Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 00472

 

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00472

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Алаг багт оршин суух, .. дугаарын регистртэй, Сальмин овогт Яийн Мийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие нь 1970 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд Яын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа ээжийнхээ гар дээр өнгөрөөж 1978 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1986 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригад буюу Алаг бригадад ээж Ч.Яын суурьт туслах малчнаар ажилласан. Миний бие нь хүнтэй суугаагүй бөгөөд 1 охин асарч авч өсгөж байна. Охин М.Сумъяа нь одоо 14 настай. Миний ээж Ч.Я нь бог малтай, мөн саалийн үхэр саадаг байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь өмч хувьчлалаар татан буугдаж, 1992 оны 02 дугаар сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж өөрчлөн байгуулагдсан. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1991 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд оролцож чадаагүйгээс хүсэлтийг шүүгчийн захирамжаар буцаасан. Одоо миний бие нь 50 настай бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход улсад ажиллаж байсан байдал буюу нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Я.Мийг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, Я.Мийг 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Я.Мийн 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хүсэлт гаргагч Я.М нь 1986 оны 06 дугаар сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн бөгөөд 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1986 оноос 1990 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0701787 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1609000216 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 06 дугаар сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

Иргэн П.Самбуугийн ...Тамгат овогт Пагаагийн Самбуу миний бие нь 1953 оны 03 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Миний бие нь бага наснаасаа өдийг хүртэл төрсөн нутаг Ховд аймгийн Мөнххайрхан сумандаа 67 жил амьдарч байгаагаас 50 гаруй жил нэгдлийн болон хувийн мал маллаж амьдарч байна. Я овогтой Мийн ээж Ч.Я нь хүнтэй суугаагүй, өрх толгойлсон эмэгтэй өөрөө суурь ахлан мал малладаг байсан. Я.М нь дунд сургуулиа төгсч ирээд л ээжтэйгээ хамт мал малласан. Ч.Я нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад малчин байсан.

Я.М нь ээжийн хамт нэгдэл тартал мал малласныг мэдэхийн хувьд гэрчилж, тодорхойлж байна.... гэх тодорхойлолт

Иргэн П.Энхтөрийн ... Миний бие нь 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд энэхүү ажиллаж байсан байдлаа тус шүүхээр тогтоолгож шийдвэрлүүлсэн. Я овогтой Мийн ээж Ч.Я нь хүнтэй суугаагүй, өрх толгойлсон эмэгтэй өөрөө суурь ахлан мал малладаг байсан. Я.М нь дунд сургуулиа төгсч ирээд л ээжтэйгээ хамт мал малласан. Ч.Я нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад малчин байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Мийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Сальмин овогт Яийн М нь 1986 оны 06 дугаар сард нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн бөгөөд Я.Мийг 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ