| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/108 |
| Дугаар | 108 |
| Огноо | 2012-06-04 |
| Зүйл хэсэг | 215.3., 216.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
хохирогч Д.Н., Б.Н.
хохирогч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
гэрч С.О
шүүгдэгч Ж.А., нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Б овогтой Ж.ы А.эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000253 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Яллагдагч Ж.А. нь 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Дархан сум 12 дугаар багийн нутагт Дархан зочид буудлын өмнөх төв зам дээр ....ДАР дугаарын Lexus-470 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27-а, 8-4, 9-2, 25-в дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч явсан иргэн Д.Б., түүний охин Б.Г. нарыг дайрч Д.Б-ын амь насыг хохироож, Б.Г.ийн биед хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан,
Мөн жолооч Ж.А. нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан зэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” 2012 оны 3 сарын 18-нд гэрээсээ гарч яваад Наран буудалд найзуудтайгаа архи уусан. Тэндээсээ найзуудын хамтаар гараад “ДД” бааранд очиж 0.75 литрийн архи авч хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Нэг мэдсэн өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн. Хохирол төлбөрийг барагдуулж байгаа. Цаашид ч гэсэн Г.ийн эмчилгээний зардлыг барагдуулах болно гэв. ” гэв.
Хохирогч Д.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 03 дугаар сарын 18-ны орой би дүүтэйгээ утсаар ярсан. Маргааш хот явна гэж байсан. Тэгээд орой нь ээж над руу утсаар ярсан. Дүү чинь осолд орсон байна гэсэн. Тэгээд намайг очоод удаа ч үгүй байхад өнгөрсөн. Оршуулгын болон эмчилгээний зардлыг төлсөн одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ цаашид Г.ийн эмчилгээтэй холбоотой гарах зардлыг нэхэмжлэх болно.” Гэв,
Хохирогч М.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол болоход манай хүүхдийн бие нь муу байсан. Хот явж эмчилгээ хийлгээд одоогоор биеийн байдал гайгүй байгаа. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авсан. Цаашид Г.ийн эмчилгээтэй холбоотой гарах зардлыг нэхэмжлэх болно.“ гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 3-4, 6-8 дугаар хуудас/,
2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн авто машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 5 дугаар хуудас/,
2012 03 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хэргийн 9-12 дугаар хуудас/,
Хохирогч Б.Г.ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн 348 тоот дүгнэлт /хэргийн 34 дүгээр хуудас/,
2012 оны 03 сарын 19-ний өдрийн 40 тоот шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт, Фото зургууд / хэргийн 43-46 дугаар хуудас/,
Ж.А.ийн 2012 оны 03 сарын 19-ний өдрийн шүүх химийн шинжилгээний 119 тоот хариу / хэргийн 31 дүгээр хуудас/,
2012 оны 04 дүгээр сарын 12-ны дөрийн 36/02/012 тоот авто тээврийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлт, фото зургууд / хэргийн 36-39 дүгээр хуудас/,
2012 оны 03 сарын 18-ны өдрийн за тээврийн осол хэрэг дээр тогтоосон замын цагдаагийн байцаагчийн акт /хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/,
Хохирогч Б.Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 17--18 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Р.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,
Гэрч С.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.А.ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 111 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.А. нь 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Дархан сум 12 дугаар багийн нутагт Дархан зочид буудлын өмнөх төв зам дээр ....ДАР дугаарын Lexus-470 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27-а, 8-4, 9-2, 25-в дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч явсан иргэн Д.Б., түүний охин Б.Г. нарыг дайрч Д.Б-ын амь насыг хохироож, Б.Г.ийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, мөн жолооч Ж.А. нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох гэрч Ц.Б-ын “... Өнөөдөр цэргийн баяр тэмдэглээд найзуудын хамтаар Ноёд бааранд биллъярд тоглож байгаад гарцгаасан юм. Бааранд орохоос өмнө архи уусан байсан болохоор машин бариулах найзыгаа дуудаад хүлээж байсан юм. Тэгсэн чинь хээтэй хороолол чиглэлээс нэг бараан өнгийн жип маркийн автомашин маш хурдтай өнгөрөхөд замын хажууд байсан хүмүүс орилсон юм. Хүмүүс орилолдоод эхлэхээр нь харахад манай найз замын гол хэсэгт газар уначихсан хэвтэж байсан юм. .” гэсэн мэдүүлэг, /хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Р.Д-гийн: “ Баарнаас би түрүүлж гараад хүүхдээ тэврээд зам хөндлөн буюу Дархан буудал талдаа гараад нэг машин зогсоогоод түүнд суух гээд эхнэрээ хүлээгээд зогсож байсан чинь миний хажууд дуу чимээ гарахаар нь эргээд хархад Б. цаана нь асфальтан зам дээр уначихсан, хүүхэд нь наана нь уначихсан хэвтэж байсан. Мөргөсөн машин мөргөнгүүтээ их гэрлээ унтраагаад цаашаа явчихсан юм. Намайг харахад байрны голоор орж байгаа харагдаж байсан ба бараан өнгийн автомашин байхыг харсан юм. Анх манай эхнэр миний ард Б. машин дайруулчихлаа шүү дээ гэж орилоход нь эргээд хартал тийм байдалтай болчихсон байсан.
Гэрч С.О-гийн: “ Баарнаас гараад би манай нөхөр Д хүүхдээ өргөөд би хажууд нь дагаад Дархан буудал чиглэл рүү зам хөндлөн гараад хуучин Дархан явах гэсэн машин зогсоох гэсэн боловч хүн ихтэй болоод зогсолгүй явчихсан юм. Тэгээд дараагийн машиныг хүлээх гээд замын нөгөө талд гарангуутаа эргэж хараад зогстол асфальтан зам дээр түр тар хийсэн чимээ гараа явчихсан юм. Машины ямар нэгэн гэрэл юу ч харагдаагүй ба юу болов гээд эргээд хартал талийгаач Б-ын охин асфальтан зам дээр хэвтэж байсан. Түүний гутал хувцас малгай зэрэг нь энд тэнд тарчихсан байхаа нь охин дээр гүйж ирээд малгай нь нэлээн хол хэвтэж байхаар нь түүнийг нэлээн хол шидэгдчихсэн хэвтэж байхаар нь би орилж хаширла байж байтал Н над дээр ирээд миний хөгшин тайвшраад гэртээ хариад байж байгаад намайг машинд суулгаж өгөхөөр нь би машинд суугаад гэртээ харьсан юм...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/,
Хохирогч Д.Н.гийн: “2012 оны 03 дугаар сарын 19-ний 01 цагийн орчим гэртээ байж байсан чинь манай ээж Н над руу утсаар яриад дүү чинь аваарт орсон гэж байна, одоо нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр байна гэхээр нь очиж болсон явдлын талаар мэдсэн юм. Дүү маань нь их архи хэрэглээд байдаггүй, баяр ёслолын үеэр архи уудаг байсан. Биеийн байдлын хувьд нэлээн хүнд байгаа, толгой, элэг, дэлүү, аарцаг, дал, давсаг зэрэг гэмтлүүд авсан байгаа..”гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/
Гэрч М.Б-ийн: ”Би өнөөдөр эхнэр З-ийн хамтаар Дархан сумын 9-р баг Наран буудалд 20 цагийн орчим хоол идээд сууж байсан чинь найзууд болох Т, Ш нар ирэхээр нь би нар Вип өрөөнд ороод сууж байсан чинь А. 21 цагийн орчим ганцаараа орж ирэхээр нь бид нар хоорондоо хөзөр тоглосон юм. Хөзөр тоглож байх үед Ш, А. нар 100, 100 грамм архи авч уусан юм. Тэгээд байж байсан чинь А. эндээс гаръя DD баар оръё гээд байхаар нь Шинээ А., З нарын хамтаар DD баар руу явсан юм. Тухайн бааранд ороод 0,75 литрийн хар Чингис архи авсан ба тэрийг Шинээ А. 2 хувааж уугаад нэлээн согтсон юм. Тэгээд баар хаахаар нь баарнаас гарахад А. өөрийн … ДАР улсын дугаартай lexus470 маркийн автомашинаа өөрөө барина гээд надтай булаацалдаад байхаар нь хүчээр түлхүүрийг нь булааж аваад арын суудал дээр нь суулгаад машиныг нь бариад Дархан сумын 10-р баг … байрны гадаа буюу гэрийнх гадаа хүргэж өгөөд машиныг нь түгжээд түлхүүрийг нь өөрт нь өгсөн чинь машинаа барих гээд дайраад байхаар нь би болиулах гэж нэлээн ноцолдсон юм. Тэр үед миний шээс хүрээд бие засах байх хооронд машинаа бариад ганцаараа зугтаасан юм. Байрныхаа урдаас боржуур дайрч хөдлөөд дугай банзны хажуугаар Дархан буудал чиглээд маш хурдтай явсан юм. Байрныхаа урдаас хөдлөхөд нь хажууд зогсож байсан энгийн хувцастай цагдаа станцаараа А.ийг машин бариад явсан талаар мэдэгдэж эхэлсэн юм. Тэгээд удалгүй Дархан буудлын урд машин юм мөргөх чимээ гараад хүмүүс шуугилдаад эхлэхээр нь З-ийн хамтаар Дархан буудлын тийшээ явж очсон юм. А.ийг машин бариад хөлдөхөд Золчимэг бид үлдсэн юм. Ш. DD бааранд үлдсэн юм. ...Нэлээн согтуу байсан ба ямар ч байсан хөл дээрээ тогтож чадаж байсан юм. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэсэн мэдүүлэг , / хэргийн 21 дүгээр хуудас/
Гэрч Т.Б-гийн: “Тэр өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн замын цагдаагийн тасгаас нөхөр Ганхуягийн хамтаар гараад гэртээ харихаар явсан юм. Ингээд Дархан сумын 10-р баг 1а байрны өмнө ирэхэд байрны урд талын автомашины зогсоол дээрээс Жип маркийн хар өнгийн автомашин маш хүчтэй хаазлаад хашлага давж хөдлөөд төв зам гараад Дархан зочид буудлын зүг рүү урсгал сөрөөд явсан юм. Тэр машиныг урсгал сөрөөд явахаар нь араас нь хараад зогсож байсан чинь Дархан зочид буудлын урд, урдаасаа хойшоо зам хөндлөн гараад явж байсан хүнийг мөргөчхөөд цаашаа зугтаасан юм. Тухайн үед хажууд нэг эрэгтэй 2 залуу зогсож байсан ба машин бариад явсан хүнийг гэрт нь оруулах гээд дийлсэнгүй, машиныхаа түлхүүрийг булааж аваад ганцаараа явчихлаа гэж хэлж байсан юм. ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 30 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹348 тоот дүгнэлтэд: “Б.Г.ийн биед гэмтлийн шок, элэгний 2-р сегментийн хальсан доорх язралт, давсагны няцрал, хэвлийн гялтангийн арын хэсэг, чацархайн цус хуралт, зүүн талын сүүж ясны хугарал нүүрний зөөлөн эдийн зулгаралт, 1 шүдний хөдөлгөөн орсон байдал, хурц дотуур цус алдалтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт, /хэргийн 34 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн ¹40 тоот дүгнэлтэд: “Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт, /хэргийн 43-46 дүгээр хуудас/,
Шүүх химийн шинжилгээний ¹119 тоот хариу: “Ж.А.ийн цусанд 3%-ийн этилийн спирт илрэв.” гэсэн хариу зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Ж.А.ийг Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.4-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в заасан “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж , зам хөндлөн гарч явсан иргэн Д.Б., түүний охин Б.Г. нарыг дайрч Д.Б-ын амь насыг хохироож , Б.Г.ийн биед хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулж, Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан зэрэг гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар тус тус хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Н., Б.Н. нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлын мөнгийг бүрэн төлүүлж авсан гомдолгүй” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн Ж.А.ээс хохирлын мөнгөө бүрэн гаргуулж авлаа нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгээр өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хохирогч нарт нэмж гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.
Ж.А.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Ж.А. нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гомдол саналгүй болох тухайгаа хохирогч нар шүүхийн хэлэлцүүлгээр мэдүүлж байгаа, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг хүлээлгэн өгсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогтой Ж.ы А.ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Д.Б-ын амь насыг хохироож, Б.Г.ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Жаргалсайханы А.ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жил хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ж.А.эд оногдуулсан хөнгөн ял болох 2 /хоёр/ жил хорих ялыг хүнд ял болох 4 /дөрөв/ жилийн хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.А.эд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Ж.А.эд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Ж.А. нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Хохирогч Д.Н., М.Н. нар нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ж.А.ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
9. Ж.А.ийн … тоот жолоодох эрхийн үнэмлэхийг замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. …. ДАР улсын дугаартай LEXUS маркийн авто машиныг Ж.А.эд буцаан олгосугай
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ж.А.эд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.
12. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ж.А.эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Ж.А. нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
15. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Г.од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ