Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 109

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Н.Идэр

хохирогч Ч.У

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш

иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Ж.Шагдар

шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б овогтой Ч. Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000236 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Б овогтой Ч. О, /РД: ... 19.. оны .-р сарын ..-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл .., ээж, эгч, дүүгийн хамт Дархан сум ..-р баг . тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй,

 

Шүүгдэгч Ч.О нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан сум . дугаар багийн . .. тоотод хувийн маргааны улмаас төрсөн эгч Ч.У-ийн толгойн тус газар нь шаазан гүцээр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 3 сарын 21-ны өдөр  би гэртэй дүүтэйгээ хоол хийх  байж байсан чинь эгч гаднаас согтуу орж ирсэн.Тэгээд надад агсан тавиад байсан. Тэгэхээр нь би уурлаад  эгчийн хүүхдийн цай хийж ууж байсан гүцийг аваад шидчихсэн юм. Тэгтэл эгчийн яг толгойд нь цохигдсон юм. Тэгээд толгойноос нь цус гарч эхэлсэн юм. Тэгээд би эгчийн хүүхдийг аваад хажуугийн гудамжинд байдаг Энхбаяр гэдэг ахынд очиж хоносон юм.” гэв.    

Хохирогч Ч.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр манай найз  япон явна гээд би найзуудтайгаа уулзаж пиво уусан  юм.Тухайн үед болсон явдал надаас болсон. Тэр үед  яг юу болсныг би сайн санахгүй байна. Гаднаас орж ирээд  байж байхад намайг цохих шиг болсон. Тэгээд цус гараад тэгээд ухаан орсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Ч.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Л.Н-ын мэдүүлэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/,

            Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 18  дугаар хуудас/,

            Гэрч  Шүүгдэгч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹295 тоот дүгнэлт /хэргийн 21 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.О нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан сум .. дугаар багийн ... тоотод хувийн маргааны улмаас төрсөн эгч Ч.У-ийн толгойн тус газар нь шаазан гүцээр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.У-ийн  “...2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай найз япон явах гэхээр нь найз М., М., Г. нарын хамт Тэнгэр нэртэй кафед сэнгүр нэртэй 4-5 шил пиво уусан. Тэгээд орой нь гэртээ хэдэн цагт очсоноо сайн мэдэхгүй байна. Манай найз Мөнхгэрэл намайг гэрийн үүдэнд хүргэж өгчхөөд явсан гэсэн, тэр үед бараг 20 цаг өнгөрч байсан байх, тэгээд би гэртээ ороод яг юунаас болж дүүтэйгээ маргалдсанаа санахгүй байна, нэг мэдсэн миний толгойноос цус гарч байсан. Тэгсэн ах Б. ирчихсэн, намайг эмнэлэг авч явсан юм, би тэгээд эмнэлэг явах үед дүү Оыгаа цагдаад барьж өгнө гэсэн чинь тэр айгаад гараад явчихсан юм шиг байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 14 дүгээр хуудас/,

гэрч Л.Н-ын мэдүүлэг “... 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байсан юм.  тэгсэн эхнэр бид 2-ын хөлслөн суудаг хашааны эзэд болох эгч, дүү 2 гэртээ маргалдаж байгаа дуу чимээ сонсогдож байсан. Тухайн үед эхнэр бид 2 гадуур явж байгаад 20 цагийн үед гэртээ орох гэж байхдаа маргалдаж байхын нь сонссон юм. тэгээд гэртээ ороод байж байхад араас удаагүй хашааны эздийн хүүхэд болох нэгдүгээр ангийн банди уйлаад ороод ирэхээр нь би тэдний гэр рүү яваад ортол эгч дүү 2 хоёулаа байж байсан. Гэрт нь яваад  ороход эгч нь согтуу дүү рүүгээ чи муу хулгайч хувцас өгөөдөх гээд загнаад байж айсан юм. Тэгэхээр нь би миний 2 дүү болио, эгч чинь бие муутай байгаа, больцгоо гэсэн чинь дүү нь гараараа толгой руу нь 2 удаа цохиод авсан  юм. Тэгэхээр нь би дундуур нь ороод 2 тийшээ салгаад гэрээс нь гарч эмнэлэг дээр ээжийг нь сахиж байсан ах руу нь утсаар яриад чи ирж 2 дүүгээ зохицуулахгүй бол маргалдаад байна гээд ахыг нь дуудсан юм. тэр үед нөгөө 2 гэр дотроо маргалдаад байсан юм. Тэгээд ах нь ирээд тэр хоёрыг салгасан байх чимээгүй болоод ах нь эмэгтэй дүүгээ дагуулаад эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15 дугаар хуудас/,

гэрч Б.Б-ын  “... 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орой 22 цагийн үед толгойдоо гэмтэл авсан цус гарсан эмэгтэй орж ирсэн юм, тэгээд гэртээ орсон чинь манай дүү архи уулаа гээд маргалдан, намайг зодсон гэж ярьж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед тэр эмэгтэй их согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн   “...2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эгч Уийн 6 настай хүүтэй нь хамт хоол хийх гэж байтал гаднаас манай эгч У согтуу орж ирээд над руу агсан тавиад намайг зайл энэ тэр гээд байсан юм. Би эгчийгээ гэрийн зүүн орон дээр сууж байхаар нь уурлаад хойморт байсан авдар дээр байсан цэнхэр өнгийн шаазан гүцийг аваад шидчихсэн юм. Тэгсэн чинь эгчийн яг толгойд нь цохигдсон юм. Тэгээд л толгойноос нь цус гарч эхэлсэн юм. Тэгэхээр нь би эгчийнхээ хүүхдийг аваад гэрээсээ гараад явчихсан юм. Тэгээд хажуугийн гудамжинд байдаг Энхбаяр гэдэг ахынд очоод хоносон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42  дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹295 тоот  дүгнэлт“ ...Ч.У-ийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.О-ыг хувийн маргааны улмаас төрсөн эгч Ч.У-ийн толгойн тус газар цохиж биемахбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч Ч.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх ба мөрдөн байцаалтын шатанд ч хохиролд тооцож нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч Ч.Уээс  гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзэв.

 

Ч.О-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Ч.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг шүүгдэгч ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Б овогтой Ч. Оыг бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Ч. О-ыг 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.О-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ч.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

           

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар Ч.О-д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гүцийг сонирхогч этгээд хүсвэл тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар тогтоолыг хүчин төгөлдөр болтол Ч.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                  ШҮҮГЧИД                                Б.МАНЛАЙБААТАР

 

                                                                        Ё.РИНЗААН