| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0159/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0162 |
| Огноо | 2014-08-04 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0159/Э/
Сум дундын 7 шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
иргэдийн төлөөлөгч *** ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
хохирогч *** ,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
гэрч *** ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201209000381 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** -ний өдөр *** төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух, *** ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *** багийн нутагт *** захын өмнөх талбайд *** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, дахин нүүрэн тус газарт нь өвдөгдлөж бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2014 оны 5 сарын 10-ны өглөө гэртээ байж байгаад *** гэдэг найзтайгаа ээжийндээ очиж хоол идсэн. *** найзтайгаа өдөр 10 цагийн үед Буян зах дээр очиж биллиард тоглосон. Бид 2-ыг тоглож байхад манай найз *** ирсэн. Бид 3 нийлээд 2 литрийн Боргио пиво нэг ширхэгийг хувааж уусан. Тэгээд тоглож байсан чинь манай найз *** ажлынхаа газрын эмэгтэйтэй уулзан ханьтай яваад уулзаад ирье гэсэн. Би 3 нийлээд зах руу явсан. Зах руу ороод явж байхад манай найз *** миний шилийг машин доогуур шидсэн хүн явж байна би очоод уулзаад ирье гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэр 2-ыг уулзаад зогсож байхад талийгаач *** тай хамт байсан. Манай найз *** г таньдаг юм билээ. Тэгээд манай найз *** явъя гэхээр нь *** г явъя гэж дуудсан. Тэгсэн талийгаач *** 2 над дээр цуг ирсэн. Талийгаач намайг чи хэн юм гэсэн. Тэгэхээр нь би найзыгаа явъя гэж дуудсан гэж хэлсэн. Тэгсэн намайг жоохон хүүхдүүд томорчихоороо ондоо юм аа гэсэн тэгэхээр нь би чамтай юм яриагүй ш дээ гэсэн. Талийгаач чи энэ зах дээр намайг яаж ч чадахгүй шүү гэсэн. Удаагүй байтал над руу гарын салаавч гаргаад май гээд байсан. Миний нүүр рүү гараараа нэг удаа түлхсэн. Шилэн хүзүүнээс бариад доошоо дараад байсан намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг цохисон. Тэгээд тонгойхоор нь нүүрэн тус газар нь нэг өвдөглөсөн. Тэгэхэд манай найз *** *** болиоч ээ яах гэж цохиж байгаа юм бэ гэхээр нь би больсон. Би тэгээд 2 найзтайгаа Арбатын гудамж уруудаад гандангийн тэнд найз *** гийн ажлынхан хүнтэй уулзаж байхад манай эхнэр залгасан хаана юу хийгээд яваад байгаа юм бэ зодолдоод яваад байгаа юм уу гэхээр нь би нээх сүртэй зодолдоогүй гэсэн. Цагдаагаас хүн ирчхээд зодолдсон хүн чинь босч ирэхгүй байна чи хурдан ир цагдаа чамайг асуугаад байна гэхээр нь би гүйгээд очсон. Талийгаач бид 2-ын маргалдсан газар дээшээ хараад хэвтэж байсан. Би баруун талын хөлний хажууд нь очоод зогсч байхад цагдаа намайг чи цохисон уу гэхээр нь би тийм ээ гэсэн. Цагдаа намайг наашаа хүрээд ир гээд дагуулаад захын зүүн тийшээ явсан чинь цагдаагийн машин зогсч байсан. Тэгээд цагдаагийн машинд суугаад цагдаагийн газар ирж байцаалт өгсөн” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Би Дархан сумын 7 дугаар багийн майхантын 110б тоотод би хүүтэйгээ хамт амьдардаг. Би 2 хүүхэдтэй хамгийн том хүүхэд маань нэг хүүхэдтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн хүү маань намайг харж ханддаг байсан. Би 1990 онд группт гарсан. Цаашдаа яаж амьдрах талаар мэдэхгүй байна. Оршуулгын зардлыг нь өгсөн. Энэ хүүхэд харахад гайгүй хүүхэд байна. Цаашдаа намайг харж хандах байх гэж итгэж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 багийн нутагт Буян захын өмнөх талбайд *** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, дахин нүүрэн тус газарт нь өвдөгдлөж бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 15 ширхэг, хэргийн газрын схем зураг / хэргийн 3-8 дугаар хуудас/
Хохирогч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “... 2014 оны 05 дугаар сарын 10-ны өглөө талийгаач хүү маань гэртээ байсан юм. Ингээд байж байсан чинь миний гар утас дуугараад *** тай утсаар яръя гэхээр нь яриулсан юм. Тэгтэл удалгүй дахин гар утас дуугараад талийгаач хүү маань 10 цаг өнгөрч байхад *** а намайг дуудаад байна, би очиж уулзчихаад хүрээд ирье, би удахгүй гэж хэлээд гараад явсан юм. Үүнээс хойш холбоо бариагүй байж байгаад 14 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад “хүү нь одоо очлоо, би аниа буюу *** эгчийн гэрт очиж хоол идчихээд гэртээ харинаа” гэж ярьж байсан юм. Дараа нь 16 цаг болох гэж байхад ахин над руу утсаар яриад хүү нь минутын дараа гэртээ очлоо гээд гэж хэлж байсан. Тухайн үед гар утсаар ярихдаа хүү нь бирж дээр Санжаатай явж байна, би түүний гар утсаар ярьж байна гэж надтай ярьсан юм. Тэгээд л чимээгүй болчихсон чинь 17 цаг болж байхад гэж санаж байна, миний том охин Уранчимэг над руу утсаар яриад дүү *** ын бие муу бирж дээр байна, та яаралтай бирж дээр хүрээд ирээч гэхээр нь *** яасан юм бэ гэж асуусан чинь ухаан алдаад газар уначихсан байна гэж хариулахаар нь яаралтай эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд жаахан байж байгаад *** г над руу дахин яриад уйлаад ярьж чадахгүй байсан чинь хажуугаас нэг эрэгтэй хүн Уранчимэгийн гар утсыг аваад та яаралтай бирж дээр хүрээд ирээч гэхээр нь гэрээсээ гараад бирж дээр ирсэн чинь Буян захын үүдэнд баахан хүн овоорчихсон голд нь миний хүү Ганбат хэвтэж байхыг харсан. Би талийгаачийг хэвтэж байхыг хараад очоод бариад авах гэсэн чинь Уранчимэг намайг ойртуулахгүй байгаад байсан юм. Тэгээд л нас барсан байна гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг / хэргийн 51-52 дугаар хуудас /
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талийгаач *** над руу 09 цаг өнгөрч байхад залгаад хаана байна гэхээр нь хуучин дарханд явж байна гэхэд би гэрээсээ гарах гэж байна, 15 дугаар сургуулийн хажууд хүрээд ир би өөдөөс яваад очьё гэх хэлэхээр нь 15 дугаар сургууль руу явж байсан чинь өөдөөс хүрээд ирсэн юм....тэгээд древен рүү явж хүйтэн брашик ууя гээд Энхээ гэдэг эгчийнд очиж 3 литр брашик авч гудамжинд уусан юм. Тэрийг нэлээн удаан ууж дуусгачхаад буцаж хуучин Дарханд ирээд Буян захын голын хаалгаар орсон юм. Би Буян захын үүдэнд 200 төгрөгийн үнэтэй хар цай нэгийг авчхаад талийгаачийн араас орсон чинь Буян захын үүдэнд 3-н залуугийн нэг залуутай нь маргалдаад зогсож байсан. Намайг очих хооронд талийгаачтай хэрэлдэж байсан хар өнгийн хөндлөн судалтай цагаан өнгийн цамцтай өндөр залуу талийгаачийн нүүр рүү 2 удаа гараараа цохисон чинь талийгаач доошоо өөдөөс нь сөгдсөн маягтай унасан чинь нүүр рүү нь хөлөөрөө өвдөглөчихсөн чинь талийгаач доошоо газар уначихсан юм. Тэгээд тэр залуу Буян захын голын хаалгаар доошоо уруудаад явчхаар нь би араас нь та нар хүн аллаа шүү дээ гэж хэлсэн чинь талийгаачийг цохисон залуу цохисон залуу миний нэрийг мэддэг болохоор *** гуай чамайг ч гэсэн ална шүү, наашаа хүрээд ир гэхээр нь очилгүй талийгаач дээр очсон чинь хамраас нь цус гарчихсан, дээшээ хараад хэвтэж байхаар нь ухаан алдчихлаа гэж бодоод түргэн рүү залгаж дуудлага өгсөн юм. Талийгаач өглөө уулзахад эрүүл байсан. Талийгаач өөрийн гэсэн ухаантайгаа явж байсан. Тэр 2 яагаад маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна, би бодохдоо бие биенийгээ шүргэсэн үү, эсвэл 2-лаа жаахан халамцуу явж байсан болохоор тэгсэн үү гэж бодож байна” гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дугаар хуудас /
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд лангуун дээрээ сууж байхад манай лангууны урд 4 залуу явж байгаад 2 залуутай маргалдаж, юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд маргалдаж байгаад 2 тийшээ салаад тэгсэн чинь цагаан цамцтай өндөр залуу ногоон цамцтай залуутай барилцаж авсан байхыг харсан. Тэгээд нэг мэдэхэд ногоон цамцтай залуу газар унасан байсан. Түүнтэй цуг явж байсан ногоон цамцтай залууг босгох гээд “Баагий босоорой” гэж байгаад түргэн дуудсан юм” гэх мэдүүлэг / хэргийн 66 дугаар хуудас/
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...миний лангууны урд 2 танихгүй залуу явж байгаад 4 танихгүй залуутай маргалдсан юм. Ногоон цамцтай залууг цагаан цамцтай залуу чирээд байсан. Тэгснээ 2 тийшээ салаад явсан чинь цамцтай өндөр залуу нь ногоон цамцтай залуугийн араас нь очиж барьж авч байгаа харагдсан. Ногоон цамцтай залуу нэг мэдэхэд газар унасан байсан. Би яг яаж цохьсон гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хэргийн 67 дугаар хуудас/
Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... Манай чингэлгийн өөдөөс харсан тамхины лангууны урд биржийн эрүүл ахуйч эмчийн нөхөр өндөр туранхай залуу явж байсан чинь бүлэг банди нар зөрөхдөө одоо нас барсан байсан залуу, тэр өндөр залуу руу гарын салаа гаргаад тийшээ явъя гээд өдөөд байсан юм. Тэгсэн тэр өндөр цагаан эрээн цамцтай залуу нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод духаараа нэг удаа мөргөсөн тэгтэл энэ нас барсан залуу газар унаад хамраас нь цус гараад хөдлөхөө больсон. Тэгсэн хамт явж байсан хар куртиктэй залуу миний найз явъя гээд байсан. Тэгсэн энэ хавийн хүмүүс боль эмнэлэг дууд гэсэн эмнэлэг ирээд нас барсан байна, цагдаа дууд гээд явсан. Талийгаачийг согтуу байсан эсэхийг анзаараагүй, зөрсөн залуу зүгээр явж байхад талийгаач өдөөд ийшээ гаръя гээд хоргоогоод байсан” гэх мэдүүлэг / хэргийн 68 дугаар хуудас/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...нас барсан залуу цоохор цамцтай залуу руу салаавч гаргаад п гэж хэлээд харааж байсан юм. Хэн нь талийгаачийг цохисныг хараагүй, пид гэх чимээ гарахаар нь харахад тэр хавиар явж байсан хүмүүс бөөгнөрчихсөн харагдсан” гэх мэдүүлэг / хэргийн 70-71 дугаар хуудас /
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... тэгээд би өдөр Буян захын үүдэн дээр таарахаар нь шилээ авч өгөхгүй юм уу гэхэд тэр талийгаачтай явж байсан өндөр залуу нь надаас уучлалт гуйгаад “ хөгшин нь тэгж байгаад аваад өгье” гээд надтай гар барьсан. Тэгэхэд талийгаач хажуугаас “ дүү нар ямар том болсон юм бэ” гээд томроод манай найз *** эй маргасан *** эхлээд талийгаачийг цаашаа бай, та нартай маргалдмааргүй байна гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач “ та нар ямар том болсон юм бэ, энэ зах дээр та нар надад томорч байгаа юм уу, зодолдъё” гээд дайраад байсан. Тэр үед миний хажуу талын лангуунаас тамхи аваад байж байхад нүдний буланд талийгаач газар унаж байгаа харагдсан. Би эргээд харахад талийгаач газар хэвтчихсэн байхаар нь би *** дээр очоод “ чи яаж байгаа юм бэ наадуултайгаа маргалдаад хэрэггүй ээ, цохичих л юм бол үхнэ шүү дээ” гэж хэлээд *** г дагуулаад явж байхад утас нь дуугараад эхнэр нь залгаад “чамайг хүн цохисон гэж байна, нөгөө хүн чинь нас барсан байна” гэж ярьсан. Бильярд тоглож байхдаа тэнд тоглож байсан 2 хүнтэйгээ бид 3-лаа 2 литрийн пивоноос нэг удаагийн аягаар нэг нэг ууцгаасан. Талийгаач болон хамт явж байсан залуучууд нэлээн согтуу байсан. *** ийг зодолдчихъё гээд хувцасны энгэрээс нь татаад байсан” гэх мэдүүлэг / хэргийн 55-56 дугаар хуудас/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... хуучин захын тамхи гурил зардаг лангууны хажууд Бат-Эрдэнэ нэг залуутай маргалдаад эхэлсэн юм. Би *** ай урд нь явсан ба *** бид 2 араас нь явсан бөгөөд тэр залуутай нь маргалдаад байхаар нь би явъя гээд дуудсан ба ирэх юм байлгүй гээд цаашаа явчхаад буцаад ирэхэд *** нөгөө залууг нүүр рүү нь түлхэх шиг болсон. Нөгөө залуу газарт нуруугаараа унасан, хамраас нь гарсан хэвтэж байсан. Би яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй, нөгөө залуу нь *** г чи юу гээд байгаа юм бэ, гөлөг минь гэж хэлж байсныг сонссон. Тэр залуу их согтуу байсан. Тэр залуутай хамт 3 залуу явж байсан. Намайг *** г явъя гээд дуудахад хохирогч *** ий араас нь шилэн хүзүү рүү нь түлхсэн юм. Тэгэхэд нь *** эргэж хараад түлхсэн юм” гэх мэдүүлэг / хэргийн 57 дугаар хуудас/
2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийн өмсөж байсан хувцаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд / хэргийн 10-12 дугаар хуудас /
Сэжигтэн *** ийн биед болон өмсөж явсан хувцаснд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хэргийн 13-14 дүгээр хуудас /
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархийг нэлэнхүйд хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, хүзүүнд цус хуралт, нуруунд зулгаралт, хөхөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаачийн нь уушгины сүрьеэ болон элэгний үрэвсэлт өвчтэй байжээ.
4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас, их, бага тархийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доор цус харваж нас баржээ.
5. Талийгаачийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг илэрхийлнэ./хэргийн 84-86 дугар хуудас/,
2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4642 тоот “*** ийн цусанд 1,1 промилло спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 100 дугаар хуудас/,
2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4649 тоот “улаан шаргал өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд нь дээрх цус толбоны харьяалал 0/1/ бүлгийн харьяалалтай байна “гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 104 дүгээр хуудас/,
2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4650 тоот “*** ийн өмсөж явсан хар өнгийн судалтай цагаан өнгийн цамц нь дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд *** г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 135 дугаар тал/,
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д заасны дагуу онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч *** ийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэхэд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 35/14 дугаартай магадалгаагаар тэрээр: “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байна, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай” нь тогтоогджээ. /хэргийн 94 дүгээр хуудас/
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “***эс нэхэмжлэх хохирол төлбөр болон гомдол санал байхгүй байхгүй” гэж мэдүүлсэн тул түүнээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь ямар нэгэн гомдолгүй гэж тайлбарласан зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн канттай цагаан өнгийн цамц, шаргал өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн пүүз, хар өнгийн дотоож зэрэг эд зүйлс зэргийг буцааж өгөхөөр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар *** д 6 /зургаан/ жил 9 /есэн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар *** д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *** н энэ хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ тогтоолоор ***эс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд *** н эзэмшлийн Дархан сумын *** тоотод үл хөдлөх хөрөнгийн *** тоот гэрчилгээтэй 40,5 м.кв талбайтай хувийн орон сууц, *** гэрчилгээтэй 696 м.кв талбай бүхийн газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1163 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн канттай цагаан өнгийн цамцийг шүүгдэгч *** д, шаргал өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн пүүз, хар өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** д тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Т.ЭНХЖАРГАЛ