| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00455/И |
| Дугаар | 00446 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00446
| 2020 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00446 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Борт багт оршин суух, .. дугаарын регистртэй, Төнхөд овогт Вын Жгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.Ж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1970 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд З.Вын 2 дахь охин болон мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж, 1978 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1986 онд 8 дугаар ангиа төгссөн. Миний бие нь дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2-р бригад буюу Борт бригадад малчин аав З.Вын бог малын суурьт малчнаар томилогдон нэгдэл тарах хүртэл мал маллаж байгаад 1991 онд нөхөрт гарч нөхөр Ч.Бямбадоржийн суурьт шилжин малчнаар ажиллаж байгаад 1992 оны 02 дугаар сарын 20- ны өдрөөс Мөнх-Оргил ББХК-ны малчнаар компани татан буугдах хүртэл ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь өмч хувьчлалаар татан буугдаж 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Оргил ББХК болон өөрчлөгдсөн. Нэгдлийн малыг хувьчилж тараагаад компани өөртөө тодорхой мал сүргийг авч үлдэн үйл ажиллагаагаа явуулж байсан. В.Ж миний бие нь 1991 онд Чулуунбаяр овогтой Бямбадоржтой гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манайх одоо ч нутагтаа мал маллан амьдарч байна. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1993 оны 5 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Одоо миний бие нь 50 настай бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тоггоолгох шаардлагатай байна. Иймд Захчин овогт Вын Ж /РД:ПЙ 70061660/ намайг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мөнх- Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч В.Ж, өмгөөлөгч Н.Оюунчимэг нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ховд аймагт тарваган тахал өвчин гарч онцгой байдлаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн төв рүү орох гарах хөдөлгөөнийг хаасан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч В.Жгийн 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мөнх- Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч В.Ж нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мөнх- Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1986 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 05 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1609000359 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 301 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн Засаг даргын албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 126/003241 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 126/003242 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай лавлагаа,
Иргэн Ц.Баяраагийн ...Миний бие В.Жтэй Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 8 жил хамт суралцаад 1986 онд төгсөж Оч нэгдэлд малчнаар томилогдож байсан. В.Ж нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мөнх- Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Иргэн У.Хүрэлбаатарын ...В.Ж нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мөнх- Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан В.Жгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төнхөд овогт Вын Жг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Мөнх- Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ