Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00490

 

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2020/00490

Жаргалант сум

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-24 тоотод оршин суух, Жамбарайнхан овогт Ө-ийн О /../-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00542/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ө.О нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.О миний бие 1969 оны 05 дугаар сарын 20- ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн.

Бага насаа аав ээжийн асрамжинд өнгөрөөж, 1977 онд Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1987 онд 10 дугаар анги төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д гарч хүргэн ах Б.Бадрах, төрсөн эгч Ө.Булгаа нарын хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригад Баянхайрхан"-д бог мал маллаж байсан.

Аав Н.Ө 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан. Ээж Ш.Тогтох намайг 10 дугаар анги төгсөх үед өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан тул би хөдөлмөрийн чадвартай хүргэн ах, эгч нарынхаа суурьт туслах малчинаар ажиллаж байсан.

1990 онд Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Т.Даваатай гэр бүл болж Ховд аймгийн төвд шилжин суурьшиж одоо хүртэл Ховд аймгийн Жаргалант суманд амьдарч байна.

Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, архивын лавлагаагаар 1987 онд илгээлтээр МАА-д гарсан тушаал гарч ирсэн боловч ажиллаж байсан материал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.

Миний шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Огийн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 328 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 4-5 дугаар тал/

2.гэрч З.Урианхайн:.. Би 1970 онд цэргээс халагдаж ирсэн. Түүнээс хойш тасралтгүй 1990 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчаар ажилласан. Ө.О нь 1987 оны хавар Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болж байсан хүүхдүүдийн нэг байгаа юм. Нэгдэл тартал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан. Ө.О бог мал маллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

3.гэрч Г.Ариунтуяагийн:... Би 1987 оны 6 сард Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчин болж 1991 он хүртэл ажилласан. Ө.О бид хоёр нэг ангийн хүүхдүүд байгаа юм. 1987 оны хавар Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчнаар Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад 1990 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамбарайнхан овогт Өийн О //-г 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ