээ одоог хүртэл гараагүй. 70.000 төгрөгөө нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг 108 дугаар хуудас/,

 Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 1 дүгээр сард манай 11 дүгээр сургуулийн багш *** надад “ би танай нөхрийн 10 дугаар ангийн гэрчилгээг гаргуулж өгье материал бүрдүүлэхэд 60 000 төгрөг ордог юм гээд надаас 60 000 төгрөг авсан. Ингээд манай нөхөрт гэрчилгээ гаргаж өгөлгүй алга болчихсон юм... 11 дүгээр сард ***д надад 60.000 төгрөг буцааж өгсөн тул гомдол саналгүй..." гзх мэдүүлэг /хэргийн 110 дугаар хуудас/,

Иргэнии нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 4 дүгээр сарны үед байх сургуулийн үйлчлэгч ***  гэж хүнтэй дуудаад дүү ***д суурь боловсролын гэрчилгээ авч өгөх гэсэн юм яаж авдаг юм гэсэн чинь манай сургуулийн Балжинням гэж багштай уулзаад бичиг баримтаа бүрдүүлээд өгчих гэсэн. Тэгээд *** багштай уулзаад 65 000 төгрөг, ***ын төрсний гэрчилгээ болон сурагчийн хувийн хэргийг нь өгсөн юм. Тэгээд би гэрчилгээ нь гарна гэж бодоод яваад байсан чинь гэрчилгээ гарахгүй байсан тэгээд би 2013 оны 10 дугаар сард сургуулийн захирал ***тэй уулзахад надад 65 000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг / хэргийн 132 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хувьд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 11 дүгээр сургуулийн захирал ажилтай бөгөөд манай сургууль Дархан-Уул аймгийн нээлттэй ахлах сургуулийн харьяа насан туршийн боловсролын багш гэж орон тоо байдаг, уг орон тоон дээр багш томилогдож ажилладаг бөгөөд 2013 оны хавар ***ны тушаалаар *** нь манай сургуулийн насан туршийн боловсролын багшаар томилогдож ирсэн. Ингээд ажиллаж байх хугацаандаа манай сургалтад яваад намар 9 дүгээр сарн 1-ний өдөр хичээл цуглахад ***ыг хүмүүсээс гэрчилгээ гаргаж өгнө гэж мөнгө төгрөг авсан гэсэн яриа гараад хүмүүс өргөдөл өгч хандаж эхэлсэн, миний хувьд хэнээс хэдэн төгрөг авсныг мэдэхгүй, нэлээн хэдэн хүнээс мөнгө төгрөг авсан сураг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 163 дугаар хуудас/,
Гэрч *** ын “*** надаа ажил авснаас хойш 2 сараас эхлээд мөнгө авсан гэх яриа яригдаж эхэлсэн. Би эхлээд ***  гэх эмэгтэйгээс 2013 оны 4 дүгээр сард сонсож мэдсэн. Дараа нь хүмүүсээс асуухад 2 сараас эхлээд мөнгө хүмүүсээс аваад байсанг сонссон. Тэгэд 4 дүгээр сараас эхлээд ажлаа хаяад яваад өгсөн юм. Тэгээд сургуулийн захиргаа мэдээд ажлаасаа гаргасан байх, дахиж ирээгүй явсан. Алжаа хаяж явчхаад дундуур нь нэг удаа ирэхээр нь би уулзаа чи ингэ мөнгө авч болохгүй шүү дээ гэхэд тан намайг ойлголдоо гээд хүнд өртэй, банканд бас өртэй гээд бичиг үзүүлж байсан юм. Тэр бичигт 5 000 000 орчим төгрөгийн өр байх шиг байсан. Тэгэхээр нь багшийн нэр бариад ингэж хүмүүсийг хохироож болохгүй шүү дээ гэхэд дуугүй байсан ” гэх мэдүүлэг / хэргийн 59 дүгээр хуудас/, 
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оноос 2013 оны хичээлийн жилд албан бус боловсролын чиглэлээр 11 дүгээр ангийг дааж төгсгөсн, үүнд Хонор сумын Салхит багаа нийт *** гэж 3 хүн бүртгүүлсэн, эдгээрээс ***  нь бичиг баримтын зөрчилтэй учраас төгсгөөгүй, нөгөө 2 нь суралцаад төгссөн. Хоёулаа бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. Энэ 3 хүнийг бүртгүүлэхдээ 2012 оны оны хичээлийн жилийнх нь 9 дүгээр сард бүртгүүлсэн байх, дээрх 3 сурагч Салхитаас ирсэн. Энэ хугацаанд өөр ямар ч суралцагч ирээгүй, *** нэмж нэг ч хүн авчраагүй, дээрх 3 хүнийг бүртгэхдээ ***  гэж нийгмийн ажилтанд бүртгүүлээд материалыг нь сүүлд ***  авчирч өгсөн. Дээрх 3 хүнээс   нь огт төлбөр төлөөгүй. Мөнгөншагайнгийн мөнгийг эгч нь өөрөө авчирч төлсөн. *** төгсөхдөө өгөөгүй, байж байгаад сая 9 дүгээр сард өөрөө мөнгө төлж гэрчилгээгээ авсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ***ын хойд эцэг нь юм. Ээж *** тэй нь гэр бүл болоод 20 жил болж байна...Үйлдсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна *** сүүлд Хонгор сумын сургуульд багш хийж байхад сургуулийн захирал над руу яриад түүнийг хүмүүсээс мөнгө авчихсан өрөөнд орсон байна та төлөх бололцоо байна уу гэж асууж байсан. 2014 оны 3 дугаар сараас хойш хаагуур явсан талаар нь мэдэхгүй над руу утсаар ярихгүй утас нь холбогдохгүй хаан байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан... Дархан сумын 13 дугаар баг, 30-56 тоотод *** нь оршин суудаггүй харин миний төрсөн дүүгийнх байдаг...” гэх мэдүүлэг / хэргийн 164 дүгээр хуудас/,
***ыг эрэн сурвалжилсан тухай тогтоол /хэргийн 169 дүгээр хуудас/
Эрэн сурвалжилсан тухай справка /хэргийн 170 дугаар хуудас/,
Зарлан дуудах хуудас /хэргийн 172-173 дугаар хуудас/,
Мөрдөн байцаагчийн илтэх хуудас /хэргийн 174-178 дугаар хуудас/,
Хэргийг түдгэлзүүлэх тогтоол, сэргээх тогтоол, эрэн сурвалжлах тухай прокурорын тогтоолууд /хэргийн 151-154 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд албан бус боловсролын багшаар ажиллаж байхдаа ерөнхий боловсролын гэрчилгээ гаргаж өгнө гэж бусдын итгэлийг эвдэх замаар 14 хүнээс нийт 2 150 000 төгрөг залилан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч *** хохирогч  нарт 2 150 000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нар ямар нэгэн гомдол санал байхгүй талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ.

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нөхөн төлөх төлбөргүй, урьдчилан 67 хоног цагдан хоригдсон, хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд , мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялд багтаан нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн, эд мөрийн мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт урьдчилан 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***ыг урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ