Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,

улсын яллагч Б.Сүрмандах

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/

хохирогч Н.Э., Д.Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул  аймаг  дахь  Сум  дундын  шүүхийн  Ерөнхий шүүгч Ц.Оч би Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Ш овогт Б-ийн Т.т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000275 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ийн Т. /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний техникч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Замын зүтгүүрийн депод машинч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн …..дүүргийн .. дугаар хороо, ХД-ийн ... тоотод оршин суудаг, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Б.Т. нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ....УНӨ улсын дугаартай “Toyota Spacio” маркийн автомашин жолоодож Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, уг машинд зорчиж явсан Б.Н.гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” 2012 оны 4 дүгээр сарын 13 өдөр Улаанбаатараас Орхон аймар руу 13 цагийн үед эхнэр, охин Г., миний төрсөн Н.  өөрийн машинаар гарсан. Тэгээд Хонгорын суманд явж байтал гэнэт машины руль зүүн тийшээ булаагдсан, тэгээд машин эсрэг урсгалд орсон тэр үед сандраад хааз, тоормосны алийг нь мэдэхгүй нэгийг нь гишгэсэн. Тэгээд машин замын хажуугийн боржур мөргөөд машин өнхрөөд унасан. Тэгтэл манай охин аав гараад ир гээд орилохоор нь гартал манай дүү 5 метр орчим газар шидэгдчихсэн ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд манай дүү эмнэлэг дээр ирээд нас барсан. Машин авахдаа 2 сард үзлэгээр орсон. Тухайн үед наклад ямар байсанг анзаараагүй. Зүгээр гээд гараад ирсэн. 4, 5 жилийн өмнө нэг машин барьж байгаа тэрнээс хойш  машин бариагүй байж байгаад энэ машиныг 2 сард авснаас хойш машин барьж байна… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн болгоомжгүй байдлаасаа дүүгийнхээ амь насанд хүрсэндээ маш их харамсаж байна. Цаашид 2 хүүхдийг харж асрамжилж явна. Ялын хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэв.

D:\My office files\ØÈÉÒÃÝÕ ÒÎÃÒÎÎË-2012\Á.Òºìºðáààòàð-215.3-113.doc

Хохирогч Н.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” Манай дүү хотод Т. ахынд байгаа. Бид хоёр аав байхгүй ээжээрээ овоглож явдаг байсан. Одоо манай дүү одоо 7 дугаар ангид суралцдаг. Т. ах манай ээжийн төрсөн ах бидэнд аавын минь оронд аав болдог хүн. Энэ хэргийг санаатайгаар хийгээгүй болохоор ахыгаа нэг их буруутгахгүй байна. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Т. нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ....УНӨ улсын дугаартай “Toyota Spacio” маркийн автомашин жолоодож Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, тогтоосон хурдыг хэтрүүлж явснаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, улмаар уг машинд зорчиж явсан Б.Н. амь нас хохирсон болох нь:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-10 дахь тал/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11 дэх тал/

-  Шинжээчийн дүгнэлт 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ¹ 02 /хэргийн 76 дахь тал/

“1.Батаа овогтой Т. нь ... УНӨ улсын дугаартай “Toyota Spacio” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна…” /Шинжээч ахмад Х.Г/

- Шинжээчийн дүгнэлт 2012 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн ¹ 015  /хэргийн 68 дахь тал/

“…Тоёота спайсо маркийн ... УНӨ дугаарын автомашины зүүн гар талын ажлын тоормосны ялтас /наклад/ нимгэрч элэгдсэн, техникийн  хувьд бүрэн бус стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож явсан байна…Ажлын тоормосны ялтас /наклад/ жигд бус элэгдэлтэй байсан нь тээврийн хэрэгслийг зогсоох хөдөлгөөний удаашралтад нөлөөлсөн…Автомашины үндсэн болон туслах эд ангийн эвдрэл гэмтлээс дүгнэхэд 90 км/цаг дээш хурдтай явсан байна” /Авто тээврийн мэргэшсэн инженер Л.Л./

  • Гэрч Т.Г.гийн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/

“ …Би машины урд талын суудал дээр сууж явсан, ээж жолоочийн ар талд, миний ард талийгаач Н. эгч сууж явсан. Тухайн осол болохын өмнө унтаад явж байсан. Машин баруун тийшээ унахад сэрсэн. Тухайн үед машин 2 эргэх шиг болсон. Аав орилоод машинаас буусан. Би түүнээс араа машинаас буусан, тэгэхэд Н. эгч машинаас 5 метр орчмын зайд газар хэвтэж байсан. Би түүнд та зүгээр байна гэж тайвшруулаад ээж дээр очсон. Түүний хөл нь машин дарагдчихсан байхад цагдаа ирж ээжийн хөлийг машин доороос гаргасан”

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ¹ 987  /хэргийн 62-63 дахь тал/

            “1.Талийгаачийн биед аксоний тархмал гэмтэц, тархины цагаан эд дахь цэгцэлсэн цус харвалтууд, цээжний битүү гэмтэл болон олон хавирганы хугарал, зүүн уушигны хавчилт, цээжний хөндий дахь цус хуралт, хэвлий битүү гэмтэл, дэлүүний задрал, 2 дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь босоо бай үедээ гэмтэл авсан байх боломжтой.

4. Шинжилгээгээр талийгаач нь гавал тархины гэмтэл , аксоний тархмал гэмтэцийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ…” /Шинжээч эмч Ц.Г/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Б.Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь “Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчснөөс, иргэн Б.Н. амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Н.Э., Д.Л. нараас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т.аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэж мэдүүлсэн түүнээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст Б.Т. нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагджээ. /хэргийн 89 дэх тал/

 

Шүүгдэгч Б.Т. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн зэрэг байдлуудыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Мөн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ХД-ийн .. тоот 36.1 метр квардарт 2 өрөө орон сууц нь шүүгдэгч Б.Т.ын өмчлөлийн орон сууц биш, мөн түүнээс гаргуулах хохирол болон ялд тооцох төлбөргүй тул дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор,

хэргийн хамт ирүүлсэн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Т.т буцаан олгож, түүний ... дугаартай жолооны эрхийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Б-ийн Т.ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчснөөс, бусдын амь насыг хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Батаагийн Т.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Т.т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Б.Т. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Б.Т.т оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Т.т хяналт тавихыг Нийслэлийн С. дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг  Б.Т.т мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хамт ирсэн … УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Т.т буцаан олгож, түүний …. дугаартай жолооны эрхийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Б.Т.т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г.Т-ийн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Т.т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.ОЧ