Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 24

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2011/028/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0-305/,

хохирогч Ц.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Б Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123593 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Б Б  /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ... сумын .. баг ... 1-5 тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гэртээ буюу Дархан-Уул аймгийн .. сумын .. баг, ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Ц.Д гийн цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... 2011 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай эхнэр Ундармаагийн найз эмэгтэй Т  Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд бид нар хоёр шил архи хувааж уучхаад унтсан юм. Маргааш өглөө нь буюу 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө босоод шараа тайлах гээд бид нар нэг шил архи авч уусан юм. Тэгээд удалгүй манай гэрт Туяа, Б  гэх хоёр хүн орж ирээд бид гуравтай нийлж суугаад гурван шил архи авч уугаад сууж байтал манай хажууд байдаг Д  гуай орж ирээд худаг эвдэлчихсэн гэж хэлээд гараад явсан. Тэгээд архиа ууж дууссаны дараа Туяа, Б  нар манайхаас гараад явсан юм. Тэгээд Д  ах орж ирээд худаг янзлах талаар юм ярьж сууж байснаа хотоос ирсэн хүүхний гарыг нь атгаад найз болно гээд байсан. Тэгээд би юм хэлээгүй нөгөө талын өрөөний орон дээр хэвтэж байтал Д  ах Т тэй юм яриад сууж байснаа түүнд хандан “намайг хөгшин гэж бодоод яах ав хэдүүлээ үеийн найзууд шиг байцгаая” гэж хэлэхэд нь би Д  ахад хандан “та одоо яв” гэж хэлэхэд гарахгүй суугаад байсан юм. Тэгтэл намайг нөгөө талын өрөөний орон дээр хэвтэж байтал Т  орж ирээд

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Á.Áàòæàðãàë 96.1-24.doc

 

надад хандан  “энэ ах чинь ямар сонин хүн бэ намайг оролдох гээд байна” гэж хэлсэн юм. Тэгээд нээх удалгүй манай эхнэр болон Д  ах хоёр гараад явсан байхаар нь би араас нь гараад хартал манай эхнэр Д  ах хоёр үнсэлдээд зогсож байх шиг харагдсан юм. Тухайн үед би эхнэрээ  загнаад ор гэхэд манай эхнэр гэрт орсон юм. Тэгтэл Д  ах араас орж ирэхэд нь би түүнийг дагуулаад гэрээс авч гарсан юм. Тухайн үед би хутга хаанаас авсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Гадаа гараад би Д  ахад хандан “та намайг бага доромжлоорой” гэж хэлээд бид хоёр маргалдаж зогсож байснаа давхралдан газар унасан юм. Тэр үед л би Д  ахыг санаандгүй хутгалчихсан юм шиг байна” гэв.

            Хохирогч Ц.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө би үхрээ услах санаатай хажуу айл болох Б ын гэрт нь орж худгийн түлхүүр авсан юм. Тэгээд үхрээ услах гэхэд худгийн шахуурга нь ажиллахгүй болохоор нь Б аас асуух гэж гэрт нь ороход Б  надад хандан “хоёулаа 13 цагийн үед цуг янзалъя” гэж хэлэхээр нь гэртээ орж байгаад 13 цагийн үед Б ын гэрт нь орох гэхэд гэр нь цоожтой байсан юм. Тэгээд 15 цагийн орчимд Б ынд ороход гэрт нь хүмүүс ирчихсэн архи ууцгааж байхаар нь би гараад явсан юм. Тэгээд 16 цагийн орчимд дахин Б ынд ороход тэднийд Б  түүний эхнэр бас хотоос ирсэн гэх нэг эмэгтэй хүн охинтойгоо хамт байж байсан. Тухайн үед Б  нэлээн согтуу байсан юм. Тэгээд намайг ороход Б  болон түүний эхнэр нь та нэгэнд орж ирсэн юм чинь архи уу гээд гурван удаа стканаар дүүрэн архи хийж өгснийг уучхаад жижиг өрөөнд нь юм яриад сууж байтал Б ын эхнэр Ундраа надад хандан “Д  ахаа хоёулаа хальт гарах уу” гэхэд нь би хамт гартал Ундраа надад хандан “Д  ах манай найз хотоос ирсэн байгаа танд нэг шил архи байна уу” гэж хэлэхэд нь би маргааш болцгооё гэж хэлээд тонгойгоод зогсож байтал Б  араас гарч ирээд эхнэрээ загнаад гэртээ оруулсан юм. Тэгэхэд нь би араас нь дагаад ортол Б  надад хандан “Д  ахаа хоёулаа гадаа гаръя” гэхэд нь би дотроо “надаас мөнгө гуйх гэж байна” гэж бодоод дагаад гарсан чинь гэв гэнэтхэн хутга ч харагдаад, би ч доошоо унаад Б  ч газар унасан юм. Тэгээд л ийм хэрэг гарлаа. Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Би гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гэртээ буюу Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт баг, Зөгийн дэнжийн 1-5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Ц.Д гийн цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Д гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө би үхрээ услах санаатай хажуу айл болох Б ын гэрт нь орж худгийн түлхүүр авсан юм. Тэгээд үхрээ услах гэхэд худгийн шахуурга нь ажиллахгүй болохоор нь Б аас асуухад Б  надад хандан “хоёулаа 13 цагийн үед цуг янзалъя” гэж хэлэхээр нь гэртээ орж байгаад 13 цагийн үед Б ын гэрт нь орох гэхэд гэр нь цоожтой байсан юм. Тэгээд 15 цагийн орчимд Б ынд ороход гэрт нь хүмүүс ирчихсэн архи ууцгааж байхаар нь би гараад явсан юм. Тэгээд 16 цагийн орчимд дахин Б ынд ороход тэднийд Б  түүний эхнэр бас хотоос ирсэн гэх нэг эмэгтэй хүн охинтойгоо хамт байж байсан. Тухайн үед Б  нэлээн согтуу байсан юм. Тэгээд намайг ороход Б  болон түүний эхнэр нь та нэгэнд орж ирсэн юм чинь архи уу гээд гурван удаа стканаар дүүрэн архи хийж өгөөд жижиг өрөөнд нь юм яриад сууж байтал Б ын эхнэр Ундраа надад хандан “Д  ахаа хоёулаа хальт гарах уу” гэхэд нь би хамт гартал Ундраа надад хандан “Д  ах манай найз хотоос ирсэн байгаа танд нэг шил архи байна уу” гэж хэлэхэд нь би маргааш болцгооё гэж хэлээд тонгойгоод зогсож байтал Б  араас гарч ирээд эхнэрээ загнаад гэртээ оруулсан юм. Тэгэхэд нь би араас нь дагаад ортол Б  надад хандан “Д  ахаа хоёулаа гадаа гаръя” гэхэд нь би дотроо “надаас мөнгө гуйх гэж байна” гэж бодоод дагаад гарсан чинь гэв гэнэтхэн хутга ч харагдаад, би ч доошоо унаад Б  ч газар унасан юм. Тэгээд л ийм хэрэг гарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,

 

гэрч Б.У-ийн:”…Хажуу айлын Д  ах гаднаас орж ирээд Б тай архи хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дууссаныхаа дараа гүний худгийн талаар ярилцсаар гэрээс гарсан юм. Тэгтэл удалгүй Д  ах гаднаас буцаж орж ирээд танай нөхөрт хутгалуулчихлаа гэж хэлэхэд нь би хартал зүүн гарынх нь дээд талаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

гэрч Д.Т ийн:”…Тэгээд Ундармаа болон нөгөө хөгшинтэй хоорондоо юм яриад инээлдээд сууж байхад Б  нөгөө өрөөнөөс босож ирээд нөгөө хөгшинд хандан “ хоёулаа гаръя” гэж хэлээд дагуулаад гарсан юм…Тэгээд нээх удалгүй нөгөө хөгшний цээжнээс нь цус гарсан орж ирээд “Б  намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дахь тал/,

эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг хураан авсан тэмдэглэл /хэргийн 3-4 дахь тал/,

хохирогч Ц.Д гийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 26-32 дахь тал/

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1137 тоот акт.

1. Ц.Д гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Гэсэн дүгнэлт /хэргийн 24 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэлт, бүрэлдэхүүний шинжүүдийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Б Б ыг холбогдуулан Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иймд Б  овогт Б Б ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч Ц.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Б аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна /хэргийн 51 дахь тал/.

 

Шүүгдэгч Б.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.Д д төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж эдлэх ёстой ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой юм гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахаар тогтоолд заасан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Б Б ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Б Б д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар Б.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг футволк, хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Б.Б д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

     

 

ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН

                                   

                ШҮҮГЧИД                                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                         

              Д.ОЮУНДАРЬ