Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2011/0155/Э/Н/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/,

хохирогч Д.Д , С.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт Б овогт М.Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023543 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт М.Г  /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял эдэлж байгаагүй.

 

Шүүгдэгч М.Г , С.Г  нар нь бүлэглэн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 13-14 цагийн орчим Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хариг барилгын материалын дэлгүүрийн гаднаас саарал өнгийн эксель маркийн автомашин ашиглан иргэн С.У ын радиатор /орос/-ыг хулгайлж, 126.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт мөн согтуурсан үедээ 2010 оны 11 дүгээр сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр дээр “Э Ц” ХХК-ны ажилчдын автобусанд иргэн Д.Д  автобуснаас буу гэж хэлж маргалдсан ялимгүй зүйлийг шалтаг болгож уурлан улмаар ямар ч шалтгаангүй түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, мөн энэхүү танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн С.А ийн нүүрэн тус газар нэг удаа мөргөх зэрэг байдлаар хүч хэрэглэн зодоон үүсгэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Би 2010 оны 9 сарын 28-ны өдөр Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хариг” нэртэй барилгын материалын дэлгүүрээс 7 ширхэг нэг ком паар хулгайлаад эзэнд нь буцааж өгсөн юм. Тэгээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр архи уусан үедээ 17 цаг 40 минутын орчимд “Э Ц”ХХК-ны автобус ирэхээр нь харих санаатай суусан юм. Тэгээд намайг автобусанд ороход Д  намайг согтуу байсан болохоор гадуурхан автобуснаас гар гэсэн.

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\М. Г  145.2, 181.2.2-27.doc

 

Тэгээд би Д ын мөрөн дээр нь нэг удаа дарсан юм. Д ын хамар нь угаасаа урьд өмнө нь мурий байсныг би үйлдвэрийн ханан дээр байдаг зураг наас харсан юм. Тэр үед А  бид хоёрыг салгах гэхэд би гараараа дэлссэн юм шиг байна. Тэрнээс биш би А эд бас гар хүрээгүй” гэв.   

 

Хохирогч Д.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Г  намайг зүгээр сууж байхад цехийн даргатайгаа маргалдаж байснаа ирээд хүн цохичхоод цохиогүй гэж бүхэл бүтэн нэг жил намайг худал гүтгэлээ. Энэ хүн намайг санаатай хүчтэй цохичхоод хүн гүтгэж байна. Би Г т гүтгүүлснээс болж бүхэл бүтэн нэг жил гаран сэтгэл санааны хохиролтой явлаа. Хүний хажуунаас авахуулсан зургийг хараад хамар нь угаасаа мурий байсан гэж худал гүтгэж байна. Таны хамарч бас хажуунаас нь харахад муруй байна шүү дээ. Тухайн үед та автобусанд согтуу орж ирээд хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байсан нь үнэн.  Маргааш өглөө нь та өөрөө надад хандан “би юу ч мэдэхгүй” байна гэж хэлж байсан удаа бас байгаа. Би энэ хүнд гомдолтой байна. Би хууль сануулах хуудас дээр үнэн зөв мэдүүлэг өгнө гэж гарын үсэг зурсан тул гагцхүү үнэн зөвийг мэдүүлж байна. Та цехийн даргатайгаа нийлж хуйвалдаж хулгай хийсэн удаа байдаг шүү дээ. Ер нь та архи ууж ажлаа хийдэггүй байсан. Би өөрт чинь хандаж хэлэхэд хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээнэ үү гэж хэлмээр байна” гэв.

Хохирогч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“…Г  дөнгөж саяхан асуултад хариулахдаа надтай уулзсан гэж хариулж байна. Би энэ хүнтэй уулзаагүй Г  намайг тухайн өдөр автобусанд цохисон нь үнэн болно. Би гомдолтой байна” гэв.

 

1. Шүүгдэгч М.Г , С.Г  нар нь бүлэглэн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 13-14 цагийн орчим Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хариг барилгын материалын дэлгүүрийн гаднаас саарал өнгийн эксель маркийн автомашин ашиглан иргэн С.У ын радиатор /орос/-ыг хулгайлж, 126.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.У ын:“...2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13-14 цагийн орчим “Хариг” барилгын материалын дэлгүүрийн зүүн хаалганы дэргэд тавиад худалдаж байсан Орос улсад үйлдвэрлэсэн 7 ширхэг халаалтын системийг /радиатор буюу секц/ хулгайд алдсан. Би тухайн үед халаалтын системээ хулгайд алдсанаа мэдээд хайтал манай төвд худалдагч ажилтай Зулаа гэдэг залуу таны халаалтын системийн хажууд цементийн үйлдвэрт ажилладаг Г , өөр 2 хүний хамт сууж байгаад эксель машинтай хөдлөөд явсан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дахь тал/,

гэрч Т.Э-ийн:“...2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би нөхрийнхөө хамтаар худалдаагаа хийгээд байж байтал манай дэлгүүрт үл таних 40 орчим насны борд уу царайтай туранхайвтар бараандуу хувцас өмссөн залуу шинэ Орос паар байна авах уу гэж асууж орж ирсэн. Манай нөхөр тэр залуугаас ямар паар вэ гэхэд гараад үзэх үү гээд манай нөхрийн хамт гарсан. Тэгснээ буцаж орж ирсэн, араас нь нөгөө залуу тэр залуугийн араас урд нь надтай цуг ажиллаж байсан Г  гэх залуу орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,

гэрч Ц.А-ын:“...Би пааруудыг үзээд өөрөө шалгаж үзэх боломжгүй байсан учир Удрахад очоод шалгуулчих гэхэд Г  надад тийш нь өгч болохгүй гэсэн тэр үед Г  надад би энэ паарнуудыг ажил дээрээс авчихсан юмаа гэхэд би чиний хулгай хийсэн юмын авахгүй гэхэд Г  машиндаа суугаад танихгүй залуугийн хамт яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

гэрч Л.С-ийн“...Намайг дэлгүүр дээрээ байж байхад сантехникч хийдэг Г  архи уучихсан халамцуу 7 ширхэг орос паар авах уу гэхээр нь дэлгүүрээс гараад хартал жижиг саарал өнгийн суудлын машины жолоочийн ар талын суудал дээр шинэ орос паар босгоод тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,

 

гэрч Г.М-ын:“...2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчим “Хариг” төвийн складанд ажлаа хийгээд байж байхад саарал өнгийн эксель машин орж ирсэн, тэр машинаас 2 хүн буусан нэг нь Г  гэх хүн байсан, тэр 2 надаас хуучин паар авах уу гэж асуухаар нь би үзтэл машины багаажид 3 хэсэг паар ачсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

Эд зүйлсийн үнэлгээний тайлан /хэргийн 32-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Шүүгдэгч М.Г  нь согтуурсан үедээ 2010 оны 11 дүгээр сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр дээр “Э Ц” ХХК-ны ажилчдын автобусанд иргэн Д.Д  автобуснаас буу гэж хэлж маргалдсан ялимгүй зүйлийг шалтаг болгож уурлан улмаар ямар ч шалтгаангүй түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, мөн энэхүү танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн С.А ийн нүүрэн тус газар нэг удаа мөргөх зэрэг байдлаар хүч хэрэглэн зодоон үүсгэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан болох нь:

хохирогч Д.Д ын:“…Би түүнийг Олон Улсын Худалдааны төв дээр буулгах гэхэд тэр автобусны арын хаалган дээр очоод эргэж хараад миний хамар луу гараараа нэг удаа цохиод дахин дайрч давшлаад баруун мөр хэсэгт цохисон гэтэл автобусанд сууж явсан харуул А  Г ын үйлдлийг таслан зогсоох гээд боль гээд түлхтэл тэр А ийн шүдийг цохиж хугалсан. Тэгж байхад Тогтох, Ц  хоёр сууж байснаа босож ирээд …Автобус 17 дугаар сургууль дээр зогсоход Г , Тогтох, Ц  нар гурвуулаа буугаад явчихсан юм. Тухайн үед Г  автобусан дотор надад юу ч хэлэлгүй цохисон. Бид хоёрын хооронд ямар нэг маргаантай асуудал байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дахь тал/

гэрч Д.Г-ын:”...Эхлээд хэн нь хэнийгээ цохьсныг би хараагүй харин дараа нь унаад босож ирэн Д  луу дайрч цохиж байсан эргүүлээд Г ыг Д  цохиж хоорондоо зууралдаад хэрэлдээд байсан. Тэгтэл тэр хоёрыг салгах гээд А  дундуур нь орж байсныг нэг харсан А ийн амнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76 дахь тал/

гэрч Ц.Н-ы:”...намайг суугаад явж байхад Г , Д  хэрэлдээд хоорондоо барьцалдаад муудалцаад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77 дахь тал/,

хохирогч С.А ийн:”…Тэгээд Олон Улсын Худалдааны  төвийн орчим явж байтал гэнэт Д  Г ыг буу гээд хувцаснаас нь татаад голын хаалгаар буулгах гэтэл Г  буухгүй болохоор нь Д   орхичхоод жолоочийн ар луу урагшаа явсан. Тэгсэн Г  Д ын араас зодолдоно гээд дайраад байхаар нь би Г ыг урагшаа явуулалгүй хориглоод яах гэсэн юм бэ гээл хориглоод байж байтал гэнэт намайг Г  мөргөчихсөн юм. Тэгэхээр нь би Г ыг зөрүүлээд нэг цохисон юм. Г ыг Д  буулгах гээд татаад явж байхад Д ын хамраас цус гарчихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дэх тал, 71-72 дах тал/,

гэрч С.Ч-ийн:”…Би автобусны арын суудал дээр очоод суусан. Тэгээд Г  ах урагшаа яваад цехийн дарга Балдорж, Д  хоёртой юм яриад байсан. Тэгээд Д тай юунаас болсныг мэдэхгүй байна хоорондоо хэрэлдээд барьцалдаад авахаар нь хүмүүс наад хүмүүсээ болиулаач ээ гэхээр нь би Г  ахыг салгаад 17 дугаар сургуулийн буудал дээр буулгаад таксинд суулгаад явуулсан юм…” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дах тал/,

гэрч Р.Ч-ийн:”…Тэр хоёр маргалдаад буух суух дээрээ тулаад хэрэлдэж түлхэлцээд хойшоо явцгаасан тэгэхэд хүмүүс шуугиад больцгоо гээд Д  Г ыг буу гээд л хөөгөөд байсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,

гэрч Г.Б-ын:”…Д  Г ыг автобусны голын хаалгаар буулгах гэж байхад Г  Д ын дух хэсэг рүү нь нэг цохиж байгаа харагдсан зөрүүлээд Д  бас өшиглөж байсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

 

Иймд  М.Г ыг С.Г тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг автомашин ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар,

Мөн М.Г ыг догшин авирлаж бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Г  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 65 дахь тал/.

 

Шүүгдэгч М.Г  нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 126,000 төгрөгийг төлсөн бөгөөд танхайрах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д  нь сэтгэл санааны хохиролд “1.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй тул  энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 Харин хохирогч Д.Д  нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Г  нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт М.Г ыг  бусадтай  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

 Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэнийг эсэргүүцэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М.Г т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялд нь, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил  хорих ялыг багтааж, М.Г ын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.Г ын энэ хэрэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоног, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоног нийт 137 /нэг зуун гучин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Г ын эдлэх 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар М.Г  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М.Г т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар М.Г ын “Nokia 3310” маркийн гар утас, ...дугаарын сем картыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаар тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар хохирогч Д.Д  нь сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан М.Г т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг М.Г т мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Г т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                                

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН