| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/112 |
| Дугаар | 112 |
| Огноо | 2012-06-12 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
шүүгдэгч Х.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Х овогт Х.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000199 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Х овогт Х.Б. /РД:.../, 19..оны . дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан сум ..-р баг . дугаар байрны 13 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Х.Б. нь 2012 оны 03 дугаар сарын 08-ний шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг, Залуучууд театрын зүүн талд иргэн Д.М.ийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар утас, цүнхийг нь дээрэмдэж 340450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би найз Б., Н. хоёртой пиво уугаад гэртээ оръё гээд салцгаасан юм. Би тэгээд жижиг тэргэнд суугаад 380 айлын тэнд явж байгаад нэг эмэгтэй хүн явж байхаар нь таксинаасаа буугаад дагаад явсан. Тэр эмэгтэй шинэ хорооллын 9 давхар байрны хажуугийн 4 замын уулзвараар хуучин хороолол руу утсаар яриад явж байсан. Тэгээд би араас нь гүйж очоод гар утас, цүнхийг нь гараас нь булааж авсан юм. Булааж авахдаа тэр эмэгтэйг унагаасан юм. Тэгээд би гүйгээд “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөөн дээр очоод цүнхийг нь уудлаад 2 гар утас, театрын тоглолтын билет байхаар нь аваад цүнхийг нь хаяад гэртээ харьсан. Маргааш нь би Булгансүхтэй дайралдаад найз охин нь утас авна гэхээр нь би зээлээр 1 утсыг нь өгчихсөн. Нөгөө утсыг нь Б.ийн ангийн хүүхэд Б.тэй өөр утсаар сольсон юм. Д.тай тааралдаад тоглолтын билетийг нэг ширхэгийг нь 3000 төгрөгөөр зарсан. Тэгээд 3 дугаар сарын 11-нд цагдаа орж ирээд аваад явсан юм” гэв.
C:\Documents and Settings\User\Desktop\Õ.Áàòäºë㺺í 147-.doc
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч Д.М.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 7-9 дүгээр хуудас/,
Гэрч О.Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г. Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Б.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Б.ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн 26 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Б. нь 2012 оны 03 дугаар сарын 08-ний шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, Залуучууд театрын зүүн талд иргэн Д.М.ийг араас дагаж явж байгаад амыг нь дарж газар унагаагаад түүний хоёр ширхэг гар утас, цүнхийг нь дээрэмдэж нийт 340450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.М.ийн “2012 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагийн орчим Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй буудалд Улаанбаатар хотоос Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүнийг байрлуулаад тэндээс 2012 оны 03 сарын 08-ний шөнө 01 цагийн орчим Залуучууд театрын урд талын буюу ертөнцийн зүгээр зүүн талд байрлах хуучнаар цагаан буудал гэж ярьдаг газрын орчимд өөрийнхөө гар утсаар яриад явж байтал миний ар талд нэг хүний хөлийн чимээ гарсан юм, тэгээд би эргэж харах гэтэл араас нэг хүн ам дараад авсан юм. Тэгтэл би зүүн гартаа гар утсаа барьчихсан ярьж байсан, тэгээд барьж байсан гар утсаа газар унагаасан юм. Ингээд тэр үл таних залуу миний баруун гар талд байсан гар цүнхийг авах гэж надтай ноцолдсон юм. Ингээд би айсандаа гар цүнхээ гарнаасаа тавьснаа мэдэхгүй, тэр хүнээс зугтаах гэж ноцолдсон юм. Тэгээд тэр залуу намайг газар унагаад цүнхийг минь аваад Залуучууд театр болон Дархан их дэлгүүрийн чигтээ голоор гараад зугтаасан юм. Тэгээд би газраас босож иртэл манай байрны чиглэлээс буюу урд талаас манай хүргэн ах Хуягсүх гарч ирсэн юм. Би хүнд дээрэмдүүлчихлээ тэр хүн зугтаасан гээд зугтаасан залуугийн араас заагаад араас нь хөөгөөрэй гэж хэлсэн юм. Манай хүргэн ах хөөгөөд гүйцээгүй. ... Миний цүнхэнд байсан зүйлс, гар утас, сим карт зэрэг бүгд 485700 төгрөгийн хохирол учирсан. ... Миний хоёр гарыг дараад хоёр хөлөөрөө дээрээс хавчиж суучихсан байхад нь би баруун гараа татаж авахад миний баруун талын цээжин хэсэгрүү хөлөөрөө цохьсон юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7-9 дүгээр хуудас/,
гэрч О.Д-ын “2012 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим бэлтгэлээ тараад гэрийнхээ урд талын дэлгүүрт ортол дэлгүүрт Б. гэдэг хүүхэдтэй таарсан юм. Б. надад тоглолтын билет авах уу гэж хэлсэн юм. Би ямар тоглолт юм бэ гэж асуутал надад билетийг үзүүлсэн ба билет нь уртын дууны билет байсан юм. Тэгэхээр нь би үүнийг үзэхгүй, харин эгч, ах, ээж, аавдаа үзүүлье гээд авсан юм. Мөнгийг нь хэд хоногийн дараа өгье гэж хэлээд гэртээ орсон юм. Гэртээ ороод эгч Баянжаргалд өгөөд маргааш орой тоглолт болно гэж хэлсэн. Тэгээд би маргааш орой нь бэлтгэлээ тараад гэртээ орж ирээд байж байхад манай гэрт хоёр цагдаа орж ирээд надтай уулзаад ээж, аав хоёртоо өгсөн билетийг хаанаас авсан талаар асуусан, би тэр билетийг найз Б.өөс авсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,
гэрч Г.Б-ийн “2012 оны 03 дугаар сарын 08-ний өдрийн 11 цагийн орчимд байрныхаа урд талын хүнсний дэлгүүрт юм авах гээд зогсож байтал Б. орж ирсэн юм, тэгээд би Б.ийг орж ирэхлээр нь би найз охиндоо Мартын 8-ний өдрөөр юу авч өгвөл зүгээр вэ гэж асуусан чинь Б. найз охин чинь гар утас байхгүй юм чинь нэг гар утас аваад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хаанаас гайгүй гар утас олдох бол гэж асуусан чинь Б. надад энэ гар утсыг авах уу гэж хэлээд халааснаасаа нугастай Самсунг маркийн гар утас гаргаж ирээд үзүүлсэн юм. Би тэр гар утсыг нь үзээд Б.өөс хэд гэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь надад 20.000 төгрөг гэж хэлсэн. Би тэр гар утсыг зээлж авсан юм. Гэтэл 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим над руу утасдаад наад гар утас чинь хүнийх юм байгаа юм, аваад ирээч гэж хэлэхээр нь би найз охиноосоо гар утсыг нь аваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,
гэрч Б.Б-ын “2012 оны 03 сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим байж байтал манай эгчийн хүү Д тоглолтын билет гэж надад 2 ширхэг өгсөн Д найзаасаа авсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/
гэрч Б.Б-ийн “...Б миний гар утас руу залгаад Б.өөс авсан гар утсаа аваад ир гэж хэлсэн юм. ... Тэгээд миний гар утсыг өгөөд өөрийнхөө гар утсыг Б. аваад явсан“ гэсэн мэдүүлэг, /хэргийн 13 дугаар хуудас/,
шүүгдэгч Х.Б.ий яллагдагчаар өгсөн “... Автобусны буудлаас таксинд суугаад Шинэ Дарханы 380 айлын урдуур явж байтал замын хажуугаар нэг эмэгтэй хүн ганцаараа хуучин хороолол чиглээд явж байхлаар нь таксинаасаа буугаад тэр эмэгтэйн араас нь дагаж явсан юм. Тэгээд консулын хажуугийн дөрвөн замын уулзвар гараад Залуучууд театрын урд талын цагаан буудлын орчимд нөгөө хүний араас гүйж очоод амыг нь дараад гар утсаар ярьж явж байхад нь тэр утсыг нь гараас булааж аваад газар унагаад цүнхийг нь аваад явах гэтэл тэр хүн намайг зуураад байхлаар нь гарыг нь цохиж тавиулаад тэндээсээ Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн рүү гүйгээд тэндээсээ арслангийн ордонд дээр очоод авсан цүнхийг нь уудалж үзтэл нэг гар утас, 4 ширхэг тоглолтын билет байхаар нь аваад цүнхийг нь тэнд хаясан Монгол ардын намын байрны урдаас таксинд суугаад гэртээ харьсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Б.ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор биед нь халдан эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.М.т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс хүлээлгэн өгсөн /хэргийн 34 дүгээр хуудас/ байх бөгөөд хохирогч нь нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн хүслэт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлуудыг ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Х.Б.ийг бусдын биед хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар Х овогт Х.Б.ийг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэг Х.Б.д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Х.Б. нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Х.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Х.Б.д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Х.Б.д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Х.Б.д хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг сануулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Самсунг маркийн хоёр ширхэг гар утсыг хохирогч Д.М.т буцаан олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т эд хөрөнгө битүүмжилсэн 209 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Х.Б.д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ