Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0314

 

 

 

 

                                                                                           

 

                                            

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0199 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 128/2025/0822/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/1111 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0199 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/1111 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгон”шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “... “С” ХХК-ийн зүгээр тус шүүхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/1111 дугаартай тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар 2025.09.04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2025.09.11-ний өдрийн 128/Ш3202/5961 дугаартай шүүгчийн захирамжаар “Бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон” байдаг.

Уг шүүгчийн захирамжид “Маргаан бүхий тушаалыг хэзээ, хэрхэн мэдсэн талаарх холбогдох баримтаа хавсаргаж ирүүлээгүй нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул үүнийг тодруулж, тайлбар баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлэх шаардлагатай” талаар дурдсан байдаг.

Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2025.09.24-ний өдөр сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/1111 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлд маргаан бүхий захиргааны актыг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт өгч 2025.07.02-ний өдрийн 128/ГХ2025/0176 дугаартай гүйцэтгэх баримт бичиг гарч, НШШГГ-аас 2025.07.09-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад 02-152/15615 дугаартай албан бичиг хүргүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 2025.08.14-ний өдрийн 07/4087 дугаартай бичиг ирсэн ба мэдэгдэл ирсэн өдөр хүртэл огт мэдэгдээгүй” талаараа дурдсан байна.

4.2. “С” ХХК-ийн зүгээс 2025.02.24-ний өдрийн 25/09 дугаартай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандсан албан бичигт “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023.09.25-ны өдрийн А/1111 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү. Уг тушаалаар манай газрын ашиглах эрхийн гэрчилгээг 2 үндэслэлээр хүчингүй болгосон талаар дурдаж хүчингүй болгосон үндэслэл тус бүр дээр хариу тайлбараа ирүүлж, энэ талаар 2025.01.25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очтол 2023 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байсныг мэдсэн” талаар дурдаж, тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байдаг.

Дээрх албан бичгийн хариуд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2025.04.02-ны өдрийн 01/271 дугаартай “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023.09.25-ны өдрийн А/1111 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах эрх хуулиар олгогдоогүй" гэх албан бичгийг “С” ХХК-д хүргүүлж мэдэгдсэн байна.

4.3. “С” ХХК-ийн зүгээс 2025.05.08-ны өдрийн 12/17 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан албан бичигт 2025.01.25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очтол 2023 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байсныг мэдээгүй тул манай компанийн газар ашиглах эрхийг дахин сэргээж өгнө үү” талаар дурдсан байдаг ба нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийн гэрчилгээгээр хүчингүй болсныг мэдсэн байна.

Дээрх албан бичигт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2025.05.22-ны өдрийн 01/550 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах эрх хуулиар олгогдоогүй тул холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх албан бичгийг “С” ХХК-д хүргүүлж дахин мэдэгдсэн байна.

4.4. “С” ХХК-ийн зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хуулийн хэлтэст 2025.05.23-ний өдрийн 05/23 дугаартай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023.09.25-ны өдрийн А/1111 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар хандсан байдаг. Дээрх албан бичгийн хариуд Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Э нь 991ХХХ дугаарын утсаар холбогдсон байдаг. Дээр дурдсан нэхэмжлэгчийн “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/1111 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар хандаж байсан өргөдөл болон хариу хүргүүлсэн захиргааны байгууллагын албан бичгээр нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болсноо мэдсэн буюу захиргааны байгууллагаас тухай бүр газар ашиглах эрх нь хүчингүй болсон, сэргээх боломжгүй талаар мэдэгдсэн байдаг.

4.5. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2026.01.15-ны өдрийн 01/783 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “С ХХК-иас танай захиргаанд гаргасан 2021.06.08-ны өдрийн 21/12 дугаартай хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх, түүнтэй холбоотой бүхий л баримтуудыг шаардсан” байдаг. Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2026.01.21-ний өдрийн 01/41 дугаартай албан бичгээр холбогдох баримтуудыг хүргүүлсэн байдаг боловч шүүхээс явуулсан албан бичгээр тодруулж байгаа хугацаа сунгах хүсэлтэд өгсөн хариу албан бичиг ирээгүй байдаг.

Энэ талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхээс шаардсан баримт дутуу ирсэн байна. Үүнтэй холбоотой баримтуудыг богдоос авсан ба надад байгаа файл баримтад "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1729 дугаартай албан бичиг байна. Уг албан бичигт “Танай байгууллагаас ирүүлсэн албан хүсэлттэй танилцаж дараах хариуг хүргүүлж байна. Газрын тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу газрын төлбөр төлсөн буюу тооцоо нийлсэн акт хавсаргаагүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх заалтын дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй байх тул газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг уламжлах боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэж дурдсан байгаа талаар хэлсэн байдаг.

Гэтэл шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүхээс шаардсан баримт дутуу ирсэн, албан бичгийг нотлох баримтаар авах шаардлагатай гэж үзээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

4.6. Шүүхээс “... Хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдээгүй, хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, шүүхийн маргаантай байсан" зэрэг шалтгаанаар газрын төлбөрөө төлөөгүй байгааг буруутгах боломжгүй гэж үзсэн тухайд:

-Шүүхээс 2025.11.03-ны өдрийн 01/8724 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "... Газрын төлбөрийн үлдэгдэл, төлбөрийн хуваарь, тус компаниас газрын төлбөртэй холбоотой гаргасан хүсэлт, түүнд өгсөн хариуг нотлох баримтаар ирүүлэхийг шаардсаны дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025.11.12-ны өдрийн 09- 19/932 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг.

Дээрх албан бичигт 2015.08.14-ний өдөр 1.980.000, 2018.01.03-ны өдөр 3.960.000 төлсөн. 2020-2023 нэхэмжлэл үүссэн талаар дурдсан. Тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй талаар дурдсан байдаг.

“С” ХХК-тай байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-ний 2.4-т “Газрын төлбөр жилд 1,980,000 байна. Төлбөрийг улирал бүрийн 25-ны өдрийн дотор шилжүүлнэ гэж заасан.” байдаг ба дээрх албан бичгээр “С” ХХК-ийн хувьд газрын төлбөрийг газар ашиглах хугацаа буюу 2018 оны 3 дугаар улирлаас хойш төлөөгүй нь баримтаар нотлогдож байхад гэрээний хугацаа дууссанаас хойш төлөөгүй байгааг буруутгах боломжгүй гэх агуулгаар дүгнэх нь үндэслэлгүй байна.

4.7. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0199 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлд дүгнэлт хийсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “...“Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/1111 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Хариуцагч нь маргаан бүхий А/1111 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаараа Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн амны хязгаарлалтын бүсэд “С” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх шалтгаанаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 5011 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “... газраа зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж зураг эскизийн ажил хийгдэж байх явцад 2017 оноос эхлэн “Л” ТББ-аас 3 шатны шүүхэд хандаж, ... Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/2321 дугаар албан бичгээр манай компанийн газар ашиглах гэрээ үргэлжлэн хэрэгжих боломжтой болсон байдаг. ... Ковидын /бүх нийтэд илэрхий үйл явдал/ дараа 2022 оноос хойш эхлэн ажилласан, ... газрын төлбөрөө хугацаанд нь төлж явж байхад огт мэдэгдэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан. Маргаан бүхий тушаалыг хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/4087 дугаар албан бичгээс мэдсэн...” гэж,

Хариуцагчаас “... Тус компанийн хувьд газар ашиглах эрх авахдаа тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах төсөл ирүүлсэн байдаг ч уг төслөө хэрэгжүүлээгүй буюу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

5. Анхан шатны шүүх “... Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д ... зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй, орхигдуулсан ...”, нэхэмжлэл гаргах хугацааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн албан бичгээр мэдсэн гэснээс тоолсон, газрын төлбөрийг бусдын маргаантай байсан... гэх зэргээр дүгнэж нэхэмжлэлийг хангасан. Ийнхүү шийдвэрлэхдээ газар ашиглах хугацаа сунгаагүйтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй /хариуцагч мэтгэлцээгүй/ байхад дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, мөн нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэлгүй, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн, маргаан бүхий актын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон 40.1.5-д зааснаар “... газрын төлбөрийн талаар баримт дутуу цуглуулж, хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, нэхэмжлэл гаргах хугацааны талаар мөн үндэслэл муутай дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5.1. Нэхэмжлэгч нь “хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлээгүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Тухайн маргааны үйл баримт буюу газар ашиглах хугацаа сунгах, газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр ашиглах эрхийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг, тэдгээр хуулиар зохицуулаагүй бол Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэн шийдвэрлэхээр байхад дээрх хуулийг хэрэглэсэн нь буруу байна.

Мөн анхан шатны шүүх “газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх, “нэхэмжлэгч нь тасралтгүй гомдол, хүсэлт гаргасан тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй” гэх зэрэг дүгнэлт хийхдээ дутуу цуглуулсан баримтад тулгуурлажээ. Тэрээр шүүх 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/783 дугаар албан бичгээр[1] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “... “С” ХХК-аас гаргасан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21/12 дугаартай хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх, түүнтэй холбоотой бүхий л баримтууд”-ыг ирүүлэхийг шаардсан атлаа Хамгаалалтын захиргаанаас энэ талаар тайлбар баримт ирүүлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтийг хуулбарлан ирүүлсэн байхад энэ талаар дахин тодруулахгүйгээр “... 01/783 дугаар албан бичгээр энэ талаар тодруулахад нэхэмжлэгч компанийн хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг ирүүлсэн нь нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүхээс шаардсан баримт дутуу ирсэн, албан бичгийг нотлох баримтаар авах шаардлагатай гэж үзээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна..” гэх гомдол үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлтэд өгсөн гэх уг хариуг, мөн нэхэмжлэгчид хэзээ хүргүүлсэн, түүнтэй нэхэмжлэгч тухайн үед маргасан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх болон хугацааны талаар дүгнэх шаардлагатай.

5.2. Анхан шатны шүүх “... хариуцагчаас мэдэгдэх үүргээ хэрхэн биелүүлсэн нь тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчээс ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт өгч, үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0156 дугаартай гүйцэтгэх баримт бичиг гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад албан бичиг явуулсан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/4087 дугаар албан бичигтэй танилцан мэдсэн гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчээс тасралтгүй гомдол, хүсэлтийг гаргаж байсан байна. Уг үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн аваагүй болно...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ.

Учир нь “Л” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 92 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ... нэхэмжлэгч “Л” НҮТББ-аас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг ... хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” эцэслэн шийдвэрлэснээр тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон нэхэмжлэгч “С” ХХК-ийн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байсан “бусдын буруугаас болсон хүндэтгэн үзэх шалтгаан” арилсан, ямар нэгэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа шаардлагагүй байна.

Гэтэл “С” ХХК-иас уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг 4 жилийн дараа 2025 онд гаргасан нь ойлгомжгүй байхад шүүх уг хүсэлтээр илт үндэслэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий актыг мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэхээс илүүтэй хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн албан бичгийг үнэлэлгүй, “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрээгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25/09 дүгээр албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С-Д  “... А/1111 дугаар тушаалаар манай газрын ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэж хандсанаас үзвэл нэхэмжлэгч нь дээрх үндэслэлгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэхээс өмнө маргаан бүхий актыг мэдсэн байсан нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл маргаан бүхий актыг нэхэмжлэгч хэзээ, хаанаас мэдсэн, газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлтээс хойш өөр гомдол, хүсэлт гаргасан эсэх, хариу өгсөн эсэх зэрэг нотлох баримт цуглуулсны үндсэн дээр “нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

            5.3. Мөн анхан шатны шүүх “... 2020-2023 онд нэхэмжлэгч компанийн газрын төлбөрт нэхэмжлэл үүссэн байх бөгөөд хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдээгүй, хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, мөн шүүхийн маргаантай байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь сунгагдсан эсэх, газар ашиглагч мөн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчийг  газрын төлбөрөө төлөөгүй гэж шууд буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “С” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаартай тушаалаар 0.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/79 дугаартай газар ашиглах гэрчилгээг тус тус олгож, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2015/068 дугаартай гуравласан гэрээг байгуулсан байх ба Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09-19/932 дугаар албан бичигт “... 2015.08.14-ний өдөр 1980000 төгрөг, 2018.01.03-ны өдөр 3960000 төгрөгийг төлсөн байна. Газрын удирдлагын нэгдсэн системд 2020-2023 оны газрын төлбөрт үүссэн нэхэмжлэлийг хавсралтаар хүргүүлэв. Уг хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна” гэсэн нь газрын төлбөрөө 2018.01.03-ны өдрөөс хойш төлсөн, төлөөгүй болохыг бүрэн нотлох баримт биш байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаарх давж заалдах гомдолдоо “... “С” ХХК-ийн хувьд газрын төлбөрийг газар ашиглах хугацаа буюу 2018 оны 3 дугаар улирлаас хойш төлөөгүй нь баримтаар нотлогдож байхад гэрээний хугацаа дууссанаас хойш төлөөгүй байгааг буруутгах боломжгүй гэх агуулгаар дүгнэх нь үндэслэлгүй байна...” гэсэнтэй холбоотой нотлох баримт дутуу байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх албан бичигт “тооцоо нийлсэн акт үйлдээгүй” гэснийг хариуцагч талаас үүнээс хойш төлөөгүйг илэрхийлэх мэтээр тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тухайн үед төлбөр төлсөн гэх тайлбар гаргасан боловч төлсөн баримт хэрэгт өгөөгүй тул төлсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

5.4. Мөн анхан шатны шүүхийн “... хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэсэн нь дээр дурдсан “нэхэмжлэл гаргаагүй асуудлаар дүгнэснийг болон нотлох баримт  дутуу цуглуулсан талаар дурдсантай холбоотой байх ба харин “шүүхийн маргаантай байсан нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн дүгнэлт нь газрын төлбөр төлөөгүйг зөвтгөх үндэслэл биш байх тул эдгээр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

 

хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

 

             ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР

 

             ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 2-р хавтас-27 дугаар хуудас