Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 562

 

 

 

 

 

 

 2020              5             5                                            2020/ДШМ/562

 

 

Д.У-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Батзаяа,

шүүгдэгч Д.У-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/558 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906041180387 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатавч овгийн  Д.У-, 19..... оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 156 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

2000 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял,

2000 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2000 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ял,

2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

2011 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял,

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Д.У- нь 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sunday” худалдааны төвийн 5 дугаар давхарт байрлах 5078 дугаартай лангуун дээрээс иргэн Б.М-ийн эзэмшлийн “Samsung” брэндийн “Galaxy А-70” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.036.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.У-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.У-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Д.У-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У-ий урьд цагдан хоригдсон 32 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.У-ээс 1.036.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгуулахаар тогтоож, Д.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өмнөх шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял авсан бөгөөд хохирогчид хохирол төлбөрөө төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хорих 407 дугаар ангид ял эдэлж, ажил хийж байсан. 407 дугаар ангиас 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид ирсэн. Миний биеэр эдэлсэн ял нь 6 сар хоног, үлдсэн ял маань 5 сар 22 хоног. Иймд шүүгч 1 жилийн хорих ял нэмж шийтгэсэн. Гэмт хэрэг дахин үйлдсэндээ харамсаж байна. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйх ямар ч боломж байсангүй. Шүүх хуралдаан дээр хохирогч Б.М-ээс уучлалт гуйж, гэм буруугаа хүлээсэн. Энэ хүний хохирлыг миний хүү Б.Баяржаргал төлж барагдуулсан. Нөхөр Бөхтөмөр нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Эндээс гарч ажил хийж дахин гэмт хэрэг хийхгүй, 3 хүүхдийнхээ төлөө амьдарна. Том хүү маань ажил хийж 2 дүүгээ асран хамгаалж байгаа. Хорих ангийн эмчид үзүүлэхэд элэг хатууралтай, уушиг устах шинжтэй байна гэсэн бөгөөд түр зуурын эмчилгээ хийлгэсэн. Дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй. Гурван хүүхдийг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос шүүгдэгч Д.У-ий 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн 5 дугаар давхрын 5078 дугаартай лангуун дээрээс хохирогч Б.М-ийн “Samsung” брэндийн “Galaxy А-70” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ингэхдээ, хавтаст хэрэгт шүүгдэгч Д.У-ий хувийн байдлыг тогтоосон зарим нотлох баримтуудыг авч хийсэн бөгөөд тэрээр урьд удаа дараа шүүхээс ял шийтгүүлж байсны дотор 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн талаар ял шалгах хуудас болон шүүхийн тогтоол авагджээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Д.У-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа дээр дурьдсан нөхцөл байдлыг огт дүгнээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэнтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-г энэ гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоос гадна Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолд ач холбогдол өгч, зохих хууль зүйн дүгнэлт хийж, ял нэмж нэгтгэх эсэх асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ““шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй дээрх асуудлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэж, шүүгдэгч Д.У-ий эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг дээрх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.У-ий ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Хэргийг дахин хэлэлцэхдээ шүүгдэгч Д.У-ий ар гэрт нь бага насны болон насанд хүрээгүй хүүхэд харгалзах дэмжигч, асран хамгаалагчгүй үлдсэн эсэхэд анхаарч, хуульд заасан зохих шийдвэр гаргах шаардлагатай болохыг зориуд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/558 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Д.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ