| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00483/И |
| Дугаар | 00469 |
| Огноо | 2020-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00469
| 2020 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00469 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, .... тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Хар ямаат овогт Пийн Гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1967 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт төрсөн. 53 настай. Ам бүл 3. 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1975 онд Мөст сумын 8 жилийн дунд сургуульд орж суралцаж 1983 оны 6 дугаар сарын 25-нд 8 дугаар ангиа төгсөж улмаар Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх буюу 3 дугаар бригадад ээж Х.Нацагийн туслах малчнаар томилогдон мал маллаж байгаад 1988 оны 01 дүгээр сард ээжийн бие муудаж өвчний учир Ховд аймгийн төвд шилжин ирсэн юм. Ховд аймагт ирээд 1988 оны 04 сараас Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр .баазын барилга, сантехникийн бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. Би 1991 оны 09 дүгээр сарын 01-нд Ш.Нямдоржтой гэр бүл болж Мөст сумын 1 дүгээр бригадад мал маллаж байгаад нөхөр өвчний учир 2004 онд нас барсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр алга болсон холбогдох тушаал болон баримт бичигүүд олдохгүй зэргээс болж өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх буюу 3 бригадад туслах малчнаар 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч П.Гийн 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч П.Г нь 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1307 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 3 дугаар бригадын 1984 оноос 1978 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0708392 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 11600001627 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Засаг даргын тодорхойлолт, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/46 дугаар албан бичгээр ирүүлсэн мал тооллогын карт, П.Гийн ажиллаж байх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 126/003506 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 126/003500 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай лавлагаа,
Иргэн Ц.Баатаржавын ...П.Г нь 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн Б.Цогзолын ... П.Г нь 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хар ямаат овогт Пийн Гийг 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ