| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00384/И |
| Дугаар | 00471 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 00471
| 2020 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00471 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, Хөндлөн багт оршин суух, .. дугаарын регистртэй, Аралынхан овогт Хын Уийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Миний бие нь 1978 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 1986 онд 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор орж ажилласан. Нийтийн ахуйн үйлчилгээний салбар нь 1990 оны сүүл үеэс өмч хувьчлалаар хувьд шилжихэд ажилчдыг цомхотгож ажлаас чөлөөлсөн. Х.У миний бие нь 1990 онд Дамдиндорж овогтой Гэрэлтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1991 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Аралынхан овогт Хын У /ПЕ:70021602/ намайг 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Х.Уийн 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.У нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 811 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хөндлөн бригадын 1986 оноос 1988 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 947 дугаартай албан бичиг,
Хүсэлт гаргагчийн 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 214940 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0708124 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000369 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 126/002401 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 126/002406 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Иргэн Д.Оролмаацэрэнгийн ...Дүмбээ овогтой Оролмаацэрэн миний бие нь Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оноос хойш 1991 оныг дуустал буюу нийтийн ахуйн үйлчилгээний салбар өмч хувьчлалаар хувьд шилжиж татан буугдах хүртэл ажилласан. Х овогтой У нь 8 дугаар ангиа төгсөөд манайд оёдолчноор ажиллаж эхэлсэн. Ээж нь их уран хүн байсан учраас багаасаа охидууд нь дээл оёж сурсан гарын уртай байсан юм. Миний бие нь Х.Утэй 1986 оноос хойш хамт ажиллаж байсны хувьд гэрчилж тодорхойлж байна... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Уийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Аралынхан овогт Хын Уийг 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ