Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00447

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00447

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Гахайт багт оршин суух, .. дугаарын регистртэй, Хиргис овогт Шын Нгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадаш нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шын Н нь 1969 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өссөн. 1977 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1985 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1988 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Нгийн аавын бие өвдсөн учраас манайх сумын төвд шилжин ирсэн. Сумын төвд ирээд Н нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 тоот тушаалаар тахианы өндөг дарах операторчнаар, нэгдлийн талхны цехэд талхчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Тушаалыг зөвхөн тахианы өндөг дарах операторчнаар гэж гаргасан байна. Н нэгдлийн талхны цехэд мөн талхчаар 1990 он хүртэл ажилласан. Нэгдэл хувьчлагдаад Н ажлаасаа гарсан бөгөөд тэр цагас хойш хувиараа ногоо тарьж амьдарч байна. Миний 1984 оны 4 сарын 28- ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээр миний төрсөн өдрийг буруу бичсэн, мөн намайг сурагч байх үед хөдөлмөрийн дэвтэр нээлгээсэн байна гэж үзээд миний хөдөлмөрийн дэвтрийг үнэлэхгүй байгаа юм. Энэ нь тухайн үед манай бригадын тоо бүртгэгч юм уу бригадын дарга нар нэгдэл тарах үед малчин хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрийг бөөнд бичиж тарааж өгснөөс болоод алдаа оноотой бичсэн болов уу гэж бодож байна. Тухайн үед нас залуу байсан болохоор хөдөлмөрийн дэвтрийн бичилтэнд нэг их ач холбогдол өгч хянаагүйн улмаас одоо ингээд өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй хохирч байна. Ховд аймгийн архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд нэгдлийн 70 дугаар данс шатсан учраас баримт гарч ирэхгүй байгаа, нэгдлийн даргын тушаалаас өөр баримт олдохгүй байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан учраас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хүсэлтийнхээ шаардлагыг гаргалаа. Иймд Ш.Нг 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оператор, талхчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадаш нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ховд аймагт тарваган тахал өвчин гарч онцгой байдлаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн төв рүү орох гарах хөдөлгөөнийг хаасан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ш.Нгийн 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд оператор, талхчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Н нь 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд оператор, талхчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 799 дугаартай албан бичиг,

Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн 1436391 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000292 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126/003040 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126/003039 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай лавлагаа,

Иргэн Д.Хандаагийн ...Миний бие Ш.Нтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Б.Долгорсүрэнгийн ...Миний бие Ш.Нтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зочид буудалд хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Нгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Хиргис овогт Шын Н нь 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд Ш.Нг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд оператор, талхчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ