| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00538/И |
| Дугаар | 00489 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00489
| 2020 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 153/ШШ2020/00489 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн .. тоотод оршин суух, Шар хуурчин овогт Цийн У /../-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00538/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ц.У нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн ба бага насаа эцэг, эхийнхээ гар дээр өнгөрөөж байгаад, Ховд аймгийн Дуут сумын найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1982 онд наймдугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Ганц мод бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн ахлах малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тус газартаа ажиллаж байгаад сургуульд сурах болсон тул 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдөж, Хөдөө аж ахуйн техникумын Мал эмнэлгийн ангид малын бага эмчийн мэргэжлээр суралцаж эхэлсэн ба 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төгсөөд, 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 37 тоот тушаалаар Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Миний бие нь малын бага эмчээр 1998 он хүртэл ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, мөн миний бие нь анх төрөхдөө У гэдэг нэртэй төрсөн ба сургуульд ороход Уранбилэг гэдэг нэрээр бүртгэсэн учраас энэ нэрээр сургууль төгссөн баримт, ажилд орсон, гарсан тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь Уранбилэг гэдэг нэрээр явж байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд регистрийн дугаартай, Шар хуурчин овогт Цийн У намайг 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт ахлах малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Угийн 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад Эмчилгээ тэжээлийн цэгт ахлах малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1116 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай захирамж, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай тушаал, Ховд аймгийн Дуут сумын 4-р бригадын 1984 оны 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 5-8 дугаар тал/
2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/
3.Нэхэмжлэгчийн малын бага эмчийн мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар тал/
4.1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 14-25 дугаар тал/
5.1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөдөө аж ахуйн техникумаас нээсэн 261060 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 26-49 дүгээр тал/
6.гэрч Х.Баатархүүгийн:... би 1988 оны 8 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малын бага эмчээр ажилд орж 1992 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Нэгдэл тараад Таван-Эрдэнэ компани болоход мөн 2 дугаар багтаа малын эмчээр компани татан буугдах хүртэл ажилласан... намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малын бага эмчээр тус нэгдлийн 1 дүгээр бригадын малын бага эмчээр ажиллаж байсан. Нэгдэл тарах хүртлээ ажиллаж байгаад Таван-Эрдэнэ компани болоход 1 дүгээр бригадад малын бага эмчээрээ 1994 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/
7.гэрч Х.Цэндээгийн:... би 1979 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчинаар ажилд орж нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад Таван-Эрдэнэ компани болоход түрээсийн малчнаар 1994 он хүртэл ажилласан... Ц.У нь 1982 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригад /Ган мод/-д эмчилгээ тэжээлийн малчнаар ажилд орж 1985 он хүртэл ажилласан. 1985 онд Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумд элсэж 3 жил суралцаад малын эмч болсон. Малын эмчээр төгсөж ирээд тус нэгдлийн 1 дүгээр бригадад малын бага эмчээр нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад Таван-Эрдэнэ компани болоход 1 дүгээр бригадад мөн л малын бага эмчээр ажиллаж байсан. Таван-Эрдэнэ компани хэзээ тарсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар хуурчин овогт Цийн У //-г 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад Эмчилгээ тэжээлийн цэгт ахлах малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Шивэр, Дуут хэсгийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ