Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­30

 

 

 

  

 

 

2023 оны  02 сарын 16 өдөр                                  Дуга  2023/ШЦТ/­­­­30                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Сс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаан Туг овогт Чгийн Б-д холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С аймгийн О суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Синоватирк хово ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, охин, зээ хүүхдийн хамт амьдардаг, С аймаг, С сум, 3-р баг Н байнга оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Ц овогт Ч-н Б /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 03-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гуо хуй ХХК-ийн кемпэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Одбаяртай үл ялих зүйлээр маргалдаж эгэм хэсэгт хутгаар хатгасны улмаас баруун мөр, цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтрээгүй өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: ‘’2023 оны 01 сарын 03-ны өдөр Ш.Б 1 шил архи уугаад сууж байсан чинь тээвэр зохицуулагч орж ирээд хөөгөөд яв зайл муу хөгшин гэсэн. Тэгээд байж байсан чинь У.О орж ирээд зайлдаа муу хөгшин гэж хэлсэн. Тэгэхээр нь хоол идэж байсан юм аа аваад гаргах гээд цээжин хэсэг рүү түлхсэн. Тэгээд гараад явчихсан. Тэр үед харанхуй байсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Сүүлд эмчилгээнд нэмээд 500,000 төгрөг өгсөн.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтас хэргийн 9-16 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.О “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө хэдэн хүмүүс архи уугаад байна гэхээр нь би тухайн архи уугаад байгаа газарт явж ороод архи уусан хүмүүст архи уухгүй байх талаар шаардлага тавиад байж байтал Ч.Баярсайхан миний цээж хэсэгт цохих шиг болохоор нь би гадаа гараад Ч.Баярсайхан миний цээж хэсэгт цохих шиг болсон чинь нойт оргиод байна гээд хэлтэл эмч үзээд эмнэлэг явна гэж хэлээд Хайрхан багийн эмнэлэг дээр авч ирээд Хайрхан багийн эмч үзээд миний хутгалуулсан хэсэгт оёдол тавьж өгсөн юм. Тэгээд би кемп дээрээ буцаж ирсэн...Ч.Б бид хоёр үл ойлголцож бид хоёр хэрэлдээд би согтуу хүн кемп дээр байж болохгүй гэж хэлээд хэрэлдэж байхад орон дээрээ суугаад цүнх рүүгээ явах шиг болоод миний цээж хэсэгт цохиод авах шиг болсон чинь хутгалчихсан байсан...Миний зүүн талын эгэмний хэсэгт нэг удаа зүүн гарын хэсэгт хумсаар маажсан юм шиг болсон байсан. Миний биед өөр ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй.Би хохирол гомдолтой холбоотой баримтаа гаргаж өгөхгүй...Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцана...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Одбаярын 2023.02.06-ны өдрийн дахин өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Батхишигийн “...Гуо хуй ХХК-ийн тээвэр зохицуулагч У.Одбаяр Ч.Баярсайхан хоёр хэрэлдээд байсан. Тэгтэл Ч.Баярсайхан тээврийн менежер У.Одбаяр гэдэг хүний цээж хэсэгт нь гараараа цохиод авах шиг болоод У.Одбаяр.Ч.Баярсайхан бид хоёр амардаг гэрээс гараад яваад өгсөн юм. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар орж ирсэн...Би юугаар халдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цээж хэсэгт нь цохиод авах шиг болсон юм. Тэгээд цагдаа нар амрах гэрт орж ирэхэд Ч.Баярсайхан, У.Одбаяр гэдэг хүнийг хутгалсан талаар мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Жигмэдтогтохын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө архи уусан согтуу хүн байна гэхээр нь би Ч.Баярсайхан амардаг гэрт нь явж ороод би Ч.Баярсайхан гэдэг хүнд та архи уусан байна одоо хувцас хунараа бэлдээд яв гэж хэлээд би буцаж гараад ажлаа хийж байгаад тээвэр зохицуулагч У.Одбаярт Ч.Баярсайхан гэдэг жолооч архи уучихсан байхаар нь би хувцас хунараа бэлд гэж хэлээд гараад ирлээ чи авч яваад унаанд суулгаад өгчих гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал У.Одбаяр миний өөдөөс гараад ирэхээр нь юу болсон талаар асуухад Ч.Баярсайхан төмөр юм уу нэг юмаар хатгачих шиг боллоо гэхээр нь хартал гараас нь цус гарч байхаар нь Ханбогд сумын сум дундын эмнэлэг дээр очоод үзүүл гэж хэлээд унаанд суулгаж явуулаад би цагдаад дуудлага өгсөн юм...Би яг юугаар халдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан У.Одбаяр надад хэлэхдээ хутга юм уу? төмрөөр хатгасан гээд надад хэлсэн. ... Яагаад халдах болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ч.Баярсайхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Ш.Батхишиг, Ч. Баярсайхан нар байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/

                 Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. У.Одбаярын биед баруун мөр, цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтрээгүй өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх  гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Баярсайханы “... Би тухайн үед нь эм тарианы мөнгө гэж 150.000 төгрөг л өгсөн өөр өгсөн зүйл байхгүй ээ. Одбаяр одоогоор надаас нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/

                  Шүүгдэгч Ч.Баярсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 48-54, 64, 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 03-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй” ХХК-ийн кемпэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Одбаяртай үл ялих зүйлээр маргалдаж эгэм хэсэгт хутгаар хатгасны улмаас баруун мөр, цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтрээгүй өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Баярсайханы гэмт үйлдэл болон хохирогч У.Одбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь 2023 оны 01 дүгээр сарын 03-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй” ХХК-ийн кемпэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Одбаяртай үл ялих зүйлээр маргалдаж эгэм хэсэгт хутгаар хатгасны улмаас баруун мөр, цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтрээгүй өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баярсайхан нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Баярсайханы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

           Гэмт хэргийн улмаас хохирогч У.Одбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай “... 1. У.Одбаярын биед баруун мөр, цээжний зүүн өмнө хэсгийн хөндий рүү нэвтрээгүй өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх  гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь хохирогч У.Одбаярын эмчилгээний зардалд 500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч У.Одбаярын эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан нь үнэн болно гэх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүгдэгч Ч.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 99 дэх тал/

Хохирогч У.Одбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед Ч.Баярсайхантай маргалдаж Ч.Баярсайхан Одбаяр миний биед хөнгөн гэмтэл учруулсан. У.Одбаяр миний зүгээс Ч.Баярсайханаас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ч.Баярсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч У.Одбаяр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”-нийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Баярсайханыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Баярсайханы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 16,5 см ажлын хэсгийн урт 7,1 см бариулын урт 9,4 см уг хутганы ажлын хэсгийн өргөн нь 1,9 см хутганы бариулын өргөн 2 см /тонгорог/ эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.  

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ч-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч Ч.Б нь хохирогч У.О эмчилгээний зардалд 500,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 16,5 см ажлын хэсгийн урт 7,1 см бариулын урт 9,4 см уг хутганы ажлын хэсгийн өргөн нь 1,9 см хутганы бариулын өргөн 2 см /тонгорог/ эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Баярсайханы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ