Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0329

 

 

 

 

                                                                                           

 

                                            

О.Уын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0326 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О.У

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гг, М.

Хариуцагчийн өмгөөлөгч Б., Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

Хэргийн индекс: 128/2026/0208/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч маргаан бүхий Б/209 дүгээр тушаалы эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргажээ.

2.2. Төрийн албаны зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04/75 дугаар албан бичгээр  “... Б/209 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж хариу өгсөн байна.

2.3. Уг хариуг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0326 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Уаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн О.Уыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Уыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалган” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэ, Ж.Га нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “...Нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухай:

Сонсох ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй:

Хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр явуулсан сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгч “би хууль тогтоомжийн дагуу олгогдох тэтгэмж, тэтгэлгээ аваад бүтцийн өөрчлөлтөд хамрагдахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Би цаашид БНСУ-д хэдэн сар ажиллаж ирээд гэр бүлтэйгээ АНУ-д удаан хугацаагаар очиж амьдрах төлөвлөгөөтэй байна. Иймд тэтгэмжээ аваад ажлаасаа гарах саналтай байна.” гэж илэрхийлсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5.10-д 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын Уулзалтын тэмдэглэлд нэхэмжлэгчийн гарын үсэггүй байгаа нь тухайн тэмдэглэлд дурдсан дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжих хүсэлгүй талаар болон тэтгэмж, тэтгэлгээ аваад бүтцийн өөрчлөлтөд хамрагдахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн гэх агуулгыг нэхэмжлэгчийн эрх зүйн хувьд хүчин төгөлдөр илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй., 5.11-д ... уг тэмдэглэл нь нэхэмжлэгчийн эрх, үүрэгт нөлөөлөхүйц эрх зүйн баримт бичигт тооцогдох боломжгүй, гарын үсэггүй байдлыг харгалзан үзвэл тухайн агуулгыг нэхэмжлэгчийн жинхэнэ хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй болно” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Зүй нь, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.” гэж зааснаар захиргааны сонсох ажиллагааг эхлүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгчтэй биечлэн уулзах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулж, тайлбар санал гаргах боломжийг бүрэн олгосон.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална”, 29.2-т “Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна” гэж тус тус заасан байгаагаас үзвэл сонсох ажиллагааны тэмдэглэлд заавал оролцогчоор гарын үсэг зуруулах шаардлагагүй байна.

Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг нотлох баримтаар үнэлээгүй:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг хүлээж авснаас 2 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар 3 сарын дундаж цалинтай тэтгэмжийг олгож өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд шүүхээс мөн тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Гэтэл анхан шатын шүүх хэрэг хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

4.2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилсан.

Монгол Улсын Төсвийн тухай хуульд 2025 онд өөрчлөлт орж, улсын хэмжээнд нийт төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хассантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 93 байсныг 9 орон тоогоор бууруулан 84, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/163 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэгжийг 7 газар, 5 хэлтэстэй байсныг 6 газар, 5 хэлтэстэй болгон, нийгмийн даатгалын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1477 байсныг 136 орон тоогоор бууруулан 1341 байхаар тус тус баталсан буюу талуудаас үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал цомхотголд орсон болно.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар ажлын байраар хангуулах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олох боломжтой талаар хуульчилсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож буюу түүний санал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг үндэслэж сонгох боломжийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд албан бичиг хүргүүлж, нэхэмжлэгчид 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээгээр түүнд ..  төгрөгийн нэг удаагийн тэтгэлгийг тэтгэмж олгосон.

Анхан шатны шүүх хэргийн Ж.Гийг чөлөөлсөн үйл баримтыг буруу тодорхойлжээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “5.9...Ж.Гийг өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлж, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн байна” гэжээ.

Ж.Г нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй, харин төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” Гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжүүлэн ажиллуулж, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын байцаагч, Ж.Г-мыг оронд нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн томилсон болно. Энэ нь хоёр байгууллагын удирдлага ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулсан бөгөөд сул орон тоо гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрийн албаны сул орон тоо гараагүй байхад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж сул орон тоо гарсан утгаар тайлбарлан хэрэглэх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 4-д “Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан "...сул орон тоо гарсан..." гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ж.Г нь нас бараагүй, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, албан тушаал буураагүй, төрийн албанаас халагдаагүй болно.

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 15-д “...Энэ хэсэгт заасан "...орон тоо цөөрсөн...", мөн зүйлийн 27.2.4-т заасан "...орон тоо хасагдсан ..." гэдгийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж заасан.

Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.”, Мөн хэсэгт заасан "орон тоо цөөрүүлэх" гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

Иймээс маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцнэ.

4.3. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О.Уаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий Б/209 дүгээр тушаалаар “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 498 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.4, 2.2-т заасныг тус тус үндэслэн,

1 дэх заалтаар Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагч Оюунчимэгийн Уын албан тушаалын орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан тул 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас нь чөлөөлж, төрийн албанаас түр чөлөөлж,

... 5 дахь заалтаар О.Ут нэг удаагийн тэтгэлэг .... төгрөг олгож, санхүүгийн бусад тооцоог хийж дуусгахыг Үйл ажиллагаа хариуцсан ахлах нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн (Л.На)-д зөвшөөрч” шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч “шилжин ажиллах шаардлагыг, орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр халагдахыг зөвшөөрөхгүй гэсээр байтал албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч тэтгэлэг өгвөл ажлаас орон тооны цомхотголоор гарах хүсэлтээ илэрхийлсэн, мэдэгдэл өгөөгүй байхад өөрөө ажлаас гарах болон тэтгэлэг авах хүсэлтээ гаргасан, тэтгэлгээ авснаас харахад албан тушаалаас чөлөөлөгдөх үйл баримтыг зөвшөөрсөн байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх “ ... 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Уулзалтын тэмдэглэл”-д нэхэмжлэгчийн гарын үсэггүй байгаа нь тухайн тэмдэглэлд дурдсан дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжих хүсэлгүй талаар болон тэтгэмж, тэтгэлгээ аваад бүтцийн өөрчлөлтөд хамрагдахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн гэх агуулгыг” нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Уулзалтын тэмдэглэл”-ээс үзэхэд нэхэмжлэгч нь хууль тогтоомжийн дагуу олгогдох тэтгэмж, тэтгэлгээ аваад бүтцийн өөрчлөлтөд хамрагдахад татгалзах зүйлгүй талаараа хэлсэн байх боловч уг уулзалтаас хойш хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “албан тушаалаас чөлөөлөх захиргааны акт гаргах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэж мэдэгдэл хүргүүлсэнд нэхэмжлэгч хариу өгөхдөө “хүлээн зөвшөөрөх боломжгүй” тухайгаа илэрхийлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан “орон тоо цөөрсөн” тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээг авалгүй, нэхэмжлэгчийг албан тушаалаас нь шууд чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий актыг гаргах болсон бодит нөхцөл байдал нь  “нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо “7” байсан нь “6” болж цөөрсөн” үйл баримт бөгөөд энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: ... 62.1.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн “чөлөөлөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариуг авсан тохиолдолд тухайн 7 орон тоонд ажиллаж байсан этгээдийг ажлын үр дүн, мэргэшлийн үнэлгээ, мэдлэг ур чадварыг харгалзан тусгай болон нийтлэг шаардлага хангасан 6 албан хаагчийг шалгаруулж аваад үлдсэн этгээдийг албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авахаар байхад нэхэмжлэгч О.У албан тушаалаас чөлөөлөх тухай мэдэгдлийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байхад “орон тоо хасагдсан” тохиолдолд хэрэгжүүлэх зохицуулалт болох мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг шууд баримтлан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

6. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/237 дугаар тушаалаар Хяналт шалгалтын газрын “Мэргэжилтэн, улсын байцаагч”-ийн орон тоо 7 байсныг 6 болгон цөөрүүлснээс хойш маргаан бүхий тушаал гарахаас өмнө хариуцагч нь нэхэмжлэгчтэй ижил албан тушаалын бусад  орон тоонд өөр этгээдийг томилох, дүүргээс байцаагч, мэргэжилтнүүдийг шилжүүлж авах, сэлгэх зэрэг өөрчлөлтүүдийг хийж байсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/2489, 01/2488 дугаар албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2975 дугаар албан бичиг, тус газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/206 дугаар тушаалаар Ж.Гийн хүсэлтийг харгалзан түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн зэргээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн үед улсын байцаагчаар ижил ажиллаж байсан өөр хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан байсан. Тийм учраас О.Уыг ажлаас халах шаардлагагүй байсан...”[1] гэж  маргасныг ч үгүйсгэхээргүй байна.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдолдоо “... Ж.Г нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт ... заасны дагуу Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжүүлэн ажиллуулж, ... Ж.Г-мыг оронд нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн томилсон болно. ... Өөрөөр хэлбэл, ... төрийн албаны сул орон тоо гараагүй байхад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж сул орон тоо гарсан утгаар тайлбарлан хэрэглэх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна ...” гэснийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь “орон тоо цөөрсөн” бодит нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч нь тухайн улсын байцаагч нарыг буюу нэхэмжлэгчийг дуудан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эсэхийг асууж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг шууд хэрэгжүүлэхгүйгээр албан хаагч нарын хүсэл зоригийн дагуу зохицуулахыг эрмэлзсэнийг буруутгахгүй, харин үүний адил нэгэнт нэхэмжлэгчийг чөлөөлөхөөс өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн /ижил/ албан хаагчийн “сул орон тоо” гарсан тохиолдолд нэхэмжлэгч “чөлөөлөхийг зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлсэн байхад ажиллаж байсан 6 албан хаагч, түүний дотор нэхэмжлэгчийг хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой, гэтэл өөр этгээдийг сул орон тоонд томилж, нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь үндэслэлгүй, энэ талаар тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байна.

7. Харин давж заалдах гомдолд “... Б/209 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдалд хүргэжээ“ гэж маргасан тухайд хариуцагч нь дээр дурдсанаар төрийн албан хаагч нарын эрхийг аль болох бага хөндөхийг эрмэлзэж санал асуусныг буруутгахгүй боловч “чөлөөлөгдөхийг зөвшөөрч байсан” нэхэмжлэгч нь чөлөөлөх шийдвэр гарахаас өмнө хүсэлтээ татан авч “хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг хэрэгжүүлээгүй нь хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн уг хуулийн заалтын дагуу шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх эрх зөрчигдсөн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, уг эрхийг сэргээхээр эгүүлэн ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан нь үндэслэлтэй.

Энэ тохиолдолд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ “сул орон тоо” байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг томилж ажиллуулах, байхгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу тухайн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагч нараас үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ур чадвар зэргийг харгалзан нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгчийн зөрчигдсөн нэмэгдэл баталгаа эдлэх эрхийг хангах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Дээрхээс үзвэл анхан шатны шүүх маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад хэрэглэгдэх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0326 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “62.1.4” гэснийг “62.1.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэ, Ж.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

             ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

[1] 1-р хавтас, 84 дэх хуудас.